Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гуравдагчийн хүүд гуравхан сарын ”эрдэм” хангалттай
-Э.Батшугар гуравхан сарын дотор яаж цэргийн алба хаачхав-

Би эр хүн. Би Монгол эр хүн. Гэхдээ дуунд гардаг шиг дээшээ омогшдог монгол эр хүн гэж онгирохгүй ээ. Гэлээ гэхдээ эх оронд минь цөвүүн цаг ирэхэд үхэр буу нь байг гэхэд ямар ч байсан дайснуудын амийг хөнөөх зүйл бариад босох зүрх зориг надад бий. Би цэргийн алба хаагаагүй. Уг нь хаах л ёстой, хуулиараа бол. Надад хаах боломж байсан. Ар гэрийн шалтгаанаас болоод хаагаагүй. Ер нь, бол цэвэрхэн бултчихсан гэх үү дээ. Нэгэн дурсамж хуучлая. Одоогоос гурван жил гаруйн өмнө. Тавдугаар сард нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болсон юм. Надад цэргийн зарлан ирэв. Тэр үед эхнэр маань тулгар биетэй, хэзээ мөдгүй төрөхөд бэлэн байв. Би ч өмнө цэргийн штабын даргын хэлснээр хүндэтгэх шалтгаан болох “Эхнэр хөл хүнд. Хэзээ мөдгүй төрөх дөхсөн. Тиймээс намайг энэ удаад цэргийн албанаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтээ цаасанд буулгаад цэргийн комиссоор орсон юм. Дүүргийн цэргийн штабын дарга хэлсэн болохоор чөлөөлж өгнө гэдэгт итгэлтэй байлаа. Бусдын л адил хувцас хунараа тайлаад эр хүн яаж цэргийн комиссоор ордог уу, яг л тэгж орсон. Үзүүлсэн, харуулсан, тэнцсэн. Эцсийн мөч гэх үү дээ, цэргийн штабын даргад өргөдлөө барьсаар хүрч очив. Гэтэл цэргийн штабын дарга, “Ийм сайхан хүүхэд цэргээс бултана гэж юу байхав. Цэргийн алба хаана гэдэг чинь эр хүний бахархал байдаг юм. Чамайг би гоё ангид хувиарлаж өгье гээд Зэвсэгт хүчний 032 буюу Хүндэт харуулын ангид хуваарилаад цэргийн үүрэгтний үнэмлэхний ард тамга дараад орхидог юм байна. “Та өргөдлөө бичээд ир гэсэн биз дээ” гэхэд “Зүгээр ээ хүү минь. Цэрэгт явах хүн олдохгүй, хүний тоо дутаад байна. Бид хүнээ гүйцээхгүй бол арга хэмжээ авахуулдаг юм” гээд миний хүндэтгэх шалтгаан болох хүүхэд төрөх гэж байгаа гэсэн шалтгааныг үл тоов. Цэрэг яаж татагддав яг л тийм жамаар үг өчиггүй үс хусчихдаг юм байна. Харин үүнээс болж тэр өдөр манай ажлынхан нэлээдгүй сандралдсан шүү. Дээр дооргүй утас цохиж, дарга цэрэггүй явж байж л би тэндээс “мултарсан” гэх үү дээ. Энэ бол нуугаад байх юмгүй гарцаагүй үнэн. Үүнээс хойш цэргийн зарлан олон ч авсан. Энэ бүхнээс бултах гэж ёстой эр хүний 13 мэхээ ашигласан гэх үү дээ. Эцэс нь хийх мэх ч үгүй болсон. Цэргийн алба хаах л үүрэгтэй юм болохоор биеэр дүйцүүлэхээр хааж байгаа, одоо. Хуулиараа хоёр жилийн хугацаанд хаах ёстой. Армийн сүрт жагсаалд эр цэргүүдтэй хөл тавьж алхаагүй ч үеийн хэдэн нөхөдтэйгээр дүйцүүлэхээр цэргийн алба хааж яваа нэгэн.

Гэтэл маньтайгаа адил цэргийн алба хаагаагүй байсан хүн гуравхан сарын дотор цэргийн алба хаачихыг хараад үнэндээ гайхаж байна. Үнэхээр гуравхан сарын дотор цэргийн алба хаалгадаг газар байдаг юм болов уу гэсэн сураг алга аа. Цэрэгт татагдсан хойноо эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө халагддаг л гэж учир мэдэх, цэргийн алба хаасан хүмүүс ярьж байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг цэргийн алба хаагаагүй учир Сонгуулийн Ерөнхий хороо сонгуульд өрсөлдөх эрхгүй гээд бүртгэж аваагүйг эрүүл ухаантай хүн бүр мэдэж байгаа. Гэтэл сонгуулиас хойш гурван сар өнгөрч, УИХ-д “Шударга ёс” эвслийн гишүүн Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүнийхээ тангарагийг өргөх тухай ярьж эхэлмэгц өнөөх Э.Батшугар чинь харин цэргийн алба хаасан болоод гараад ирдэг юм байна. Батлан хамгаалах яамнаас түүнийг цэргийн алба хаасан гэсэн бичиг өгсөн тухай “Шударга ёс” эсвлийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг хэлсэн. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярьснаар бол Э.Батшугар цэргийн алба хаасан гэсэн бичгийг БХЯ-наас авсан. Түүнийг харвал цэргийн алба хаасан гэж хэлэх бүрэн үндэслэлтэй гэх.
Тэгэхээр БХЯ ямар бичиг гаргаж өгсөн байж таарах уу. Үлгэрт гардаг шиг нээхээр цэргийн алба хаасан гэж уншигддаг иш шидийн цаас байж таарах уу, юу юм бол. Үүнийг БХЯ-наас асуумаар байна.

Нөгөөтэйгүүр Э.Батшугараас “Та цэргийн алба хаана хэрхэн ямар байдлаар хаасан юм. Биеэр хаасан бол хаана ямар ангид, дүйцүүлэх хэлбэрээр бол ямар хэлбэрээр хаасан бэ” гэдгээ хүмүүст илэн далангүй хэлмээр санагдах юм. Үүнийг танаас асууж байна. Та хариулахгүй байж болох ч, хариулахгүй байж болохгүй. Хэрэв таныг ийм байдлаар танил талаараа цэргийн алба хаасан гэсэн бичиг БХЯ-наас авчихсан бол эх орныхоо манаанд зогсох эр цэрэггүй болох нь. Хүн болгон амар хялбар аргыг л сонгох нь дамжиггүй. Яагаад гэвэл одоо хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар эхлэх гэж байна. Энэ үед үүнийг сонссон цэргийн насны залуус тантай ч ёстой нэг барьцана даа. Тэгэхээр Э.Батшугар та цэргийн албанд онжавуудтайгаа авахуулсан зургаа үзүүлэхээс нааш энэ гомдол тасрахгүй л болов уу. Ер нь, энүүхэндээ гэхэд би ч гэсэн гурван сар гадуур явж байгаад цэргийн алба хаасан гэсэн бичиг аваад, цэргийн үүрэгтнийхээ үнэмлэх дээр цэргийн алба хаав гээд тамга даруулчихмаар л санагдаад байна шүү.
Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл
Ерөнхий дөө дажгүй шүү гэхдээ манайд бол мөнгө хаана байна тэр талд л хууль үйлчилдэг шүү дээ Мөнггүй бол цэрэгтээ яваа ...
даваабаатар маанаг минь дүйцүүлэх алба гэдгийг чинь биеэр хаадаггүй, мөнгөөр төлдөг юм ш дээ маанаг сэтгүүлч өмхий оргогч
тун дажгүй болжээ... Яагаад ч юм надад Та хариулахгүй байж болох ч, хариулахгүй байж болохгүй гэдэг үгүүлбэр таалагдав
Хамгийн их уншсан