Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан буйдангаас бууснаар асуудал дуусахгүй

МАН-аас УИХ-д сонгогдсон эрхэм түшээд  АН-аас “Өвөрхангайн Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг тангараг өргүүлэхгүй”  гэсэн ам тангараг авч байж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орох болж. Нэг үгээр хэлбэл “Тэгвэл ингэнэ, Намайг тэгвэл, та ингээрэй” гээд уруулаа унжуулдаг хүүхэд шиг л.

Уг нь бол Өвөрхангай 10 дугаар тойргоос хэнээр тангараг өргүүлэхийг АН-ынхан шийддэгч зүйл биш. Үүнийг шүүх тогтоож, үүнийх нь дагуу сонгуулийн төв байгууллага шийддэг зүйл гэж учир мэдэх зарим хүн хэлэх.
Гэхдээ ирэх жилийнхээ төсвийг хугацаанд нь хэлэлцэж батлахын тулд АН “За Өвөрхангайн Г.Батхүү, Д.Зоригт хоёроор тангараг өргүүлэхээ больё” гэж хэлснээр,  МАН-аас сонгогдсон гишүүд буйдангаасаа бууснаар асуудал бүрэн шийдэгдчихэж байгаа хэрэг огт биш болов уу.

Хамгийн сүүлийн мэдээгээр МАН-ынхан төрийн ажлыг бүхэлд нь гацааж байж Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулиын сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан эсэхийг Өвөрхангай аймгийн сум дундын өөр шүүхээр хянуулж хэлэлцүүлэх боллоо гэсэн.
Үүнийг уг нь нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх тогтоочихсон зүйл. Ганцхан энэ бүхэн МАН-ын эрх баригчдад таалагдахгүй байгаагаас л ингээд дамжаад, даамжраад  байгаа хэрэг. Юутай ч Өвөрхангай аймаг дахь УИХ-ын  сонгуулийн дүнгийн асуудал гурав даахь шүүхийнхээ ширээн дээр очлоо. Энэ шүүх ямар шийдвэр гаргахаас асуудал шалтгаална гэсэн үг. Тэр шүүх нь мөн л урьдын адил “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа оролцуулсан нь үнэн байна, Архи эд зүйл тараажээ” гэсэн шийдвэр гаргачихвал МАН-ынхан яах юм бол. Будан дээрээ хэвтэх үү. Шалан дээр суух уу. Төрийн ордны орой дээр гарч суух болов уу. Эсвэл Ховдын, Увсын,  бүүр хятадын шүүхээр шийвэрлүүлье гэх юм болов уу.

Тангаргаа өргөөгүй хоёр хүний тухай ингэж байхын зуур үүнээс бүр ноцтой зүйл хаяанд ирж тангараг өргөсөн өөр хоёр гишүүн нь хууль бусаар УИХ-д орсон болоод байгааг тэд юу гэж харж байгаа бол. УИХ-ын сонгуулиар энэ намаас Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн  нар мөн л сонгогчдын санал худалдан авах зорилгоор, айлын гэр түрээслэх нэрээр мөнгө тараасныг өнөөх мөнгийг гардан тараасан хүмүүс нь хууль шүүхийнхний өмнө хүлээн зөвшөөрчихөж. Одоо эцсийн шатандаа орж шүүхэд шилжээд байгаа энэ хэргийн талаар Монгол Улсын шүүх нэг л өдөр “Бүгд найрамдах” уншчихна.
Ингэхэд МАН-ынхан яах нь бас сонин байна. Бас л Увс аймгаас баахан хүнийг авчирч жагсаах уу. Өнөөх 100 мянган төгрөг авсан хүнийг нь авчирч “Би гэрээ түрээсэлсэн юм. Зарсан юм” гэж хэлүүлэх үү.

Гэтэл бас Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн байна. Мөн л сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор хоёр сар хүрэхгүй хугацаагаар хашсан Сангийн сайдын албан тушаалаа ашиглан төсвийн мөнгөөр авлига тараачихсан хүн. Энэ талаар харин МАН-д хэлэх юм тун маруухан л болов уу. Яагаад гэхээр Д.Хаянхярваа “сайд”-ынх нь гарын үсэг мөнгөний баримт дээр тодоос тод байж байгаа юм чинь.

Гэхдээ МАН үүнийг яаж бас зүгээр орхихов, бас нэг жагсаал хийж л таараа. Харин юу гэх бол. “Д.Хаянхярвааг аймгийн Засаг дарга байх үед Дарханыхан бусад аймгийн иргэдээс илүү их ядуурсан” гэх үү, эсвэл “Дарханыхан Хонгорын хордлоготой болохоор илүү харж үзсэн юм” гэх үү.

Ингээд энэ жагсаалт дуусахгүй цаашаа үргэлжлэх магадлал тун өндөр байна. Дорнодын Н.Номтойбаяр, Завханы Д.Оюунхорол нарыг мөн л сонгогчдын санал худалдан авах зорилгоор мөнгө тараасан, ЖДҮ-ийг дэмжих зээлийг зориулалтын бусаар түгээсэн гэсэн мэдээлэл бас яваад байгаа.

Юутай ч МАН-ынхан төрийн ажлыг гацаан байж Өвөрхангайн асуудлыг жааханч болтугай хойшлуулсан ч энэ нь сонгогчдын санал худалдан авахын тулд МАН, түүний нэр дэвшигчид олон жил ашиглаж ирсэн мөнгө төгрөг, эд зүйл тараадаг аргаа хэрэглэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн олон ноцтой баримтуудаа хааж, халхалчихсан хэрэг огтоос биш бололтой.
Буйдан дээр сууж төрийн ажлыг гацаах амархан, буйдангаас бууснаар асуудал харин намжихгүй бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан