Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТОМИЛГООГООР ТӨГССӨН ДОЛОО ХОНОГ

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, гишүүнийг томилсон юм. Харин Засгийн газар бямба гарагийн хуралдаанаар ОБЕГ, Худалдан авах ажиллагааны газрын даргыг томилжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий хорооны хуралдаан баасан гарагт болж халаа сэлгээ хийсэн. Эдгээр томилгооны эзэн хэн байсан тухай хүргэе.

Олныг гайхшруулсан томилгоо

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн эхний томилгоо бол Монголбанкны дэд ерөнхийлөгч байлаа. Энэ албан тушаалд УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдаанаар Э.Батшугарыг томилсон юм. Гэвч олон түмэн энэ томилгооны эзнийг тийм ч таатай хүлээж авсангүй. Тиймээс олныг гайхшруулсан, эгдүүцүүлсэн томилгоо байлаа гэж хэлж болох нь.
Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Э.Батшугар 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д суралцан бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрээр 2000-2008 онд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засагч, санхүүч мэргэжлээр дүүргэсэн байна. 2008-2010 онд “Жи Пи Морган” банкинд санхүүгийн мэргэжилтнээр, 2011-2012 онд “Сод маргад” компанийн гүйцэтгэх захирал, 2012 оноос МАХН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрээр Монголбанкны хамгийн залуу дэд ерөнхийлөгчөөр тодорч байна. Өдгөө 25 настай түүнийг “Аавынхаа нүгэл, буянаар дэвшиж явна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэрэг төвөгт орооцолдоогүй бол хүү нь ингэж тодрохгүй байлаа. Боловсрол, туршлага дутуу, хүүхдээрээ хүнийг Монголбанкны дэд ерөнхийлөгч болгож байхдаа яах вэ” гэж шүүмжлэх хүн цөөнгүй.
Юутай ч, Э.Батшугар Монголбанкны ерөнхийлөгчөөр зургаан жилийн хугацаатай ажиллана. Энэ хугацаанд боловсрол, туршлага, ур чадвартай, хариуцлагатай банкир гэдгээ харуулах чухал үүрэг биелүүлэх нь.    

СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэнг томиллоо

УИХ-ын чуулганаар СЕХ-ны дарга Н.Лувсанжавыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнг томиллоо. Чуулганы хуралдаанаар СЕХ-ны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Н.Лувсанжав дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч байгаа юм биш. Өгөхөөс өөр аргагүй байдалд хүрээд өргөдөл гаргаж байгаа” гэв. Харин УИХ дахь АН-ын гишүүд асуудлыг ингэж улс төржүүлэхгүй байхыг анхааруулж байсан юм. Н.Лувсанжавын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгсөн гэдгийг СЕХ-ны шинэхэн дарга Ч.Содномцэрэн хэлж байв. Түүний хашиж байсан ажилд Б.Алтанжаргалыг томилсон. Эрх зүйч мэргэжилтэй тэрээр Хөдөлмөрийн яаманд Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, СЕХ-ны гишүүний алба хашиж байжээ. Мөн СЕХ-ны гишүүнээр Д.Дэлгэрцогтыг томилсон юм. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон билээ.   
   
ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Засгийн газрын уржигдрын хуралдаанаар хоёр агентлагийн даргыг томиллоо. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Т.Дуламдоржийг томилсон юм. Ц.Амгаланбаярын хувьд энэ албан тушаалыг дөрвөн жил хашсан нэгэн. Шинээр томилогдсон дарга Т.Дуламдорж нь Шадар сайд Д.Тэрбишдагвын зөвлөх байжээ. Тэрээр ОБЕГ-ын даргаар томилогдсон өдрөө  л ажлаа хүлээн авч, даргын зөвлөлөө хуралдуулсан гэнэ.   Мөн шинээр байгуулагдсан Худалдан авах ажиллагааны газрын даргаар Д.Энхжаргалыг томилжээ.

УБТЗ-ыг монгол хүн авч явна

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнгөрсөн баасан гарагт болж, төлөвлөсөн  асуудлаа хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Хурлаар Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн  яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны  бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын ерөнхий хорооны дарга, оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч  В.Н.Морозов, ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденов, Оросын төмөр замын Монгол дахь төлөөлөгч В.В.Морозов нар оролцжээ. Энэ хурлаар УБТЗ-ын дараагийн даргаар хэнийг сонгох бол гэсэн хүлээлт үүсч, хэд хэдэн хүний нэр яригдаж буй мэдээлэл байв. Тэгвэл УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Сэрээнэндоржийг томилжээ. Тэрээр УБТЗ-ын ерөнхий инженерээр ажиллаж байсан юм.

ЦЕГ-ын дарга ч томилгоо хийлээ

ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар хөрөнгө, орлогоо нуусан зарим хурандааг ажлаас нь халсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэдний оронд өөр хүн томилох тушаалыг Б.Билэгт гаргасан байна. Тухайлбал, П.Эрдэнэчулууныг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн даргаар,  М.Отгонбаярыг Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн даргаар,  Л.Батбаярыг  Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргаар, Г.Эрхэмбаярыг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргаар, Б.Даваазулыг Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргаар, Ц.Намсрайжавыг  Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргаар томилжээ. 

Э.Батшугар: Ажлаа хариуцлагатай, мэргэжлийн төвшинд хийнэ

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон Э.Батшугараас цөөн асуултад хариу авлаа.

-Нас залуу ч их хариуц­лагатай албан тушаалд томилогдлоо. Ажлаа юунаас эхлэнэ гэж бодож байна вэ?
-Монголбанк 2013 онд нийгэм, эдийн засгийн томоохон зорилт тавин ажиллаж байгаа. Зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө банкны хамт олонтой гар нийлж ажиллана. Ийм болохоор өөрийнхөө мэдлэг, туршлага, ур чадвар, эрч хүчээ дайчлан ажиллах болно. Надад УИХ ийм хариуцлагатай ажил даатгасанд их баярлаж байна. Би ажлаа хариуцлагатай, мэргэжлийн төвшинд хийх болно.

-Өмнө нь, гадаадын банкинд ажиллаж байсан хүний хувьд Монголбанкны үйл ажиллагааг шинэчлэх чиглэлд юу хийх вэ?
-Монгол Улсад тулгамдаж байгаа гол асуудал бол өндөр инфляц. Нийгмийн дундаж дав­харга, жижиг, дунд үйлд­вэр эрхлэгчдэд олгох зээлийн хүү өндөр байна. Энэ бүх асууд­лыг анхааралтай авч үз­нэ. Тэгээд ч энэ нь эдийн за­саг, нийгмийн асуудал гэж харж байгаа. Инфляцыг бууруу­лах, банкны хүүг багасгах чиглэлээр анхаарч ажиллана.

-УИХ-ын гишүүд улс тө­рөөс хараат бус ажил­лаарай гэж захиж байна билээ?
-Монголбанк Монголын эдийн засгийг авч явж байгаа маш том субъект. Тиймээс ямар нэг улс төрийн эрх мэдэлтнээс хараат бус байх ёстой. Би ийм л зарчмаар ажиллана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан