Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Өнөрбаяр: Шүүгчдээ биш тогтолцоондоо байгаа юм

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.

-Нийгэмд дуулиант гэж нэр­­лэсэн хэргүүдийг шүү­хээр шийдвэрлэх явцад шүүх, шүүгчийн хараат бус байдал­тай холбоотой санал шүүмж­лэл их гардаг. Жи­шээ нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэр­гийг хоёр шатны шүүх шийд­вэр­лэ­чихээд байна. Гэтэл түүний өмгөө­лөгч С.Нарангэрэл “Шүүгч, прокурорууд нэг баг болж үйлчлүүлэгчийг минь яллачихлаа” гэж ярь­сан.  Түүний хэлсэнчлэн шүүгч, прокурорууд үнэхээр нэг баг болж, хэн нэгнээс ха­раат ажиллаад байна уу. Та юу гэж бодож байна вэ?
-Бүгд тус тусдаа чиг үүрэгтэй, хуультай. Проку­ро­рын өмнөөс шүүгч яллахгүй, шүүгчийн өмнөөс прокурор шийдвэр гаргахгүй. Мөрдөн байцаагчийн өмнөөс прокурор ажиллахгүй. Хуулиараа шүүх, прокурор хоёр нэг баг болж, хэн нэгнээс хамааралтай ажиллах боломжгүй. Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд бүгд өөр өөрсдийн чиг үүр­гийн дагуу оролцдог. Энэ утгаараа ажил нь уялдаатай. Үүнийг зарим хүн буруугаар ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Мэдээж, өмгөөлөгчийн байр суурь бол ойлгомжтой. Үйлч­лүү­лэг­чийнхээ төлөө бүх­нийг хийнэ. Угтаа бол өмгөө­лөгч хуулийн хүрээнд зөвхөн хуулийн арга хэрэгслээр үйлч­лүү­лэгчийнхээ эрхийг хамгаа­­лах ёстой. Түүнээс биш улс төрийн арга хэрэгслээр өмгөө­лөл хийх ойлголт байж таарах­гүй.

-Ерөнхийлөгчийн хуу­лийн бодлогын зөвлөх, Шүү­хийн ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд та одоогийн шүүх, шүүгчийн хараат бус байдлыг юу гэж дүгнэж явдаг вэ?
-Яах вэ, хүмүүс шүүх, шүүг­чийг сайн, муугаар ярь­даг. Олон жил ярьсаар ч ир­сэн. Одоо мөрдөж байгаа Шүү­хийн тухай болон шүүх эрх мэдэлтэй холбоотой хуу­лиуд  шүүгч хараат бусаар ажил­лах баталгааг бүрэн хан­гаж чадахгүй байгаа. Зөв­хөн шүүгчид нь болохгүй бай­гаа юм биш, тогтолцоо нь болохгүй байгаа юм.

-Шүүх эрх мэдэлд шинэтгэл хийхээр Ерөнхий­лөг­­чийн санаачилсан Шүү­­­­хийн багц хуулиуд бат­лагд­­сан. Энэ хуулиудыг хэрэгжүүлж эхэлбэл, шүүх, шүүгч хараат бу­саар ажил­лах нөхцөл бүр­дэж, тог­тол­цоо нь ч зөв гол­ди­рол­доо орно гэж олон нийт хү­лээж байгаа?
-Мэдээж, Ерөнхийлөгчийн санаач­лан боловсруулсан хуулиу­дыг хэрэгжүүлээд эхэл­бэл энэ асуудал шийдэг­дэнэ гэж харж байна. Батлагдсан хуулиу­даа жинхэнэ утгаар нь үр нөлөөтэй, хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Хуулийн үг үсэг, үзэл санааг цаас нь дээр буулгах нэг хэ­рэг, үүнийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх нь түүнээс чухал шүү дээ. Хуулиудаа хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангахад шүүх, прокурорын байгууллага, Хууль зүйн яамны үүрэг оролцоо их. Эдгээр байгууллага хуулийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд өөрсдийнхөө төвшинд бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Ерөнхийлөгчийн са­наа­­­чилсан Шүүхийн багц хууль батлагдсан ч хэрэгжүүлж эхлээгүй. Хуулийн бодло­гынх нь зөвлөхийн хувьд эдгээр хуулийн хэрэг­жил­тийг хангахад хэр анхаарч байна вэ?
-2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуул­сан шүүхийн шинэтгэлийн асуудлаар үндэсний томоохон чуулган Монголд шүүхийн шинэтгэл хийх нь үнэхээр амин чухал болохыг харуулсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийг ил тод болгох, нийгмийн хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр зөвхөн шүүгчид биш шүүн шийтгэх ажиллагаанд оролцдог прокурор, өмгөөлөгчид, хууль хяналтын байгууллагад ч шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж боддог. Тиймээс Монгол Улсын Ерөн­хий­лөгчөөс чуулганд орол­­цогч­дын үнэтэй санал бод­лыг тусган Шүүхийн багц хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. Харамсалтай нь, энэ хуулиудыг хэрэгжүүлэх цаг хугацааг өмнөх парламент нэлээд хойно тавьсан. Тэгэхээр энэ шинэтгэлийг илүү эрчимжүүлэх үүднээс Шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд анхаарч байна.

-Шүүхийн багц хуульд баг­таж буй Эвлэрүүлэн зууч­­лалын тухай хуулийг л гэ­хэд 2013 оны долдугаар са­рын 1-нээс хэрэгжүүлж э­хэл­нэ гэсэн. Бусад хуулийн хувьд хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Ирэх оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхлэхээр ярилцаж байгаа. Ер нь, эдгээр хуулийн хугацааг нааш нь татаж, шүүхийн шинэтгэлийг эхлүүлэх ажлыг түргэвчлэх нь Монголд шударга ёс бэхжих, хараат бус шүүхийн тогтолцоо төлөвших, иргэдийн эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг тийм шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд ач холбогдолтой. Шүүхийн багц хуулийн гол зарчим бол төрд үйлчилдэг хуучны төржсөн шүүхийн тогтолцооноос илүү иргэндээ үйлчилдэг, тэдний эрхийг нь хамгаалдаг, шаардлагатай бол төрийн хууль бус шийдвэрийг ч хүчингүй болгож чаддаг, улс төр, бизнесийн бүлэглэл, мөнгөтэй хүмүүсээс хамааралгүй ажиллаж чаддаг шүүхийн тогтолцоог бий болгож, төлөвшүүлэх гэж ойлгож болно.

-ШЕЗ-ийн даргын асуудал маргаан дагуулдаг. Улсын Дээд шүүхийн Ерөн­хий шүүгч ШЕЗ-ийн даргын аж­лыг давхар хийдэг. Тус тусдаа байх ёстой бай­гуул­лагын ажлыг нэг хүн хийс­нээр үйл ажиллагаа нь хутгалддаг гэх мэтээр шүүм­жилдэг?
-Олон нийтийн дунд тийм шүүмжлэл бий. Ерөн­хий­лөгчийн санаачилсан Шүүхийн захиргааны тухай шинэ хуульд ШЕЗ-ийн дарга нь Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч байдгийг өөрчилсөн  байгаа.

-Ерөнхийлөгч шүүгчдийг томилж, чөлөөлдөгтэй холбоотой гомдол, санал ч их байдаг. Ерөнхийлөгч өөрийнхөө хүнийг  шүүгчээр томиллоо ч гэж ярих юм. Хоёр жилийн өмнөх шүүхийн шинэтгэлийн тухай үндэсний чуулган дээр ч энэ асуудлыг олон хүн хөндөж байсан. Тэр үед шүүгчийг ард түмэн сонгодог байя гэсэн санал ч гарч байлаа. Ингэх боломжтой юу?
-Дэлхийд шүүгчийг ард түмэн сонгодог улс цөөхөн. Америкийн цөөхөн муж л байдаг. Одоо Америкт ч үүнээс татгалзаж байгаа. Гадаадын бусад улс шүүгчийг томилдог. Энэ нь тодорхой учир шалтгаантай юм. Хэрэв шүүгчийг парламентын гишүүн шиг ард түмэн сонгодог болох юм бол мөрийн хөтөлбөртэйгээр хүн шийтгэдэг зам руу орно. Яагаад гэхээр сонгуульд ялалт байгуулж, шүүгч болохын тулд Батаа “Дорж чиний юмыг өгөхгүй байгаа бил үү. Би тэрийг шийтгээд өгье”. “Цэцэгээ тэр чамайг дээрэлхээд байгаа бил үү. Би тэрийг шоронд явуулаад өгье” гэдэг болно.  Тэгээд дахин шүүгчээр сонгогдохын тулд “хүнийг хөтөлбөр”-тэйгээр шийтгэж болзошгүй. Тиймээс шүүгчийг хэзээ ч ард түмэн сонгож болохгүй. Ерөнхийлөгч нь шүүгчдийг томилдог, чөлөөлдөг тогтолцоо манайхтай ижил парламентын засагтай улсад түгээмэл шүү дээ.

-Мэргэжлийн бус хүмүүс шүүгчдийг Ерөнхийлөгч шууд томилдог гэж ойлгодог учраас л өөрийн хүнээ шүүгч болголоо гэж ярьдаг байх л даа?
-Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос өмнө Шүүхийн мэргэшлийн хороо болзол хангасан хуульчдаас сонгон шалгаруулж, шалгалт авдаг. Шалгалтад тэнцсэн хүмүүсийг ШЕЗ-ийн хурлаар оруулж, нууцаар санал хураадаг. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн 14 гишүүн санал өгнө. Тэдний дунд Ерөнхийлөгчийн төлөөлөл ганцхан хүн байдаг. Тэр нь хуулийн бодлогын зөвлөх. Тэгээд ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн хүнийг томилдог. Ерөнхийлөгчийн таньдаг Бат эсвэл Доржийг шууд шүүгчээр томилж, чөлөөлөх ойлголт байхгүй шүү дээ. Шүүгчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулах хориотой байдаг юм.
 
-Хуульчид шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа эхэлсэн гэж ярьж байна. Энэ хүрээнд ямар хуулиудыг өөрчилж, шинэчлэх билээ?
-Шүүхийн шинэтгэлийн хоёр дахь шатанд эрүүгийн эрх зүйтэй холбоотой хуулиудыг шинэчилнэ. Ерөнхийлөгчийн санаачилгаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль Цагдаагийн албан хаагчийн тухай хууль, Цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг багцаар нь шинэчилж байгаа.

-Эдгээр хуулийг шинэчилснээр юу өөрчлөгдөх вэ?
-Өмнөх туршлагуудаас харж байхад цагдаагийн албан хаагчид дэг журам сахиулах хуулийн орчин хангалттай биш байна. Иймээс тэд санаатай болон санамсаргүйгээр хүний эрхэд халдах нь олонтаа тохиолддог. Энэ байдлыг өөрчилье гэж байгаа юм. Ер нь цагдаа, хууль сахиулах бусад албан хаагчид хүний биед үзлэг нэгжлэг хийхээс эхлээд эд хөрөнгийг нь хураахад  маш нарийн хуулийн зохицуулалт үйлчлэх ёстой юм. Америкт хүний эрхэд халдах тохиолдолд тухайн хүний эрхийг сануулдаг шүү дээ. “Та өмгөөлөгч авах, дуугүй байх эрхтэй” гэх мэтчилэн. Энэ мэтээр цааш хуулийн нарийн журам үйлчилдэг. Харамсалтай нь, манайд ийм нарийн процедур, журам байхгүй. Ийм учраас эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа цагдаа ч юм уу, холбогдох хуулийн байгууллагын ажилтнуудын үзэмж, дур зоргоос хамааралтай асуудал явах нь бий. Үүнийг зохицуулъя гэж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан