Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОНГУУЛЬД ХАМТРАХ АМАН ХЭЛЭЛЦЭЭР БАЯРТАЙ
Засагт хамтарсан намууд Орон нутгийн сонгуульд ч биенээ дэмжиж, хамтран оролцоно гэж гэрээ хийсэн тухай мэдээлэл гарсан. Тун удахгүй уг сонгууль болно. Харин намууд нэгнийгээ дэмжиж, хамтрах эсэх нь тодорхойгүй явна. Намууд дор бүрнээ л сонгуульд бэлтгэсээр. Нэр дэвшигчдээ ч шалгаруулаад эхэлчихэж. СЕХ зохион байгуулалтын ажлаа өрнүүлж, тойрог хэсгийн хороодоо байгуулжээ. Гэтэл улс төрийн хүчнүүд өнөөг хүртэл хамтрах эсэхээ тодорхой болгоогүй, хэрхэхээ бодон суусаар л байна. Арга ч үгүй биз. Эвслийнхэн дотроо бужигнаж, өөр хоорондоо нааш цааш шилжих хөдөлгөөн хийж, МҮАН-ын дарга нь МАХН-ынхаа удирдагчийг хэвлэлээр нясалж, бараг л шоронд оруулсан ч яахав бололтой зүйл ярьсан байх. Тодруулбал, Н.Энхбаярыг 100 хувь буруугүй гэж хэлэхгүй гэсэн нь хачирхалтай. Шүүхээс ял сонсохоос нь өмнө хөтлөлцөн гүйж, хайр дурлалаа илэрхийлэн эвсч, эвцэлдсэн биш билүү. Бүр хоёр намаа нэгтгэнэ гэж ам өчиг өгч байсан. Гэтэл өнөөдөр ийнхүү ярьсан нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Тиймээс МҮАН-д хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан Ц.Цолмон МАХН тийш урвав. Өнөөдөр аль намд орох нь хувь хүний л сонголт гэж тайлбарлаж байгаа ч үүний цаана ямар нэг зүйл, зорилго бий гэсэн хардлага төрүүлсэн хэвээр. Гэхдээ тэр нь ойрын хугацаанд илрэхгүй биз. Ерөнхийдөө энэ мэт байдлаас болж эвсэл түнжин хагарч байгаа гэсэн яриа байна. Бор шувууд МҮАН-аас МАХН руу нүүдэллэх үйл явц үүгээр дуусахгүй гэж жиргэх. Магадгүй хоёр нам нэгдэх үйл явцыг Ц.Цолмон эхлүүлж байгаа ч юм билүү. Тэрээр араасаа хэчнээн хүн дагуулах булган сүүлтэй бол гэдэг нь ч сонирхол татна. Цөөн үгээр хэлбэл, эвсэл доторхи маргаан, нүүдэл суудлаас үүдэн орон нутгийн сонгуульд хамтрах асуудал замхарсан гэхэд хилсдэхгүй биз. Дээрээ суудлаа олохгүй жийлцэж байхад доороо хэрхэн гүйдлээ олох билээ, эвслийнхэн. Энэ завсар ИЗНН яахаа мэдэхгүй таг дуугүй суусаар. Зөвхөн сонгуульд оролцох нь үнэн. Харин хэнтэй, хэрхэн хамтрахаа тодорхойлоогүй сууна. АН-ын хувьд их бужигнааныг ажиглан сууж, төвшин амгалан болохыг нь хүлээсээр.

Ийнхүү аль аль тал нь шийдэж ядан суух хооронд нь Аймаг, сум дүүргийн иргэдийн хурлын сонгуулийн галт тэрэг аль хэдийнэ гараанаас хөдөлж, барианы зурхай тийш хурдалчихлаа. Тиймээс намууд сонгуульд нэгнээ дэмжиж, өөд татан оролцоно гэдэг нь талаар болж байх шиг. Өнөөдөр хийгдээгүй, ядаж ярианы төвшинд ч ойлголцоогүй байгаа хамтран оролцох гэрээний асуудал лав шийдэгдэхгүй явсаар санал авах өдөртэй золгох бололтой.

Энэ талаар МҮАН-аас парламентад сонгогдсон Д.Батцогтоос тодруулахад “Хамтран оролцох талаар ярьсан л даа. Одоогоор яаж оролцохоо шийдээгүй байгаа. АН-ын орон нутаг дахь гишүүд нь дангаараа орох сонирхолтой байх шиг. Магадгүй хамтрах юм бол АН-аас нэр дэвших хүмүүсийн тоо цөөрнө. Энэ асуудлыг нам дотроо ярина. Ямартай ч, МАН-тай л хамтрахгүй, дэмжихгүй” гэв. Тэрээр тус нам дангаар сонгуульд оролцохгүй гэв. Багийн тоглолт хийхгүйгээр орох нь эрсдэлтэй аж. Мөн хөдөөд буй гишүүнчлэлийн хувьд ч тааруу учир хүндрэл гарах нь тодорхой. Үүнээс гадна зардал мөнгө гэдэг том асуудал тулгарах тул бүх зүйлийг нарийн сайн тооцох шаардлагатай гэж байлаа. Харин АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь “Одоогоор хамтрах талаар ярьсан зүйл алга. Магадгүй парламентын ээлжит сонгуульд оролцсон шигээ явж, санал хураалтын үр дүн гарсны дараа Засгийн газарт хамтран ажилласан шигээ гэрээ байгуулан ажиллах болов уу. Тэгээд ч өнөөдөр сонгууль эхэлчихлээ шүү дээ” гэсэн хариу өглөө. Тэгэхээр энэ сонгуульд хамтран оролцоно гэдэг худлаа болж байна. Иймээс тус тусын зам мөрийг хөөж, орон нутагт яаж ялалт байгуулахаа дор бүрнээ бодох хэрэгтэй болж. Магадгүй энэ удаад хамтраагүй ч ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулиар дэм дэмэндээ явах боломж ч бий.
Юутай ч, орон нутгийн сонгуульд хамтрах аман хэлэлцээр баяртай болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан