Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Эрдэнэжамъян: Захидал бичсэн үйлдэл Засгийн газарт таалагдахгүй байгаа бол би сайд хийх шаардлагагүй
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъянгаас цөөн асуултад хариу авлаа.

-Захидал явуулахдаа та Хууль зүйн дэд сайдынхаа нэрийн өмнөөс явуулсан юм уу. Эсвэл намынхаа нэрээр илгээсэн юм уу?

-Захидалдаа би МАХН-ын гишүүн, ийм ажил хийдэг гэдгээ тодорхой бичсэн. Намын даргыг ингэж шалгаж байгаа. Энэ хэргийг шударгаар шийдээсэй гэж маш олон хүн хүсч байгаа, Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна гэдгээ л бичсэн. Илгээсэн захидлаа иргэн Эрдэнэжамъян гэж бичихгүй. Хууль зүйн дэд сайд гэж бичсэн. Гэхдээ бид нүдэн дээр илт хууль зөрчсөн ийм үйлдлийг хараад өнгөрөөхгүй. Эмнести интернейшнл, Интерпол гэдэг байгууллагад захидал бичнэ.
-Таны захидал бичсэн үйлдэл чинь эрүүгийн хэрэг үүсгэх түвшинд хууль зөрчсөн хэрэг үү?
-Тийм сүртэй хэрэг биш байх.
-Дэд сайдын нэрийн өмнөөс ингэж захиа бичиж байгаа нь Засгийн газар захидал бичсэн юм шиг харагдаад байна л даа?
-Тийм биш ээ. Шударга үнэний төлөө тэмцдэг нам гэж явчихаад Хууль зүйн дэд сайд болчихоод дуугарахгүй байна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс улстөрчийн хувьд, хуульчийн хувьд үүний эсрэг дуугарах ёстой. Энэ үйлдэл Засгийн газарт таалагдахгүй, бодлого нь  биш гэж байгаа бол би энд ажиллах шаардлагагүй.
-Тэгвэл дэд сайд болсноор даргынхаа төлөө ажиллаж байгаа юм шиг харагдаж байна?
-Даргатай холбоотой асуудалд бол угаасаа улс төр явж байгаа. Би үүнийг олон гаргалгаагаар тайлбарлаж өгч болно. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг шиг Монголдоо шийдэх юмыг заавал олон улсын байгууллагыг татаж оролцуулаад байгаа нь цагдаагийн байгууллагын хийж байгаа ажил. Уг нь, аль ч улсын цагдаа улс төрийн ийм хэргээр гадаадын байгууллагад хандах ёсгүй. Аливаа асуудал бүрэн шийдвэрлэгдэж дууссаны дараа ханддаг. Гэтэл манайхан мэдэхгүй байгаа юм уу, эсвэл санаатай ингээд байгаа юм уу мэдэхгүй юм. Би бол цагдаагийн байгууллагыг бүр том алдаа хийхээс нь өмнө тодорхой хэмжээний мэдээлэл өгч байна.
-Н.Энхбаярт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд Н.Энхтуяа, Буяа нарыг авчрах шаардлагатай. Гэтэл өөрсдөө зугтаад байгаа хүмүүсийг оруулж ирэхийн тулд Интерполоос өөр байгууллагад хандах арга байхгүй биз дээ?
-Уг нь, ямар ч шаардлага байхгүй. Заавал мэдүүлэг өгүүлэх гээд байгаа бол тэр хүмүүс хамаатныхаа хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Тэр байтугай олон гэрчийг гадаадад байгаа гэдэг нэрийдлээр шүүх хуралд оролцуулаагүй. Гэрчийг шүүх хуралд оролцуулаагүй байж тэднийг авчрахаар улайрч байгаа нь цаанаасаа улс төр явж байгааг илтгэж байна. Намайг захиа бичсэний төлөө хэрэг үүсгэж байгаа бол бас л улс төр.
-Хуулиараа ах дүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй юм чинь тэд сайн дураараа хүрээд ирж болохгүй гэж үү?
-Тэд зугтахаас өөр яах юм бэ. Та бүхэн харж байгаа биз дээ. Дэд сайд Тулгыг Монголд ирэхэд нь яалаа даа. Барьж аваад л 14 хоног хорьсон. Гэтэл тэр хүн ямар ч холбогдолгүй нь тогтоогдсон шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ирэхгүй байгаа нь зөв.
-Таны ингэж захидал бичиж байгаа чинь АТГ-ын мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм бус уу?
-Яаж нөлөөлсөн гэж. Миний тушаалаар Интерпол хайж байсан хүнээ хайхаа больчихдог бол өнөөдөр больчихсон байгаа. Гэтэл өнөөдөр хайсаар л байгаа. Би тэднийг тэр хүмүүсийг битгий хай гэж хэлээгүй. “Та нар хуулийнхаа дагуу дөрвөн зүйлд оролцдоггүй. Хүний эрх, улс төрийн хэрэгт оролцдоггүй юм билээ. Тэр утгаар нь хараарай. Тэгэхгүй бол та нар улс төрийн хэрэгт оролцсон гэдгээр хуулиа зөрчих вий. Тиймээс шинжээчээ манай улс руу явуулаач” гэсэн хүсэлт л гаргасан.
-Энэ тэгвэл намын даалгавар юм уу, хувь хүний шийдвэр үү. Аль эсвэл шахалт байв уу?
-Шахалт биш. Манай нам ийм зүйлд цөхрөлтгүй ажиллана. Манай намаас УИХ, Засгийн газарт томилогдсон бүх хүмүүс ажиллана.
-Нам хуралдаж шийдвэрлээд, та захидал бичиж байгаа нь намын даалгавар бас шахалт юм шиг харагдаж байна?
-Буяа, Энхтуяа нар ч биш. Интерполын хуульд заасан хайх ёсгүй дөрвөн зүйлээр хүн хайж байгаа бол би захидал дахиад ч бичнэ. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүйгээр суувал дэд сайд хийх ямар ч шаардлага алга.

Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
авлигтай тэмцэх газар луйварчид эрлийз хурлийзуудын бууны уяаны нохой болсон газар эрдэнэжамьянгийн зөв дэмжиж байна
Хамгийн их уншсан