Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГУДАМЖИНД ГАРСАН МАН
Шууд болон шилжсэн утгаараа Ардын намынхан яалт ч үгүй гудамжинд гарчихлаа. МАН байгаа үгүй нь мэдэгдэхгүй, хүмүүс ч тэднийг сонирхохоо болив. Гэхдээ уржигдар нэг хэвлэлийн бага хурал зарласныг эс тооцвол шүү дээ. Шинэчлэгдэж байна, үүд хаалга маань хэнд ч нээлттэй боллоо, манайх ард түмний нам болсон л гэнэ. Ардын гэсэн нэртэй ч дарга нарын нам байсан бол энэ долоо хоногоос ард түмний нам болж байгаа юм гэв үү. Шинэчлэгдэхгүй мөртлөө шинэчлэлийн тухай хамгийн их ярьдаг хүмүүс зөвхөн МАН-д л байсаар. Хоёр гурван намын даргын нүүр үзсэн мөртлөө л бахь байдгаараа байгаа нь гарцаагүй үнэн. Шинэ дарга томилогдсон мөртлөө л хуучнаа давтан давтан ярих. Худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэдэгт итгэдэг байж ч болох юм.   
Унасан хүн ууртай гэдэг шиг бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь харж, өөрсдийг нь шоовдорлоод байгаа мэтээр ойлгодог нь сөрөг хүчин байхын гол шинж чанар. Тийм ч болоод МАН-ынхан Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар намынх нь хүчийг сулруулах гэсэн оролдлого хийлээ гэж үзэж, ойлгож, итгэж байна. Анхдугаар чуулган хуралдахад намынхаа Бага хурлыг хуралдуулаад бүлэг байгуулах тухайд анхаарал хандуулаагүйд тэдний буруу огт байхгүй. Монгол Улсын бараг бүх хуулийг бичиж зохиосон хүмүүсээр дүүрсэн нам мөртлөө УИХ-ын тухай хуульд байх “24 цагийн дотор бүлэг байгуулах хүсэлтээ өгөх” гэдгийг санаандаа авч, дарга нартаа сануулаагүй нь харамсалтай ч гэмээр юм уу. Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй. Хүсэхэд хясна гэгчээр Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гээд хэд хэдэн чухал асуудалд хувь нэмрээ оруулж чадаагүй МАН-ынхан цухалдахаас илүүг хийж чадахаа байж. Тийм хүчгүй ч болж. Жинхэнэ утгаараа сөрөг хүчин байх эрх тэдэнд маш үнэ цэнэтэйгээр ирэх нь нэгэнт тодорхой боллоо. УИХ-ын зарим гишүүн нь “Хуулийн жижиг заалтаар шалтаг хийж манай намыг бүлэггүй байлгаж байна” гэж тайлбарлана. Парламентад гурав дахь удаа сонгогдсон гишүүн гэхэд хуулийг жижиг, том заалттай гэж ярих нь харамсалтай. Нэг зүйлийг улиг болтол нь ярьж, байнга гомдол мэдүүлж буй болохоор ч тэр үү тэдний үг бусдад хүрэхээсээ илүүтэй уйтгар төрүүлж залхаах шиг. Анхнаасаа шинэ парламентад  эвгүй байдалтайгаар ажлынхаа гарааг эхлүүлсэн МАН-ынханд хазайсан суудал засах засал хийлгэж, мэнгэ голлосныг нь тэгшлэх ном уншуулах хэрэгтэй мэт. 

УИХ-д байгаа хэд нь нэг иймэрхүү байдалтайгаар анхдугаар чуулган, ээлжит бус чуулганыг өнгөрүүлсэн. Харин намрын чуулганы хэсэг хугацааг бүлэггүй 25 сул гишүүн хэвээр үргэлжлүүлэх нь. Ядарч байхад нь МАХН-ынхан байнга шахуу тэднийг хүнд байдалд оруулна. Долоо хоногийн зайтайгаар 400 гаруй гишүүнийг нь урвуулчихсан. Энэ долоо хоногийн эхээр 100 гишүүн нэмж урвуулснаар 500 гаруй шинэ гишүүнтэй боллоо. Ардын намын шинэхэн генсек “Манай намд олон гишүүн элсч байгааг сүр дуулиан болгохгүй” гэж сэтгүүлчдийн өмнө мэдэгдэл хийснийхээ маргааш буюу өчигдөр Нийслэлийн МАН-ын хороондоо 300 гишүүн элсүүлэх ёслол хийв. МАХН руу 500 гаруй гишүүнээ алдсаны дараахан “Бид МАХН-аас МАН руу явж байна” гэж хэсэг залуусаар жүжиг тоглуулсан. МАН 2012 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс эхэлж олны төлөө ажилладаг хүмүүсийн нам болж буйг зарлав. “Олны төлөө гэсэн сэтгэлгүй зөвхөн албан тушаалын төлөө яваа хүмүүс байвал манай намаас гарч болно” гэж эрхэм генсек хэлсэн. Тэгэхээр МАХН руу явах нэгнийг яв гэж шууд хөөсөн гэж ойлгож болох нь. Олон хүний харж байгаагаар МАН бол албан тушаалд хүрэх нэг шат дамжлага байсан. Сүүлийн хэдэн жил МАН-ын гишүүн л бол албан тушаалд саадгүй томилогдож байсансан. Мөнгөтэй залуус хэдэн сая, тэрбумаар нь намдаа хандив өргөж, гэнэт дэд сайд болтлоо суга дэвшиж байсан нь саяхан. Ардын намын эрхэм дарга нар өөрсдийнхөө туулж ирсэн замналыг умартаагүй байлтай. Одоогийн нөхцөл байдалд МАН-д хүмүүс албан тушаал горилж элсэхгүй нь тодорхой. Тэднийг сайжруулсан ч юм уу муу хувилбар ч юм уу тун чиг адил төстэй тусгал нь МАХН  болоод хувирчихлаа. Хадаг барьж “Ах аа, намайг бодоорой...” гэх МАН-ын залуу халаа МАХН-аар нэг дүүрч буй болохоор тэднийг албан тушаал горилогчид хэмээн тодорхойлов. Ингээд тэд ирээдүйн боловсон хүчнүүдээ өрсөлдөгч намдаа алдаж эхэллээ.

Даваа гарагт УИХ-ын намрын чуулганы нээлттэй давхцаж нэгэн жагсаал боллоо. Захиалагч нь МАН. МАН-ыг дэмждэг гэх хэдэн залуус баахан лоозон барин жагсав. Гэхдээ жагсаалын мандан бадралын үеийнх шиг чанартай байсангүй ээ. Чанар биш тоог чухалчилсан бололтой. НАМЗХ-ныхоо 2000 гишүүнийг лоозон бариулан “Н.Энхбаярыг хууль бус үйлдлээ таслан зогсоо” гэж шаардав. Харчирхалтай нь, шоронд хоригдож буй хүнийг хууль бус үйлдэл хийлээ гэж жагссан нь байгаа оноогүй мэт санагдав. Бодвол МАН-аас МАХН руу битгий урвуулаад бай гэсэн санаатай эсэргүүцэл юм болов уу. Парламент дахь 25 сул гишүүн, хэдэн зуугаар нь алдсан намын гишүүн, тэднийхээ араас харамссан хэвлэлийн хурал, жагсаал цуглаан гээд 90 жилийн яруу алдарт түүхэндээ ингэж доош орж байгаагүй МАН энэ л цаг үед гудамжинд гарч “лааз өшиглөж” байгаа нь хэний буруу вэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан