Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туршилтын үйлдвэр байгуулах талаар эрдэмтэд сайдтай зөвлөв

Эрдэмтэд маань хийсэн ажил хийж байгаа төслөө өчигдөр ҮХААЯ-ны удирдах төвшнийхөнд танилцуулав. ҮХАА-ын сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа нар амьдралд хэрэгжиж болох, туршилтаар үйлдвэрлэж үзсэн зарим эрдэмтний төсөлтэй танилцаж, үйлдвэрийн дээж бүтээгдэхүүнийг барьж, туршилтын үйлдвэрүүд байгуулах санхүүгийн эх үүсвэр бий болгох  талаар ярилцлаа. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, ШУТИС-ийн Материалын технологийн сургуулийн эрдэмтэн багш нарын  30 гаруй доктор, профессорууд малын тэжээл, эмийн бэлдмэлийн үйлдвэр, мөн утаагүй түлшний төслүүдээ танилцуулсан. Яамны зүгээс өнөөдрийн амьдралд хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээс чанарын хувьд дэвшилттэй үнийн хувьд бага байх л санал эрдэмтдэд тавьж байлаа.

Уулзалтын үеэр ҮХААЯ-ны  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаагаас зарим асуудлыг тодрууллаа.

-Эрдэмтэд судалгааны ажил хийгээд зэрэг хамгаалаад байдаг ч амьдралд нэвтэрдэг нь ялангуяа Монголын нөхцөлд ховор байдаг нь нууц биш л дээ. Баахан судалгаа хийсэн цаастай л үлддэг?
-Өнөөдрийн уулзалтаар эрдэмтэд маань олон зүйл ярьж байна. Өмнө нь үйлдвэрлэл эрхлэгчдийн хоёрдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлынхаа хүрээнд эрдэмтэдтэй уулзсан. Тэр үед лабораторын төвшинд олон ажил хийсэн, гэвч үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэхээр хөнгө мөнгөний асуудал хүнд байна гэдгээ илэрхийлж байсан.  Үнэндээ эрдэм шинжилгээний байгууллагууд, ШУТИС гэх зэрэг сургалтын байгууллага маань Боловсролын яамны харьяанд байдаг. Хийж байгаа ажил, төслөөр нь тооцож үзвэл манай яамны чиглэлд байдаг. Тэгэхээр энэ хоёр яам маань ажлаа нэлээн сайн уялдуулж, хамтарч ажиллах шаардлагатай юм байна гэдэг нь тодорхой юм.

-Туршилтын үйлдвэр байгуулах талаар ярьж байна л даа. Гэхдээ энэ бол тийм амар бүтэх асуудал биш байх л даа?
-Тэгэхээр лабораторт хийсэн зүйлээ цааш нь үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд эхлээд туршилтын үйлдвэр байгуулах хэрэгтэй гэдгийг сайд маань хэлж байна. Өөрийн улсын нөхцөл, цаг агаар болоод түүхий эдээ түшиглэн эхлээд туршаад, дараа нь томоохон үйлдвэр байгуулах боломжтой гэсэн  сүүлчийн экспертизийн дүгнэлт гарсан хойно бид шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх боломжтой. Тэр бүр шинэ санаа гарах нь ховор байгаа. Гэхдээ өндөр хөгжилтэй улс орны технологийг өөрийн оронд нутагшуулах, инновацын янз бүрийн технологийг Монголынхоо хөрсөнд буулган хэрэгжүүлэх боломжтой.
Эрдэмтэд хэрэгжих боломжтой гэж батлаад төслүүд өргөн барьж байгаа. Яамны зүгээс төслүүдийг хүлээж авч шүүж, судлаад холбогдох байгууллага газруудтайгаа ярьж байгаад хэрэгжих боломжтой гэж үзсэнээ  дэмжих, улсын төсвийн хөрөнгөөр туршилтын үйлдвэр байгуулах эх үүсвэрийг нь хайх болно.

-Хөнгөн үйлдвэрийн салбарын төсөвт туссан ажлуудын талаар товч танилцуулбал?
-Бидэнтэй өмнө харилцаж төслөө үзүүлж байгаагүй эрдэмтэд орж ирж байна. Гэхдээ туршилтын үйлдвэр байгуулах бол  төсөвт тусгаагүй асуудал учраас бид судалж үзнэ ээ. Хөнгөн үйлдвэрийн газрын хувьд хаягдал модыг ашиглах, ойн нөхөрлөлүүдийг ажилтай болгоод барилгын материалын хавтан, шахмал түлш үйлдвэрлэх гээд цөөнгүй асуудлыг шийдэхээр төсөвт тусгачихсан. Мөн арьс ширний лаборатор байгуулах, арьс ширний үйлдвэрийг Улаанбаатар хотоос гаргаж, Эмээлтийн түүхий эдийн бааз түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулах гээд ТЭЗҮ нь гараад  ажиллаж байна. Бид төсөвт аль болох хэрэгжих боломжтой гэсэн хөтөлбөр төслүүдийг суулгаж өгсөн. Хэрвээ батлагдаад гараад ирвэл үйлдвэржилт нэлээн бодит ажил болох юм.

-Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөлгөөн удахгүй болно. Үүгээр шийдэх гол асуудал нь юу байна вэ?
-Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрүүд байгуулах нь манай улсад ашигтай гэдгийг аль аль талдаа ухамсарлаж байгаа болохоор  Засгийн газар энэ асуудалд их анхаарч ажиллаж байгаа. Тиймээс манай боловсруулсан асуудлыг дэмжинэ гэж итгэж байгаа. Энэ сарын 20-нд үйлдвэрлэл  эрхлэгчдийн улсын II зөвлөлгөөн зохион байгуулна. Эхлээд салбар бүр нь нэгдээд нэг л холбоотой байж, тэр нь хэрхэн ямар бодлогоор тухайн салбар хөгжих вэ гэдгээ боловсруулж байгаа. Хөнгөн үйлдвэрийн салбар маань нэг л системээр явах  бүрэн боломжтой гэж үзсэн. Үндсэндээ бид доороос нь өөрсдөө санаачилж  бодлогоо гаргаж ирээд яаман дээр зангилагдаж, төр зохицуулах үүргээ жинхэнэ утгаар нь биелүүлэх болж байгаа юм. Монгол  Улсын үйлдвэржилтийн хөгжлийн хөтөлбөр маань шинэчилсэн  хэлбэрээр гарч ирвэл үйлдвэржих процесс нэлээн түргэн бас бодитой хэрэгжих болов уу гэж найдаж байгаа.
0 Сэтгэгдэл
Энэ Тулга сайд их ажилсаг хүн шүү
Хамгийн их уншсан