Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМУУД СӨРГӨЛДӨЖ, ТӨР ГАЦАХ НЬ МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ БИШ
Өвөрхангайн асуудал намжиж, парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжиж эхэлсэн. Ингэснээр олонхи болсон АН буулт хийж, цөөнхийн эрх ашиг хэмээн ярьж байгаа МАН-ынхан зөрүүдлэн суусаар ялсан юм шиг олон нийтэд харагдаж буй. Тэгвэл одоогийн байдлаар хэн хэн нь ялалт байгуулаагүй гэдгийг бүлгийн дарга нар хэлж суугаа юм. Яахав ирэх оны улсын төсөв батлагдах хугацаанаасаа хоцрох гээд тун чиг хэцүү байдалтай байгаа болохоор түр хойш нь тавьсан хэрэг гэнэ. Тэгэхээр нэг их удалгүй буюу төсөв батлагдсаны дараа тангараг өргүүлэх асуудал эргэн тавигдах нь. Нэг үгээр хэлбэл, хорь хүрэхгүй хоногийн дараа л асуудал дахин сэдэрч, чи би дээ тулах магадлалтай.

МАН нь шүүх буруу шийдвэр гаргаж манай нэр дэвшигчдийг тангараг өргүүлэхгүй байх арга зам хайлаа гэж уйлан дуугарч, жагсаалаа хийх нь. Харин АН бүх зүйл хуулийн хүрээнд шийдэгдсэн, хараат бусаар шийдвэр гаргасан тиймээс асуудал байхгүй, тангаргийг нь өргүүлнэ гэх бололтой. Магадгүй энэхүү маргаан дахин үргэлжилснээр парламентад дахин гацаа үүсч ч болзошгүй.

Дахиад л буйдан тавьж суулт зарлан, хууль зөрчих МАН-ынхан өнөөх уриа лоозонгоо барин суух биз. Харин АН-ынхан хууль зөрчсөн үйлдэл нь хэрээс хэтэрч байна гэж ярьж таараа. Ер нь, аль болгон цөөнхийн байр суурь очсон нь айлын эрх хүүхэд шиг уруулаа унжуулан, сэтгэлд нийцэхгүй байна гэж уцаарлан, уйлан дуугарч суух юм бэ. Олонхи нь хойт эхийн дүр үзүүлж, уцаарлан суух нь зохимжтой юу. Аливаа хуулийн этгээд хоорондын маргааныг зохицуулдаг эрх зүйн орчныг зохицуулах журам дүрэм гаргаж, хууль тогтоодог газар нь ийм байдалтай суух нь хэр оновчтой юм бол. Өнөөдөр өөрсдөө ийм байдалтай, өс хонзон зангидсан байдалтайгаар төрийн үйл ажиллагаанд гацаа тавих нь зөв үү гэсэн асуулт ч урган гарах. Гэвч үүнийг ухааран, ойлгож суугаа түшээ өнөөдөртөө алга гэхэд хилсдэхгүй биз. Зөвхөн хэн нэгэндээ бойкот хийж л байвал тэр нь аз жаргал мэт болсон гэхэд нэг их буруудахгүй биз. Ингэж хэлж буй нь ч учиртай. Өмнөх парламентын үед АН-д таалагдахгүй бол тухайн асуудлаас хугацаагүйгээр завсарлага авдаг байлаа. Ялангуяа Сонгуулийн тухай шинэ хуулийг төрүүлэн гаргах гэж хэчнээн удлаа гэдгийг санах учиртай. Харин МАН тэрхүү өшөө хорслоо энэ цаг үед тайлахаар зорьж байх шиг. Болж өгвөл хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд дэгээ тавих арга хайж сууна. Энэ нь ч тэдний туйлын зорилго болсон мэт. Үүнийг батлах нэгэн яриа Төрийн ордны хонгилоор тэнүүчилсэн хэвээр байна.

Шинэ парламент бүрдэх үед МАН-ынхан гацаа тавьж хэд хоносон. Түү­ний­гээ үргэлжлүүлэхийг зорьсон ч бүтэл­гүйтсэн билээ. Түүнээсээ болж өд­гөө бүлэггүй болчихсон суугаа. Ийм зүйл тохиолдсонд ихэд харуусч нэг хэ­сэг хуралдаа суухгүй хэмээн бослого зар­лав, тэд. Үүнээс гадна дотооддоо ч бү­лэг байгуулах асуудлаар ширүүхэн маргалдаж, АН-ыг “аттаклах” болом­жоо алдлаа хэмээн туршлагатай пар­ла­ментич нартаа бухимдсан гэнэ. Өө­рөөр хэлбэл, бүлэг байгуулах асуудлыг хэ­нээс илүү сайн мэдэх ахмад гишүүд нь энэ талаар огт үг унагаагүй аж. Үү­нээс нь болж бүлгээ байгуулж ча­далгүй сул гишүүдийн байр суурьт хүр­чээ. Хэрэв бүлэгтэй болчихсон бол өд­гөө АН-д жинхэнэ утгаар нь хаалт тавьж, хуулийн дагуу завсарлага авч, бойкот гэдгийг үзүүлэх байсан хэмээн ахмадуудаа зэмлэн, зөрүүд зан гарган бүлэг байгуулах албан бичгээ өгөлгүй явсандаа амаа барин суугаа аж. Зарим гишүүн нь ч энэ талаар цухас дурдаж байсан. Тодруулбал, хэрэв бид бүлэгтэй байсан бол өнөөдөр АН-ыг ингэж давруулахгүй байсан юм гэж ярих. Магадгүй энэ нь үнэний ортой биз.

Гэхдээ бид хөгжил дэвшил тийш зүглэн яваа улс. Өөр хоорондоо тол­хил­цож, тамын тогооны үлгэр шиг амьдрах нь нэг их зохистой биш болов уу. Тиймээс төрийн үйл ажил­ла­гаагаа хэвийн явуулж, хуулийн да­гуу шийдсэн асуудлыг эсэргүүцэх нь бус­дад хонжоо болохоос өөрсдөд ашиг­тай бус гэдгийг санах хэрэгтэй биз ээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан