Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТОМИЛГОО ЖАЛГА ДОВНЫ ҮЗЛИЙН ЭСРЭГ ЧИГЛЭВ
УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан ширүүхэн боллоо. Хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан, үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудал, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоол, 2013 оны улсын нэгдсэн төсвийн анхны хэлэлцүүлэг зэргийг хэлэлцсэн юм.  
Хамгийн эхэнд Ерөнхий аудитор Ч.Раднааг ажлаас нь чөлөөлөх асуудлыг Төсвийн байнгын хороо дэмжсэн учир УИХ-ын чуулганы хуралдаанд оруулав. Ажлаас чөлөөлөх гэж байгаа хүн өөрийн биеэр хуралд оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл хэлж байлаа. Гэсэн ч гишүүд чөлөөлөх асуудлыг нь дэмжиж дараагийн хэлэлцэх асуудалдаа орж Ерөнхий аудитороор А.Зангадыг томилох саналыг залгуулан хэлэлцлээ. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн төв бирж зэрэгт ажиллаж байсан төрийн албаны туршлагатай нэгэн. Энэ албан тушаалд тавигдах шаардлагыг биелүүлж байгаа гэв. Асуулт хариултыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эхлүүлсэн юм.
Ц.Нямдорж гишүүн: -УИХ-ын дарга Өвөрхангай аймгийнх. Тэгээд Ерөнхий аудиторт нэр дэвшиж байгаа Зангад Өвөрхангайнх. Нутгийн хүмүүсээ албан тушаалд томилуулахыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Ашиг сонирхлын хуулиар бол. Энэ хуулийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. С.Баярцогт дэд дарга Зангадын нэрийг оруулж ирэх ёстой байсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд: -Ашиг сонирхлын тухай хуулийг улам сайжруулахыг анхааралдаа авъя. УИХ-ын дэд дарга гээд С.Баярцогт Ерөнхий аудиторыг оруулж ирэх хуулийн заалт байхгүй. Зангад Улаанбаатарт төрсөн гэж намтарт нь бичсэн байна.
Д.Тэрбишдагва гишүүн: -Аудит хийдэг гэдэг ч ямар нэг асуудал гарахаар холбогдох албан тушаалтанд эргээд хариуцлага тооцдоггүй. Ерөнхий аудитын газрын үйл ажиллагаа сүүлийн үед суларсан. Тийм болохоор үйл ажиллагааг нь сайжруулж, өөрчилж шинэчлэх хэрэгтэй.
А.Зангад: -Ерөнхий аудитын газар бол УИХ-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Үүсч буй шаардлагын дагуу өөрчлөлт хийх болно.
С.Эрдэнэ: -Ерөнхий аудитын газрыг Булган аймгийн нутгийн зөвлөл шиг болгосон байсан шүү дээ. Өмнөх Ерөнхий аудитор Жавзмаа Булганых. Ажлаа өгч байгаа Раднаа Булганых. Ер нь л Булганы Засаг даргын тамгын газар шиг болсон Ерөнхий аудитын газрыг өөрчлөөрэй гэж захья. Үйл ажиллагааны чадавхи сул, хяналт муу байгаа. Улс төрийн захиалгаар аудит хийх хандлага байсан. Цаашдаа хуулийн дагуу ажиллаасай. Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа яамандаа Увсынхнаа ажилд авч байсан. Тэгвэл ерөөсөө УИХ-д нэг аймгаас хоёр, гурваараа сонгогдсон гишүүдийн нэг нь нэрээ татах хэрэгтэй шүү дээ.
Үүний дараа гишүүд саналаа хэлсэн юм.  

Ц.Нямдорж гишүүн: -Зангадыг Ерөнхий аудиторт дэмжиж байна. Өмнө нь хамтарч ажиллаж байсан Норвегийн аудитын газартай цаашдаа уялдаатай ажиллаарай. Аудитын газарт дандаа Булганыхан ажилладаг гэж бодохгүй байна. Эрдэнэ гишүүний талаар ярих юм бол зөндөө зүйл бий шүү. Би УИХ-ын дарга байхдаа Эрдэнийг НДЕГ-ын дарга байхад шалгахад 200 гаруй хүнийг халж, сэлгэсэн байсан нь илэрсэн. Ерөнхий аудитын газарт учир утгагүй халаа сэлгээ битгий хийгээрэй гэж захиж байна. Баруун, зүүнээ мэдэхгүй хүмүүс битгий томилоорой. Би сайд байхдаа Увсын хүн ажилд томилж байгаагүй. Ганц нэг хүн л байгаа байх.   
Н.Батцэрэг гишүүн: -Төрийн өмчийн 84 аж ахуйн нэгж байдгаас 34 нь ашиггүй ажилласан гэсэн тайлан Ерөнхий аудитын газар гаргасан. Ямар учир шалтгаантай байсан болоод ашиггүй ажилласан талаар Аудитын газар тайлбарлаагүй. Ерөнхий аудитын газраас зөрчилгүй гэсэн байгууллагын албан тушаалтнууд дараа нь хөрөнгө санхүүгийн хэрэгт татагдаад явдаг. Иймээс л сайн шалгаж хянаад үр өгөөжтэй ажиллаасай.
Д.Тэрбишдагва гишүүн: -Засгийн газрын харьяаны бүх байгууллагад аудит хийх хэрэгтэй. Ямар байдалтай байхад Шинэчлэлийн Засгийн газар ажлаа эхлүүлсэн бэ гэдгийг тодорхой гаргах хэрэгтэй. Ерөнхий аудитын газарт хүсэлт гаргаж эдгээр байгууллагад шалгалт хийлгэмээр байна.
УИХ-ын дарга З.Энхболд: -Ерөнхий аудитор Раднаа 62 настай учраас тэтгэвэртээ гарч байгаа гэж өргөдлөө өгсөн. Саяын томилгооноос Ч.Содномцэрэн бол Завханых, Зангад Өвөрхангайнх. Би Улаанбаатарынх гээд Улаанбаатарын хүн ажилд авч болохгүй болчихлоо.
Ингээд хуралдаанд 53 гишүүн оролцсоноос 44 нь дэмжих санал өгч, А.Зангад Ерөнхий аудиторын албан тушаалд томилогдлоо.
Дараагийн асуудал нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байв. Зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа зургадугаар сард дууссан юм. Бүрэлдэхүүнд МҮЭ, Ажил олгогч эздийн холбоо болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд  төлөөлөлд орох ёстой аж. Харин олон сайд энэ зөвлөлд багтах нь буруу гэсэн байр суурьтай гишүүд байсан. МҮЭ, АОЭХ-ны гурван хүнийг санал болгож байгаа гэнэ. Нийтдээ 18 хүний нэрийг оруулж иржээ. С.Ганбаатар гишүүнийг МҮЭ-ийн ерөнхийлөгчийн алжаа өгөхийг  Ц.Нямдорж гишүүн сануулав. Харин С.Ганбаатар гишүүн “МҮЭ их хурлаа хийж, хэнийг ерөнхийлөгч болгохоо шийднэ. Би МҮЭ-ийн ерөнхийлөгч хэвээрээ байгаа. Зөвлөлд хэнийг оруулахыг МҮЭ-д ярилцана. Даатгуулагчид намайг солих үгүйг өөрдсөө шийдэх байх. Тэд шийддэг юм” гэлээ. Хуралдаанаар гишүүдийн санал тэнцсэн учир УИХ-ын дэгийн дагуу дэмжигдсэнгүй гэж үзлээ. Ирэх долоо хоногт зөвлөлийн бүрэлдэхүүнд хэнийг оруулахаа тодорхой болгож, саналаа дахин оруулж ирэхээр боллоо.

Н.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан