Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын гишүүдийн халаасанд хуулийн дагуу “гар дүрнэ”

Түүхэндээ анх гэдгийг нь мэдэхгүй ч сүүлийн хэдэн жил гудамжинд гараагүй МАН өнгөрсөн долоо хоногт жагсаал цуглаан зохион байгуулж, суулт зарласан. “МАН гудамжинд гарлаа. Байнга олонх байна гэж юу байхав дээ” хэмээн иргэд тун таатайгаар хүлээн авсан. Харин зарим нь тэднийг чин сэтгэлээсээ дэмжиж хүйтнийг үл ажран жагссан. Гэвч энэ жагсаалаас бол УИХ дахь МАН-ын гишүүн тус бүр халааснаасаа 20-60 мянган төгрөг Төрийн ордны хамгаалалтын албанд тушаахаар болов. Гэхдээ хуулийн хүрээнд тэдний халаас руу “гар дүрэх” болсон юм. Учир нь, МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимыг буйдангаар таглаж суулт зарласан нь хууль бус үйлдэл болжээ. Тодруулбал, Төрийн ордны тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Төрийн ордны тухай хуулийн “11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийхийг хориглоно...”, “13.1.3. Энэ хуулийн 11.1.4-т заасныг зөрчиж Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлсэн, төрийн ордонд нэвтрэгчид саад хийсэн иргэнийг 20 000-50 000 төгрөг, албан тушаалтныг 20 000-60 000 төгрөг, байгууллагыг 50 000-250 000 төгрөгөөр торгоно...” гэж заасан байдаг аж. Нэгэнт хууль зөрчсөн болохоор ийм торгуульд унах нь тодорхой боллоо.
Гэхдээ энэ асуудлыг босгож ирсэн хүн нь УИХ
-ын гишүүн Р.Бурмаа болов. Нэг ёсондоо МАН-ын гишүүдийн халаасанд хуулийн дагуу гараа дүрэх асуудлыг сөхсөн хүн гэж хэлэхэд болно.
УИХ
-ын гишүүн Р.Бурмааг ажилдаа ирэхэд нь жагсагчид ганц нэг дэлсч авсан юм байх. Гэтэл үүнийг харсан Төрийн ордны хамгаалалтынхан ямар ч арга хэмжээ авалгүй, эрхэм гишүүнийг зодуулж байхыг хараад л байсан гэнэ. Үүнээс болж ундуйцсан гишүүн өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй энэ асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж ирж Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, хурандаа Г.Лхагвасүрэнд завчий хүртээв. Мөн үүнийг хачирласан хүн бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Тэрээр, Төрийн ордны хамгаалалтынхан үнэхээр ажлаа сайн хийдэг юм уу. Гишүүнээ танихгүй юм. Хаалгаар орж ирэхээр үнэмлэхээ үзүүл гэж шаардах юм. Гэтэл жагсагчид ингэж авирлаж байхад ерөөсөө тоохгүй байсан гэж гомддоллов. Үүнээс үндэслэж УИХ-ын дарга З.Энхболд, Төрийн ордны хамгаалалтын албан дарга болон хуулийн зөвлөхөд эрүүний шөл уулгаж, ажлаа өгөхийг ч шаардсан юм. Ингэж банга хүртсэний эцэст МАН-ын гишүүд торгуульд унасан. Байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэж бодоогүй ирсэн С.Бямбацогт гишүүн ёстой л хүчин мөхөстөж, “Эсэргүүцэж байна” гэснээс өөр үг хэлж чадаагүй юм.
Тус жагсаалд МАН
-ын 25 гишүүнээс У.Хүрэлсүх, Д.Бат-Эрдэнэ, Ц.Дашдорж нар оролцоогүй гэж бодохоор 22 гишүүн торгуульд унах нь. Нэг хүнийг дунджаар 40 мянган төгрөгөөр торголоо гэж бодоход 880 мянган төгрөг хуримтлуулна гэсэн үг. Мөн дээрээс нь МАН-ыг хуульд зааснаар 250 мянган төгрөгөөр торговол сая гаран төгрөг хураах нь. Энэ бол миний тооцоолол. Тэгэхээр дараагийн долоо хоногийн эхээр МАН-ын гишүүдэд торгуулийн арга хэмжээ авснаа Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Хууль зүйн байнгын хороонд мэдүүлэх нь. МАН харин торгуулийн арга хэмжээ авахуулдаг болов уу яадаг бол. Гэхдээ хөрөнгөтний нам гэдгээ албан ёсоор бус ч нэг бус удаа илэрхийлсэн болохоор үүнд гудийхгүй байлгүй дээ

Г.ДАВАА

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан