Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМГ-ын дарга Д.Батхуягийг шалгаж дуусаагүй байна
АТГ-ынхан одоогоор эрүүгийн 36 хэрэг шалгаж байгаа гэнэ. Тус газрын  Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатаас шалгаж буй зарим хэргийн тухай тодруулсан юм.

-АМГ-ын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгаж дууссан уу. Түүнийг хэргээ хүлээсэн гэх юм?
-Түүнд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш зургаан сар орчим хугацаа өнгөрлөө. Хэргийн хамрах хүрээ өргөн учир цаашид ч шалгаж, мухарлах зүйл олон байна.

-Энэ хэрэгт холбоотойгоор АМГ-ын цөөнгүй ажилтныг шалгахаар хорьсон тухай мэдээлэл гарч байгаа. Энэ үнэн үү. Ер нь, энэ хэрэгт хэчнээн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ?
-Одоогоор АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи уул уурхай кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Даваацогт нарыг шалгаж байгаа.

-Б.Даваацогтыг мөрдөн байцаалтаас зугатаж, гадаад руу оргон зайлсан тухай мэдээлэл ч түгсэн?
-Наадах чинь ташаа мэдээлэл байна.

-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох хэрэг ямар шатанд явна вэ?
-УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлд холбогдох газрын маргаантай холбоотой хэргийг шүүх хэлэлцээд зарим зүйлийг зайлшгүй шалгах шаардлагатай гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг шалгаж дуусаад прокурорын хяналтад шилжүүлсэн байгаа.

-Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир ч гэсэн газрын маргааны хэрэгт холбогдсон. Түүнийг шалгаж дууссан уу?
-Шалгаж дуусаагүй.

-Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг ямар үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм бэ?
-Түүнд холбогдох хэргийг манайх болон Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба хамтран шалгаж байна. Түүнийг татвар төлөхөөс зайлсхийсэн болон хээл хахууль авсан гэдэг үндэслэлээр буруутгаж, мөрдөн байцаалт явуулж байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Х.Наранхүү, НИТХ-ын дарга асан Д.Билэгт нарын хэргийн явцын тухайд...?
-Тэдний хэргийг Н.Энхбаярынхаас тусгаарласан. Шалгах ажил үргэлжилж байгаа. Хэрэгт холбогдсон зарим хүн байхгүй учир мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч байна.

-ШӨХТГ-ын дарга О.Магнай тус газрын өмнөх удирдлагуудыг шалгуулахаар танайд хандсан. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва тэргүүтэй хэд хэдэн хүнтэй холбоотой материал, гомдлыг  манайд ирүүлсэн. Бид судлаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн. Цаашид эрүүгийн хэрэг үүсгэн шалгах эсэх нь энэ долоо хоногийн эцсээр тодорхой болох байх.

-УБЕГ-ын дарга асан Л.Амарсанаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн гэв үү?
-Үгүй. Түүнд холбогдох хэргийг манай байгууллага тагнуулынхантай хамтран шалгаж байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж байна.

-Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?
-Бид Х.Оюунчимэгийг албаны мөнгө хувьдаа завшсан гэдэг үндэслэлээр шалгаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан