
Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн 2026–2027 оны төслийн сонгон шалгаруулалтад нийт 228 төсөл ирүүлснээс 11 байгууллага шалгарсны нэг нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар боллоо.
2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төслийн гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд Завхан аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Н.Бямбадорж оролцож төслийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Мөн төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудад зориулсан санхүүгийн тайлагналын сургалтад Завхан аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Дүүрэнбилэг оролцож, төслийн санхүүгийн удирдлага, тайлагналын шаардлагатай танилцлаа.
Төслийн санал боловсруулах үе шатнаас эхлэн Өгөгдөл, Бодлого, Нөлөөлөл Институтын захирал А.Цэвээнгэрэл болон бие даасан үнэлгээний зөвлөх Г.Ууганцэцэг нартай хамтран ажиллаж ирсэн бөгөөд төслийн хэрэгжилтийн хугацаанд зөвлөхүүд Завхан аймгийн ЗДТГ-тай төслийг хамтран хэрэгжүүлж, хяналт-шинжилгээ, үнэлгээ, үр дүнд суурилсан удирдлага, жендэрийн мэдрэмжтэй үнэлгээ, судалгаа, өгөгдлийн шинжилгээ болон бодлогын үнэлгээний чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллана.
Энэхүү төсөл нь Монгол Улсад 2023 оноос хэрэгжиж эхэлсэн үнэлгээ, мониторингийн шинэчлэлийг орон нутгийн түвшинд бодитоор хэрэгжүүлэх, төрийн бодлого, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх чадавхыг бий болгох, орон нутгийн хөтөлбөрт үнэлгээ хийх, үнэлгээний үр дүнд үндэслэн шийдвэр гаргах, төлөвлөхөд ‘Үр дүнд суурилсан тогтолцоог төлөвшүүлэхэд чиглэсэн чухал санаачилга юм.
“Завхан аймгийн жендэрийн мэдрэмжтэй хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” төсөл 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 2027 оны 2 дугаар сарын 28 хүртэл хэрэгжинэ. Төслийн зорилго нь Завхан аймгийн удирдлага болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 40 орчим албан хаагчийн үр дүнд суурилсан удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ, жендэрийн мэдрэмжтэй үнэлгээний мэдлэг, практик ур чадварыг бэхжүүлж, нотолгоонд суурилсан, хүртээмжтэй, эгэх хариуцлагатай орон нутгийн засаглалыг дэмжихэд оршино.
Төсөл нь зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй, оролцогчид аймгийн хэмжээнд хэрэгжиж буй тэргүүлэх бодлого, хөтөлбөрөөс сонгон үнэлгээ хийж, үнэлгээний төлөвлөлт, үнэлгээний өгөгдөл цуглуулалт, дүн шинжилгээ, үр дүн, зөвлөмж боловсруулалт, үнэлгээний үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргалтад ашиглах хүртэлх бүх үе шатыг завлөхүүдийн хамт “оролцоонд суурилан өөрсдөө хийж сурах” аргачлалаар ажиллана.
























