Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Нарангэрэл: Монголд шударга ёс тогтоох гэж шүүх хуралд оролцсон
Нийслэлийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Үүнтэй холбоотойгоор түүний өмгөөлөгч С.Нарангэрэлтэй цөөн хором ярилцлаа
.


-Нийслэлийн шүүх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Та давж заалдах шатны шүүх хуралд ямар дүгнэлт хийж байна вэ?
-Зохион байгуулалттайгаар найруулсан “жүжгийг” давж заалдах шатны шүүх хурал үргэлжлүүллээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Н.Энхбаяр даргыг дөрвөн үндэслэлээр буруутгаж ял оноосон анхан шатны шүүхийн гурван шүүгч, давж заалдах шатны шүүхийн мөн гурван шүүгч, хэрэгт анхнаасаа хя­налт тавьсан хоёр прокурор урьдчилан бэлтгэсэн улс төрийн захиалгыг биелүүлсэн гэж үзэж байна. Н.Энхбаярыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй гэсэн зарим хүн үүнд нөлөөлсөн.
-Цаашид хяналтын шат­ны шүүхэд хандана биз дээ?
-Манай дотоодын хууль тогтоомжийн хүрээнд хоёр шат үлдээд байна. Хяналтын буюу Улсын Дээд шүүхэд хандана. Гэхдээ өмнөх хоёр шатны шүүх улс төрийн захиалга биелүүлж, яг адилхан шийдвэр гаргасан учир Улсын Дээд шүүхийг шударга ёс тогтооно гэдэгт итгэхгүй байна. Хэрэв хяналтын шатны шүүх давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээвэл дараа нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандана. Ингэснээр нийт шүүгчдийн хурлаар хэргийг хэлэлцүүлэх учиртай. Тэгээд ч шүүхийн шийдвэрт өөрчлөлт орохгүй бол Олон улсын шүүхэд хандах болно.
-Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг бүх шатны шүүх хэлэлцээд шийдвэр гаргасан байхад тэгж болно гэж үү?
-Н.Энхбаяр гэдэг хүний хэрэг гэдгээр нь Олон улсын шүүхэд хандахгүй. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалахаар олон улсын холбогдох гэрээ конвенцод нэгдсэн. Эдгээр гэрээ конвенцын холбогдох заалтыг яаж хэрэгжүүлж, иргэний шударгаар шүүгдэх эрхийг хэр хангаж байгааг тогтоож өгөөч гэж Олон улсын шүүхэд хандана. Тэгсэн тохиолдолд Н.Энхбаяр даргад холбогдох 52 хавтаст хэрэг материалд дээрх асуудлаар дүн шинжилгээ хийнэ гэсэн үг. Битгий л ийм зүйл хийхэд хүргээсэй, дараагийн шатны шүүх. Тэгээд ч би шүүх хуралд зөвхөн Н.Энхбаярыг өмгөөлж, түүний эрх ашгийг хамгаалах гэж оролцоогүй.
-Олон нийт таныг тэгж л ойлгож байгаа.
-Монгол Улсад шударга ёс тогтоох гэж шүүх хуралд оролцож байгаа. Тэрнээс биш нэг хүнийг хамгаалахын тулд ингэтлээ улайрч ч байгаа юм биш. Давж заалдах шатны шүүх хурлаас үзвэл, манай улсад иргэн шударгаар шүүгдэх эрхээ эдэлж чадахгүй байна. Үүний эсрэг бүгдээрээ нэгдэж тэмцэх цаг болжээ.
-Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Н.Энхбаяр хэрхэн хүлээж авсан бэ. Та түүнтэй уулзсан уу. Бие нь ямар байгаа бол?
-Шүүх хурлын өмнө ч, дараа нь ч даргатай уулзсан. Бие нь их тааруу байгаа. Шүүх хурлын өмнө уулзахдаа “Хүмүүсээс авсан мэдээллээр бол танд найдлага байхгүй” гэдгийг хэлсэн. Тэгэхэд дарга “Харин тийм ээ. Тэгж бодож сууна” гэсэн. Шүүх хурлын дараа уулзахад “Сүүлийн 20 жилд ингэж шат шатандаа улс төржиж шийдвэр гаргах хэрэг байна уу” гэж надаас асуусан. Би “Судалъя” л гэсэн.
-Өмнө нь та “Н.Энхбаяр даргад зохиомол хэргээр ял оноолоо. Энэ зохиомол хэргийг зохиогч нь ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж” гэж хэлсэн. Яагаад ингэж дүгнэх болов. Танд нотолгоо бий юү?
-Н.Энхбаяр дарга бол төр засгийн бүхий л өндөр албан тушаалыг хашсан хүн. Олон ч хүнийг өндөр албан тушаалд дэвшүүлж, өөд нь татсан. Тухайн үед даргад зусардаж, бялдуучилж явсан хүмүүс бусармаг үйлдэл хийчихээд “Үүнийг хэн хийв” гэхэд Н.Энхбаяр гэж, даргад бүр “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэр өгсөн шүү дээ. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа “Одоо л энэ хүний амыг баръя” гэж хавтаст хэрэг нээсэн. Үүнийг тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж зохион байгуулсан. Түүний шууд удирдлага дор байдаг УМБГ эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ. Сүүлд АТГ шалгасан. Энэ бүхэн баримтаар тогтоогдсон.  

Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан