Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИРЭХ ОНООС ШИНЭ КОНТОР БАРИХГҮЙ
Парламент ирэх оны улсын төсвийг хэлэлцэж эхэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсвийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулав. 2013 оны төсвийн төсөлд долоон их наяд төгрөгийн орлого орно гэж төлөвлөжээ. Өмнө нь татварын хэмжээг нэмж, орлогод төврөлүүлдэг байсан бол энэ удаад өөрөөр шийджээ. Татварын зарим хөнгөлөлтийг харин өөрчилсөн байна. Газрын тосны салбарын хөнгөлөлт, 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хөнгөлөлт зэргийг өөрчилж тусгаж. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн орд газруудын гэрээг эргэн харахаар болсон байна. Ирэх жилээс орон нутагт төвсөө бүрдүүлэх, зарцуулах эрх мэдэл шилжиж байгааг Ерөнхий сайд онцлов.  
Харин зарлагын хувьд урсгал зардал 4 их наяд 800 тэрбум төгрөг болжээ. 2013 онд төсвийн зарим зардал нэмэгдэх тооцоо гарчээ. Болзошгүй хямралын үед авах арга хэмжээг ярилцах ажлын хэсэг байгуулаад байгаа гэв. Төсвийн зардал тэлэхээс болгоомжилж арга хэмжээ авсан гэж танилцууллаа. Цалин, тэтгэвэрийн нэмэгдэлийг тогтвортой байлгах үүднээс 254 тэрбум төгрөг нэмж төсөвт суулгахаар болжээ.
2012 оны төсөвт маш их объект барьж байгуулахаар оруулсан байна. Өмнөх онд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлууд бий учраас 2013 онд төсөвт нэг их наяд 450 тэрбум төгрөг төлөвлөжээ. Үүнээс 1.1 их наяд төгрөг нь өмнөх онд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг үргэлжүүлэхэд зарцуулах юм байна. Ирэх оноос эхлээд шинээр конторын барилга барихгүй гэж Засгийн газраас шийджээ.
Сургууль, цэцэрлэг,  эмнэлгийн барилгын зураг төслийг цэгцэлж эхэлсэн аж. Сумын төвүүдэд угсардаг, өвлийн цагт ч барих боломжтой технологиор байшингууд барихаар болжээ. 1.4 их ная төгрөгийн хөрөнгө оруулалтын 50 орчим тэрбум төгрөг нь засварт, 100 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмж худалдаж авахад, 98 тэрбум нь дараа жилийн барилгын зураг төсөл хийхэд зарцуулагдах гэнэ.
Одоогийн байдлаар “Хүний хөгжил сан” 924 тэрбум төгрөгийн өртэй байгаа аж. Үүнийг 2-3 жилийн дотор төлж барагдуулах юм байна. Сар бүр олгох хүүхдийн мөнгө нийтдээ 240 тэрбум төгрөг болж байгаа юм. 2010-2011 оны “Хүний хөгжил сан”-гийн хувь хишгээ аваагүй хүмүүсийн мөнгийг өгөхөд 32 тэрбум төгрөг гаргахаар болж. Инфляцад нөлөөлдөг гол бүтээгдэхүүн болох нефть, мах, гурилд төрөөс зохицуулалт хийж, инфляцыг 8 хувьд барихаар тооцоолжээ. Харин ирэх оны эдийн засгийн өсөлтийг 18.5 хувь байна гэж төсөөлсөн гэв.
Ерөнхий сайд энэ үеэр нэг зүйлийг анхааруулж хэлэв. Жил бүрийн наймдугаар сарын 15 гэхэд байгууллагууд төсвийн төслөө өгдөг юм байна. Шинэчлэлийн Засгийн газар үүнээс нь хойно бүрэлдсэн болохоор 100 хувь засч залруулж чадсангүй гэдгээ хэлсэн. Иймээс улсын төсвийг төлөвлөхдөө жил тус бүрээр бус дөрвөн жилээр гаргадаг байх тухай Засгийн газрын хуралдаанд ярилцсан аж. Төсвөөс гадна таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгөхийг УИХ-аас хүсээд байгаа. Энэ нь ч парламентад хэлэлцүүлгийн шатанд яваа. Үүний 1.5 тэрбум ам.долларыг бүтээн байгуулалтдаа зарцуулна гэлээ. Шинэ төмөр зам, эрчим хүчний төслүүд зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ. Төсөв зохиохдоо мөнгө “иддэг” буруу жишгийг халж буйг Ерөнхий сайд хэлээд нэгэн жишээ дурдав. Нэг аймагт сургуулийн барилга барих тендерийг 2008 онд авсан компани анх 232 сая төгрөгийн өртөгтэй гэж ажлаа эхэлжээ. Гэтэл үүнээс хойш өнөөдрийг хүртэл барилгын өртөг 8.7 дахин нэмэгдэж өдгөө нэг тэрбум есөн сая төгрөгөөр баригдах болжээ. Мөн Яармаг дахь Спорт цогцолборын урд талд 300 ортой төрөх эмнэлэг барихаар ажил эхэлжээ. Тендер авсан компани төсвийнхөө 80 хувийг авсан мөртлөө барилга дөнгөж 60 хувьтай яваа. Дээр нь дэд бүтцээ огт шийдээгүй байна. Тухайн үеийн хотын удирдлагууд цахилгаан, дулаан,усыг нь шийдээгүй өдий хүрч. Энэ мэт асуудал байгаа учраас цаашдаа хариуцлагыг чангатгах болно гэлээ.
Төсвийн танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2013 онд тэтгэвэрт гарах 5000 багшийн урамшуулал цалингийн мөнгийг төсвөөс хассан тухай лавлаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нэлээд маргав. Үүнийг нь БШУ-ы сайд Л.Гантөмөр тайлбарлаж хэрүүлийг намжаасан юм. Өмнөх парламентын үед Д.Оюунхорол, Ө.Энхтүвшин, С.Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд энэ төслийг өргөн барьж, батлуулжээ. Гэтэл ирэх оны төсөвт яагаад суулгаагүйг тайлбарлахыг хүссэн юм. Тухайн үед 5000 багшийн тэтгэмжинд 3.4 тэрбум төгрөг зарцуулахаар тооцож, төсөлдөө тусгаж, батлуулж. Харин үүнийг Сангийн яам судалж үзэхэд 150 тэрбум төгрөг болох тооцоо гарсан байна. БШУ-ы сайдын багцад багш нарын цалингийн санхүүжилт 300 гаруй тэрбум төгрөг болж байхад зөвхөн 5000 хүний тэтгэмжинд үүний бараг тал хувь зарцуулагдах нь гэж Сангийн яамныхан анхааруулжээ. Иймээс үүнийг нь хойшлуулахаар болж, ирэх оны төсөвт тусгаагүй гэдгээ салбарын сайд хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Сангийн сайд байхдаа гаргасан боловсролын салбарын ажилтан албан хаагчдын норм, нормативийг тогтоох тухай тушаалаар 3000 хүн ажилгүй болох гээд байгаа учир хүчингүй болгохыг хүссэн. Ерөнхий сайд энэ тушаалыг хүчингүй болгосон гэдгээ энэ үеэр хэлсэн юм.
Ямар ч байсан ирэх онд Монгол Улс хаанаас хэдэн төгрөг олж, юунд хэрхэн зарцуулах тухай улсын төсвийг парламент хэлэлцээд эхэллээ. Дөрвөн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд саналаа хэлж, өөрчилж, засч залруулна. Алдаа дутагдал байвал шүүмжлээрэй, үүнийг засч сайжруулна гэдгээ шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлж байлаа. Харин гишүүдийн асуулт хариулт үдээс хойшхи чуулганы хуралдаанаар үргэлжилсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан