Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэн Ламжавын буухиаг МАН авлаа
МАН-ынхан бас дахиад Үндсэн хуулийн цэцэд хандана гэнэ ээ.
Монгол Улс хуулийг дээдэлдэг ардчилсан хөгжлийн замд шилжин ороод 20 жилийн нүүр үзлээ. Хуулийг дээдлэхийн гол утга учир нь хүний эрхийг дээдлэх. 1992 онд Монгол Улсын Ардчилсан Үндсэн хуулийг АИХ-ын чуулганаар баталж, энэ эцэг хуулийг улс даяар мөрдөж байгаа эсэхэд хяналт тавьж байх манаач Үндсэн хуулийн цэцийг байгуулсан.

Энэ байгууллага байгуулагдсан цагаас УИХ-ын баталж байгаа болон гүйцэтгэх засаглалын гаргаж байгаа алив хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг нягталж байх үүрэг хүлээн ажиллаж эхэлсэн.
Үндсэн хуулийн цэц байгуулагдсан эхний жилүүдэд энэ байгууллагаар үйлчлүүлж, ажилтай байлгаж байсан ганц хүн бол яах аргагүй, ардчилагчдын нэг социал демократ Д.Ламжав. Ингэснээрээ энэ хүн хууль дээдлэх ёс, хэн ч гэсэн Үндсэн хуулиар олгосон эрхээ хамгаалуулах ёстой гэдгийг Монголын ард түмэнд ойлгуулсан гавьяатай. Ганцхан л иргэн Д.Ламжавын ханддаг байсан Үндсэн хуулийн цэцэд сүүлийн хэдэн жилд өөр бас “иргэн”-үүд хандаг болоод байгаа нь ч бас л энэ хүний гавьяа.
Одоо харин ҮХЦ-д байн байн хандаж, тэр байгууллагыг ажилтай байлгадаг албыг МАН залгамжилж авах болов.

Урьд нь хэн нэгэн иргэн ҮХЦ-д хандаад, баталсан хуулийг нь “Үндсэн хууль” зөрчжээ гэхээр эрх баригч МАН итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж “Энэ хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй” хэмээн мэтгэлцдэг байсан бол одоо МАН өөрөө нэхэмжлэгч болж эхэллээ.
УИХ-ын өнгөрсөн хаврын сонгуульд ялагдсанаасаа хойш МАН-ынхан ҮХЦ-д хоёр ч удаа хандчихаад байгаа. УИХ-ын анхдугаар чуулган хууль бус болж, парламентын спикерийг хууль бусаар сонголоо гээд ҮХЦ-д хандсан. Энэ асуудлаар ҮХЦ маргаан үүсгэх эсэх нь шийдэгдээгүй байхад хоёр дахь өргөдлөө тэд дахиад л ҮХЦ-д өгсөн. Тэр нь УИХ-д МАН-ын бүлэг байгуулж өгөхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.

Эхний өргөдлөөр маргаан үүсгэх шаардлагагүй хэмээн ҮХЦ хариугаа өгчихөөд байгаа. Харин УИХ-д МАН-ын бүлэг  байгуулаагүй тухайд бол ҮХЦ хариу өгөөгүй байна. Зарим хуульчдын хэлж байгаагаар бол УИХ-д бүлэг байгуулах тухай саналаа УИХ-ын даргад 24 цагийн дотор өгөх ёстой гэсэн хуулийн заалтыг “нэг муу махан өгүүлбэр” хэмээн уландаа гишгиж, саналаа өгөөгүй МАН-ын эрх баригчдын өөрсдийнх нь буруу гэнэ. Юутай ч Үндсэн хуулийн манаач ҮХЦ хариуг нь өгөх биз.
 Гэтэл үүний эцсийн хариу гараагүй байхад одоо МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүдийн асуудлаар ҮХЦ-д хандахаар болсон” гэж мэдэгдлээ.

Ийнхүү МАН-ын өргөдөл ҮХЦ рүү, нэгийг нь шийдвэрлэж, хариу өгч амжаагүй байхад дараа дараагийнх нь буун сум шиг шуугин очих боллоо.
Нэгэнт хууль эрх зүйт төртэй, хуулиа дээдэлдэг улс оронд амьдарч байгаагийн хувьд иргэн ч бай, нам, улс төрийн байгууллага ч бай, аж ахуйн нэгж ч бай Үндсэн хуулийнхаа манаач ҮХЦ-д ханддаг болж байгаа нь сайн хэрэг.
Харин өөрсдөө хууль зөрччихөөд, түүнийгээ халхлах  гэж, хууль зөрчсөн буруу үйлдлээ ҮХЦ-ээр хаацайлуулах гэж байгаа бол юу л бол. Эрхээ эдлэхийн тулд үүргээ биелүүлж байх хэрэгтэй гэсэн нэг алтан зарчим хуульд байдаг юм гэсэн.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Энэ намд алтан байтугай хар тугалган зарчимч байхгүй болсон харагдана
Хамгийн их уншсан