Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жагсаалын шал өөр хэлбэрийг харуулсан МАН-д баярлалаа
Монголчууд бид хэзээний л дайчин улс. Аль 13-р зууны үеэс л эхэлж дайтаж байсан түүхийг бид Монгол нууц товчоо, Алтан түлхүүр гээд ном зохиолоос уншиж байсан. Уншаагүй нэг нь багш нарынхаа амнаас сонссон биз. Гэхдээ бид байлдаж явсныг нь сонсож байсан болохоос жагсч явсан тухай бол огт сонсоогүй. Харин тэр дайчин хүмүүсийн удам угсаа юм гэсэндээ бид чинь харин жагсаал цуглааныг ёстой нэг хийх шиг болдог шүү. Зарим хүн жагсаал цуглааныг хэд хэдэн янзын хэлбэрт оруулдаг юм билээ. Тайван жагсаал, тайван бус жагсаал, чулуу шиддэг жагсаал, улмаар цагдаа иргэдийн хоорондох мөргөлдөөн мэтээр тайлбарлаж байна. Харин миний хувьд жагсаалыг үүнээс олон байдлаар бий болгож болно гэж бодож байгаа. Тухайлбал, чулуутай жагсаал, өндөгтэй жагсаал, улаан лоольтой, ахмадын жагсаал, багш, эмч нарын гээд явж өгнө. Бүр цаашилбал, нум сумтай хүртэл жагсана, манайхан. Нийслэлчүүд санаж байгаа байлгүй дээ. Өнгөрсөн хавар л гэхэд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр гэгч “Энэ цагийн эгэл тэмцэгч” Төрийн ордон руу нум сумаар харвасныг. Гэхдээ тэнд их онцлогтой. Яагаад гэвэл тэртээ 13-р зууны үеийн “Тэмка ах”-ын замналыг дуурайсан ухаантай. Аравт, хорьт гэж хуваагдан морьтойгоо жагсч улсынхаа төв талбайд гэрээ барьж нүүдэлчин маягийн жагсаал хийсэн. Ер нь, энэ мэтийн онцлог жагсаал олондоо. Үйлдвэрчний эвлэлийн нэрээр УИХ-ын гишүүн болсон С.Ганбаатар л гэхэд Сүхбаатарын хөшөөний ард шиддэг майхантай ганцаарчилсан жагсаал хийж байв. Мөн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан цагдаа заамдаж жагсаалынхаа сүр хүчийг нэмж байв.
Тэгвэл сүүлийн хэд хоногт болсон жагсаал бас л өөрийн гэсэн онцлогтой болсон. Яагаад гэвэл хөрөнгөтний нам зохион байгуулсан болохоор жагсаал оролцож байгаа хүмүүс нь хөлсөөр хөдөөнөөс ирсэн байв. Тодруулбал, Өвөрхангайгаас ирж жагсаалд оролцож байгаа иргэд. Тэд өдрийн 40 мянган төгрөгийн хөлс авч, үнэгүй унаагаар зөөлгөсөн. Тиймээс чөлөөт цагаараа жагсаалд оролцчихоод Нарантуул зах руу гарч өвлийнхөө бэлтгэлийг базааж байсан байх. Тэдэнд зориулж Нарантуул зах уртасгасан цагаар ажилласан тухай цуурхал ч талбайгаар “тэнэж” байсан.
За энэ ч яахав, Ш.Сайхансамбуу ахын асуудал биз.
Харин МАН-ын нам жагсаалын өөр нэгэн хувилбарыг бий болголоо гэж би хувьдаа дүгнээд байгаа юм. Энэ бол Төрийн ордон доторхи жагсаал, суулт байв. Төрийн буруутай үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс ихэвчлэн төв талбайдаа суудаг /С.Ганбаатар, Иргэний хөдөлгөөн, З.Баянсэлэнгэ мэт/ бол МАН-ын гишүүд Төрийн ордонд тэр тусмаа УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суув. Тэд ингэж суухдаа цагаар хуурай өлсгөлөн зарласан байх. Яагаад гэвэл тэдэнд Төрийн ордны үйлчлэгч нар халуун кофе авчирч өгөхөд “Бид уухгүй сэтгүүлчдэд өг” гэж бидний хэдэн нөхөд баахан кофе уув. Гишүүдийн өөдөөс харж зогсч байгаад л оочиж гарсан гэдэг нь. Ингэж МАН-ынхан жагсаалын хэлбэрийг тэр тусмаа эсэргүүцлийн жагсаал гэдэг нэр томъёог Төрийн ордонд оруулж чадсан “гавьяатай”.
Энэ магадгүй сүүлийн үед юм болгонд хэрэглэгддэг реформ буюу шинэчлэлийн бас нэг хэлбэр ч байж мэдэх. Юутай жагсаалын өөр нэгэн хэлбэрийг олонд таниулж өгсөн МАН-ынхан баярлалаа. Та бүхний жагсаалд амжилт хүсье. Монгол төрийн ажил та бүхний энэ жагсаалаас үүдэж бат гацахгүй байх болтугай. 

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
МАН НАМ БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан