Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-Д ӨДӨЛСӨН ЖИГҮҮРҮҮД УРГАХ УУ
УИХ-ын ээлжит сонгуулиас хойш МАН-д хоёр ч жигүүр нэмж “ургалаа”. Эгэл жирийн гишүүд нь “Ардын жигүүр” байгуулсан тухай мэдэгдлээ гурав хоногийн өмнө намын Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн байна. Тэд мэдэгдэлдээ намынхаа алдаа дутагдлыг голдуу тусгаж дурдсан байлаа.
Тухайлбал, намын дотоод ардчиллын зарчим бүдгэрч, намын дунд шатны удирдах албан тушаалтан манлайлагчдын ёс зүйгүй үйлдэл, намыг тэтгэгч бизнесийн бүлэглэлийн оролцоо, нөлөөлөл байх ёстой хэм хэмжээнээсээ хэтэрч, жирийн гишүүд дэмжигчдийн санаачилга, оролцоог боогдуулж байна.
Нам доторхи янз бүрийн бүлэглэлд багтаж чадаагүй, эсвэл хөрөнгө мөнгөгүй, жирийн гишүүд нь шийдвэр гаргах төвшинд гарч ирж, өөрийгөө бусдад таниулах, үзэл бодлоо илэрхийлэх боломж хаагдмал болж. Тиймээс  намын шийдвэр гаргах төвшинд гишүүдийн оролцоо өндөр байх тусам дотоод ардчилал, шударга ёс бэхжиж нам эрүүлжинэ гэж үзсэн учир жигүүр байгуулахад хүрчээ. Намын дотоод шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн оролцоог хангах, чадвартай, шударга залуу боловсон хүчин гаргаж ирэх, ирээдүйд үндэсний хэмжээний намын удирдагч болгон бэлтгэхэд “Ардын жигүүр”-ийн үйл ажиллагаа чиглэх юм гэнэ.
Үүнээс гурван сарын өмнө МАН-ын Бага хурлын болон жирийн гишүүд, дэмжигчид “Ардын намын анхны жигүүр”-ийг үүсгэн байгуулж, тухайн үед намын дарга байсан С.Батболдод шаардлага хүргүүлж байлаа. Тэд “MAH 2008-2012 онд УИХ-д 76-аас 45 суудалтай олонхи, НИТХ-д 45-аас 39 суудалтай дийлэнх олонхи болсноор төрийн эрхийг бүх төвшинд барьж байлаа. Энэ удаагийн сонгуульд УИХ-д 25, НИТХ-д 10 суудал авч ялагдал хүлээсэн нь намын удирдлагууд /Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөл, Нийслэлийн намын хороо/ бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэслэл болно” гэсэн шаардлага тавьсан.
Ингэж хэсэг гишүүн, дэмжигчид нь нийлж жигүүр байгуулснаа мэдэгдэж, шаардлага хүргүүлдэг юм байж. Цаашид намынхаа ажил хэрэгт хэрхэн оролцох, ямар үүрэг, нөлөөтэй байх бол гэсэн асуулт  сонирхол татна. Нам дотроо жигүүр, фракц, бүлэглэл байгуулж, нэг хэсэгтээ л шударга хүний дүрд тоглон нам, удирдлагуудаа шүүмжилнэ. Тэгээд ч МАН-д албан тушаалд хүрээгүй гомдогсод л жигүүр, фракц байгуулж гүйдэг тогтсон жишиг бий. Урьд өмнөх олон жигүүр ургаж гүйцээгүй нисэх нь бүү хэл, эргэн хумигдаж байсан түүхтэй. Тэд мэдээж албан тушаал, ашиг сонирхол харж, бялуу хүртэх гэсэн хүслээ жигүүр байгуулж шоудсанаар илэрхийлж байсан болохоор Ардын намд жигүүр байгуулах нь тийм ч сонин үзэгдэл биш. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд засгийн эрхэнд тасралтгүй суусан тэдний хувьд жигүүр ургуулах гэсэн хүсэл мөрөөдөлтэй нөхдийнхөө хорхойг ямар нэг албан тушаал, “бялууны хэрчмээр” дараад өнгөрөх боломж бүрэн байлаа.
МАН-д шинэхэн мэндэлсэн гэх үү, ургасан гэж хэлэх үү хоёр “дальнаас” гадна олон ч жигүүр өдөлж эхлээд удалгүй хумигдаж байв.  
“Шинэ үе”, “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс”, “Зүүний хүчний холбоо”, “Соёмбо” гэх мэтээр урт жагсаалт хөвөрнө. Тухайн үедээ бас л шинэхэн дээрээ сонихон байсан жигүүрүүд одоо хаана явна вэ. Намдаа “Шинэчлэл хэрэгтэй” гэсэн лоозон барьсаар ургадаг жишигтэй эдгээр жигүүрхэнүүд одоо нүд аньсан. Шинэчлэл хүсч байсан толгойлогч нар нь мөрөөдлөө орхиж, албан тушаалд очсоноор мөхсөн гэхэд болно. Энд ганц жишээ дурдахад хангалттай. МАН-ын одоогийн дарга
Ө.Энхтүвшин цагтаа “Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёс” жигүүр байгуулж хэсэгтээ дарга нараа шүүмжилж шуугиулсан. Гэхдээ л нэг их удалгүй чимээ алдарсан.
Энэ бяцхал “даль”-нуудтай нам нь засгийн эрх бариагүй энэ үед хэрхэн зөвшилцөхийг цагтаа цалгиж жигүүр удирдаж явсан Ө.Энхтүвшингийн ур чадварыг харах л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан