Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.БАТЦЭРЭГ: ИРГЭД ТАНАЙ НАМЫН ӨМНӨӨС НЭР ДЭВШЬЕ ГЭВЭЛ ЗӨВШӨӨРНӨ
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс МҮАН орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох гэж буй тухай тодруулга авлаа. 

-Орон нутгийн сонгуульд олон газар МАХН, МҮАН хамтарч оролцохгүй гэсэн.  Танай намын хувьд энэ сонгуульд ямар бодлого барьж оролцох вэ?
-“Шударга ёс” эвсэлд багтсан хоёр намын хувьд хамтарч оролцож байгаа газрууд бий. МАХН-тай хамтарч оролцоогүй орон нутагт МҮАН АН-тай хамтарч ажиллах чиглэл өгсөн байгаа. Орон нутгийн онцлог, хүн хүчний зохион байгуулалт, манай намын тухайн орон нутаг дахь нэр хүнд зэргээс харгалзаад дангаараа буюу бусадтайгаа хамтарч оролцох нь янз бүр байна.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бүрэн утгаар бүх шатанд хэрэгжүүлэх бололцоог хангахын тулд Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг дэмжих боловсон хүчин, орон нутгийн удирдлагын баг гарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс АН-д дэмжлэг үзүүлнэ. Нөгөө талаар “Шударга ёс” эвсэл УИХ-ын сонгуулиар нийт сонгогчдын 1/3 хувийн шахуу санал авсан. Энэ орон зайгаа орон нутагт ч хадгалах бодлого баримтална. Мэдээж, МҮАН парламентад суудалтай бие даасан улс төрийн хүчний хувьд орон нутагт төлөөлөлтэй. Орон нутагт байгаа бүтцээ сайжруулж, чамбайруулах шаардлага ч байна. Нэг зүйлийг хэлэхэд, бид суманд хүн бүрийн араас хөөцөлдөж намын гишүүнээр элсүүлэхгүй. Мөрөөрөө  ажлаа хийж, амьдралаа залгуулж яваа хүнийг улс төржүүлж, намын харьяалалд оруулахаас аль болох зайлсхийх бодлого баримтална. Харин тухайн хүний намаар дамжиж, улс төрийн карьер хөөх хүсэл, эрмэлзлэлийг нь хүндэтгэж, бололцоо олгоно.

-Тэгэхээр намын харьяалал хатуу баримтлахгүй гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Иргэд өөрсдөө танай намын өмнөөс нэр дэвшье гэвэл тэр бололцоогоор нь хангаж өгнө.

-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавих вэ. Тодорхой хэмжээний мөнгөөр босго тогтоох уу?
-МҮАН нэр дэвшигчдэд мөнгөөр босго тогтоохгүй. Тэгээд ч мөнгө санхүүтэй холбоотой намаас ямар нэг удирдамж гаргаагүй. Мэдээж, сонгуульд нэр дэвшигчээс тодорхой зардал гардаг. Тэр зардлаа өөрсдөө дааж, хариуцна. Тухайн нэр дэвшигч орон нутагтаа танигдсан, ажил зохион байгуулах, асуудал хариуцах чадвартай хүн байх ёстой шүү гэсэн ерөнхий удирдамж намаас гаргасан байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан