УИХ дахь бүлэггүй “бүлэг” буюу МАН-ын гишүүд өнөөдөр
хуралдаж, “Хууль
зөрчиж Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах
тал дээр бат зогсоно”
гэдгээ гишүүд ярилцжээ. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Бид
улс орны ажлыг цалгардуулаагүй. УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж
шийдвэрлэхэд бид бэлэн байгаа. Гэвч олонх болсон намынхан улс орны ажлыг бус
хууль бусаар Өвөрхангайгаас сонгогдсон хоёр хүнийг тангараг өргүүлэх гээд
хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд зоочихоод байна. Ийм байдлаар хуулийг илтэд
зөрчсөн зүйлтэй бид эвлэрч чадахгүй. Тиймээс чуулганы хуралдаанд оролцохгүй
байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан ажил тасалдууллаа гэх мэтээр
ярьж байна. Манай намын
гишүүд тангараг өргөх асуудлаас бусад байнгын хороодын хуралдаанд оролцож,
шийдвэрлэх асуудлаа хэлэлцээд явна. Бидэнд хоёр намын хооронд ярилцаж зөвшилцөх
хугацаа байсан. Гэхдээ Ардчилсан намынхан зөвшилцөх хүсэлгүй байгаа учир
Өвөрхангайгаас сонгогдсон гишүүдийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар
болсон” гэв. Харин УИХ-ын
гишүүн С.Бямбацогт
-“Бид төрийн ажлыг гацаагаагүй. Бид хууль зөрчөөгүй. Хуулинд Төрийн ордны эргэн
тойронд 20 метрт жагсаал цуглаан, суулт хийхийг хориглосон байгаа. Тэрнээс биш
ордон дотор гэсэн заалт байхгүй. Тиймээс хуулийг гуйвуулахгүй байх хэрэгтэй.
Бид хууль зөрчсөн үйлдлийг гаргуулахгүйн тулд бололцоотой бүх аргаар тэмцэх
болно” гэлээ.
Д.МӨНХ
























