Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХОТЫН МАН НИЙСЛЭЛД 490 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ

Нийслэлийн МАН-д одоогийн байр буюу Хүүхэд залуучуудын ордны хойд хэсгийг чөлөөлж өгөх мэдэгдэл наймдугаар сарын 28-нд хүргүүлжээ. Түүнээс хойш МАН-ынхан биднийг байрнаасаа гар гэж хөөлөө гэж  гомдол мэдүүлж хэсэгтээ бужигнаж, зарга хийнэ гэж байв. Харин мэдэгдэл өгсөөр байтал биелүүлэхгүй байгаа учир шүүхээр шийдүүлэхдээ тулаад байна. Хэд хэдэн үндэслэлээр шүүхэд хандах аж. Нийслэлийн өмчийн байрыг түрээсэлж байсан байгууллага болох МАН-ынхан түрээсийн төлбөрөө барагдуулаагүй гэнэ. Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хууль зөрчиж буй гэж үзжээ.
Түрээслэгч МАН-ын өр 490 сая төгрөгт хүрчээ. Нийслэлийн өмчийн байранд “толгой хоргодсоны” төлбөр болох 490 сая төгрөгийг нийслэлийн МАН-ын хороо төлж барагдуулаагүй өрөнд унаад байна.

Ардын нам Тусгаар тогтнолын ордноо 2011 оны арваннэгдүгээр сарын 26-нд ашиглалтад оруулж, нээлтээ ёслол төгөлдөр хийж байв. Тэр үеэс хойш нийслэлийн МАН-ын хороо Хүүхэд залуучуудын ордны нэг хэсэгт байрлах болсон. Шинэ ордонтой болохоосоо өмнө МАН-ынхан энд төвлөрч байсан билээ. Харин нүүдэл суудал хийхдээ нийслэлийн өмчийн байранд хотын МАН-ын хороогоо үлдээгээд явсан. Түүнээс хойш өдийг хүртэл түрээсийн төлбөр мөнгө нь хагас тэрбум орчим төгрөг болчихоод байгаа мөртлөө нийслэлийн өмчид байрласан хэвээр. Уг нь тэднийг нийслэлийн өмчийн байрыг  суллаж өгөхийг шаардаад багагүй хугацаа өнгөрсөн. Гэсэн ч одоог болтол нүүх нь битгий хэл биднийг орон байргүй болгох гэлээ гэж хэрүүл зарга хийж яваа. Нийслэл шинэ удирдлагатай болж өөрийн өмчөө тоолж, өмчөөс гаргахыг нь хасч эхлээд байна. Тийм ч болохоор Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн 7.1-т заасны дагуу Хүүхэд залуучуудын ордноос нийслэлийн МАН-ын хороог гарахыг сануулжээ. Хуульд “Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэж заасан байна. Үүнээс гадна хэд хэдэн байгууллага, сургалтын газрыг нийслэлийн өмчийн байрнаас гарахыг сануулжээ.

Нийслэлийн өмчийн харил­­цааны газартай гэрээ хийж нийслэлийн өмчийн байрыг түрээсэлдэг аж. 2008 онд энэ газрын даргаар өөрийгөө “эсэргүү төлөөлөгч”  гэж нэрлэдэг Б.Ганбаатар томилогджээ. Түүний дараа Ч.Однасан гэгч ажиллаж байгаад хотын дарга асан Г.Мөнхбаярын хуулийн зөвлөх байсан Ц.Баасанжавыг Нийслэлийн өмчийн харил­цааны газрын дарга болгосон. Ц.Баасанжавыг бод­­вол Ч.Однасан нь багагүй хугацаанд энэ газ­рыг толгойлсон. 2008-2012 онд гурван даргын нүүр үзсэн Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлснээр 2009 оны байдлаар нэг их наяд 159 тэрбум төгрөгийн өмч хөрөнгөтэй гэж бүртгэсэн гэж Ч.Однасан тайлагнаж байсан удаатай.

Харин Ч.Однасан даргын үед “2011 оныг төр хувийн хэвшлийн түншлэлийн буюу өмчийн харилцаанд түшиглэсэн жил” болгон зарласан байна. Тэр дагуу ажлынх нь үр шим нь нийслэлийн өмчийн байранд хувийн хэвшлийн тодруулбал улс төрийн нам байрлуулж түншлэлээ бэхжүүлсэн бололтой юм. Өдгөө хотын  МАН-аас нэхэгдээд буй 490 сая төгрөг ердөө ганцхан байгууллагын түрээсийн төлбөр гэж бодож үзэхээр өөр бусад байгууллагын төлбөр мөнгө гэж чамгүй хөрөнгө гарах биз. Ганцхан байгууллагад гарсан зөрчлөөр нийслэлийн МАН-ын хороо нийслэлийг хагас тэрбум гаруй төгрөгөөр “шатаагаад” байна. Гэтэл өрөө дарах нь бүү хэл, нийслэлийн өмчийг чөлөөлж өгөх шаардлагыг биелүүлэхгүй байгаа учир тэднийг удахгүй шүүхэд өгч, хууль дүрмээр нь шийдэхээр болжээ.
Уг нь, Тусгаар тогтнолын ордон сүндэрлүүлээд иж бүрэн тохижууллаа гэж баярхаж байсан цаг саяхан. Фитнесс клуб, үзвэрийн танхим, хэд хэдэн хурлын заал, дэлгүүр хоршоо гээд байхгүй юмгүй нэг дор төвлөрсөн ордон гэдэгсэн. Тэгсэн мөртлөө нийслэлийн намын хороогоо байрлуулах хэдэн өрөө тасалгаа олдохгүй байна гэхэд  итгэмээргүй. Эзнээ царайчлан хөөгдөж туугдаж байхад нь хажуу өрөөнөөсөө  тоосон шинжгүй байх нь хачирхалтай. Хотод 490 сая төгрөгийн хохирол учруулсан МАН-ынхан удахгүй Хүүхэд залуучуудын ордноос шившигтэйгээр хөөгдөж гарах нь.
0 Сэтгэгдэл
HEN NI INGEJ ARD TUMNII HURUNGIIG UNEGUI IDEJ UUJ BAIDAG UM BE MONGOLD TUR BAINA UU YARALTAI BUH BAIRIIG NI HURAAJ ABAACH AN UM HIIHGUI NI EE
Хамгийн их уншсан