МАХН
улс төрд үүсээд байгаа байдлын талаар хэвлэлийнхэнд
баримталж байгаа байр сууриа илэрхийлэв. “2012
оны УИХ-ын сонгуулийн будлиан, СЕХ-ны хууль бус шийдвэрээс болж хамгийн их
хохирсон улс төрийн хүчин бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл. Тухайн үед
СЕХ-ны хууль бус шийдвэрээр МАХН-ын дарга, “Шударга ёс” эвслийн тэргүүн
Н.Энхбаяр болон МАХН, МҮАН-ын зарим гишүүд нэр дэвшигчидийн жагсаалтаас
хасагдаж байсан. Мөн сонгуулийн үеэр иргэний үнэмлэх шинээр хэвлэж олноор нь
тарааж будилуулсан, бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан, машинаар санал хурааж
тоолсон зэрэг олон хууль бус үйлдлүүд гарч байв. Гэтэл тэр үед МАН-ынхан
шударга ёс, хараат шүүхийн талаар ийнхүү дуугарч байгаагүй” гэж
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлсэн. Түүний хэлж
байгаагаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугар нарыг сонгуульд нэр
дэвшүүлээгүй нь СЕХ болон МАНАН-гийн хийсэн ажил аж.
Мөн энэ хэвлэлийн хурлын үеэр Хүний
эрхийн үндэсний комиссын дарга асан Д.Солонго намынхаа
гишүүчлэлийг сэргээж байгаагаа хэлсэн юм. Тэрээр энэ намд ганцаараа бус Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 50
гаруй хүнийг ууган намдаа гишүүчлэлээ сэргээхтэй давхцаж байгаа
аж.
Д.МӨНХ
























