Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цалин тэтгэмжийг нэмэх хэрэгтэй гэв
УИХ дахь МАН гишүүд өнөөдөр хуралдаж 2013 оны төсвийн талаар ярилцжээ. Энэ талаар МАН-ын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Бид төсвийн талаар зарчмын байр суурьтаа хэвээрээ байна. Төсөв асар их хэмжээгээр нэмэгдсэн. Гэвч нийгмийн халамжийн асуудал орхигдоод байна. Тухайлбал, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухай асуудал орж ирээгүй. Хамгийн сүүлд М.Энхболдын удирдаж байсан Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үед инфляци, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй холбоотойгоор цалинг гурван удаа нэмж байв. Төсөв өнөөдөр боломжийн болсон үед цалинг нэмэхгүй байгаад манай бүлэг анхаарал хандуулах ёстой. Инфляци нэг оронтой тоонд барина гэж байгаа ч бодит байдалд үр дүн ямар гарахыг мэдэхгүй.
Төрийн албан хаагчдын цалинг л нэмдэгээс хувийн хэвшлийнхэн цалингаа нэмэгддэггүй гэж шүүмжилдэг. Тэгвэл төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж байж хувийн хэвшлийнхний цалин нэмэгдэж, тэр хэмжээгээр амьжиргаа нь дээшилнэ. Өнгөрсөн дөрвөн жилд цалин тэтгэмж 2.5 дахин нэмэгдсэн судалгаа байдаг. Гурван жилийн өмнөөс манай нам цалин тэтгэврийг нэг сая төгрөгт хүргэх ёстой, ийм боломж бий гэж зорьж ирсэн. Гэвч үүнийг төсөвт суулгаагүй байгаа нь биднийг энэ чиглэлд анхаарлаа хандуулж гэж байгаа юм байлгүй дээ.
Нөгөөтэйгүүр Засгийн газар төсвийн хууль зөрчиж 100 гаруй тэрбум төгрөг юунд зарцуулж байгаа нь эргэлзээтэй байна. Цаашид ийм жишиг тогтоож болохгүй.
Хөрөнгө оруулалтын тав хүртлэх хувийг Засгийн газар зарцуулж байх хуулийн төсөл оруул ирж, хэлэлцэх эсэхийг шийдсэн. Бид үүнд санал нэгдэж байгаа. Төсөв цэг, таслал, тоо бүрийг нарийн баталдаг. Засгийн газар, УИХ хоорондын харилцаа нэг нь нэгэндээ хяналт тавьж байх ёстой зүйл нь төсөв. Гэтэл үүнийг өөрийнхөөрөө зүтгүүлж байгаа нь зүйд нийцэхгүй. Ялангуяа УИХ-ын маш олон гишүүн Засгийн газрын гишүүн болоод хяналтгүй зарцуулах мөнгө батлуулж аваад, тэдэнд хяналт тавина гэдэг эргэлзээтэй. Тиймээс заавал задаргаатай төсөв байх ёстой, хуулийг тэгж батлахгүй.
Хөрөнгө оруулалт тэнцвэргүй байгаа нь улс орны хөгжлийг жигд хангаж болохгүй байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл, завсарлага авах тухай хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ хуулиудыг төсвийн хуультай хамт хэлэлцэн батлахыг дэмжиж байна. Өнөөдөр төлөөллөөрөө дамжуулаад төрийн эрхийг барих Үндсэн хуулийн зарчим алдагдаж байгаа. Тиймээс энэ хуулиудыг батлаад явахад маргалдах зүйл бага байна байх.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шинэчлэлийн Засгийн газар маань шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн ард түмэн рүүгээ чиглэсэн төсөв оруулж ирэх болов уу гэж бодож байсан. Гэвч тэгсэнгүй. Хуучинсаг, уламжлалт, дарга нарт чиглэсэн төсөв оруулж ирлээ. Эрх мэдэлтний эрх мэдлийг дэмжсэн төсөв оруулж ирсэн.
Тухайлбал, багш нарын 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмжийг өгөхгүй гэж оруулж ирсэн ч бид эсэргүүцсэний улмаас өгөхөөр боллоо.
Энэ удаа Засгийн газар жижиг дунд үйлдвэрийг дэмжихгүй нь. Харин ч дээрээс нь шинэ тоног төхөөрөмж авахад ногддог татварын хөнгөлөлтийг байхгүй болгох гэж оруулж ирсэнийг зассан гэв.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан