Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амарбат: “Саусгоби Сэндс” компанийн захирлуудыг гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан
АТГ-аас тус байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар тус байгууллагаар Саусгоби Сэндс компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг шалгаж байгаа юм Мөн аймгуудын Засаг дарга нарын хэргийн ихэнхийг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллад шилжүүлээд байгаа юм байна. Дээрх хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өгсөн юм.

-Саусгоби Сэндс компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг шалгаж байгаа гэсэн. Энэ тухай тодруулбал?
-АТГ-т мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэрэгт АМГ-ын дарга П.Батхуяг холбогдоод байгаа. Энэ хэргийг шалгах явцад Саусгоби Сэндс компанийг зайлшгүй шалгах шаардлага гарсан. Хэргийг шалгах явц одоо ч гэсэн үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Австралийн иргэн Сара Армстронгийг Монгол Улсаас гарч явахаас нь өмнө Чингис хаан нисэх онгоцны буудал дээр саатуулсан. Энэ хүнийг бид цагдаж хориогүй, зохих таслан сэргийлэх арга хэмжээг аваад шалгах ажлаа үргэлжлүүлж байна. Чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгааг хэлэх арай эрт байна. Шалгалт үргэлжилж байгаа болохоор асуудал тодорхой болохоор нь мэдээлэл өгнө.
- Сара Армстронгоос өнгөрсөн баасан гаригт мэдүүлэг авахдаа Австралийн консулын газрыг оролцуулаагүй гэсэн. Ямар шалтгаанаар оруулаагүй юм бэ?
-Манай улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулиар сэжигтэн, яллагдагчаар хэн нэгнийг байцаахад өмгөөлөгчийг оруулахаас өөр зохицуулалт байдаггүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа маань онцгой. Энэ ажиллагаанд хөндлөнгийн аль нэгэн яамыг төлөөлж гадны хүнийг байлцуулах эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэр хүнд эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч оролцож байгаа. Тэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хангалттай гэж үзэж байна.
-Саусгоби Сэндс компанийн гурван захирлыг гадагш гарах эрхийг нь хориглосон гэсэн?
-Саусгоби Сэндс компанид ажиллаж байсан гадаадын зарим иргэнийг гадаадад зорчих эрхийг нь хязгаарласан нь үнэн.
-Цагдаагийн байгууллагын хурандаа нарт холбогдох хэргийг шалгаж байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан болон ажиллаж байгаа хурандаа нартай холбоотой хэргийг манай хэлтэс шалгаагүй. Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс тэдний хөрөнгө орлоготой холбоотой асуудлаар шалгасан.
-Сангийн сайд асан Д.Хаянхярвааг танай байгууллага шалгаж байсан. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Д.Хаянхярвааг шалгасан хэвээр байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байна.
-ШӨХТГ-ын дарга асан Лхагвааг шалгаж байгаа байх аа?
-ШӨХТГ-ын дарга Магнайгаас ирсэн мэдээллийн дагуу холбогдох шалгалтыг хийгээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Ингээд ШӨХТГ-ын зөвлөлд ажиллаж байсан хүмүүст зөвлөлийн шийдвэртэй нь холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа. Шалгалт дөнгөж эхэлж байна.
-Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа болов уу?
-Хэд хэдэн Засаг дарга шалгагдсан. Аймгийн Засаг дарга нарын хэргүүдийг прокурорт шилжүүлээд байгаа. Прокуророос ямар шийдвэр гаргасан эсэхийг асуух хэрэгтэй байх. Ховд аймгийн Засаг даргын хувьд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерполд захидал илгээснээр АТГ-ын үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэж түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Болсон явдлыг мэдэж байгаа байх. Манай байгууллагаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлуулахаар Интерполын үндэсний товчоогоор дамжуулж Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн эрэн сурвалжлах ажиллагааг Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамъян улс төрийн зорилготой учраас энэ хэргээ зогсоо гэдэг албан хүсэлтийг Монгол Улсын Хууль зүйн яамны дэд сайд Эрдэнэжамъян гэдэг нэрээр и-мэйлээр явуулсан байсан. Энэ нь мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан үйлдэл байж болзошгүй. Мөрдөн байцаалтаар зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэн прокурорт танилцуулаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнтэй эхний удаа уулзаж байцаалт мэдүүлэх авах гэтэл тасалдсан. Үүнийгээ гүйцээж холбогдох нэмэлт мэдээлэл авсан.
-Өрөөнд хүчээр дайрч орж мэдүүлэг авсан гэж хэлж байсан. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим хүн үзэж байгаа?
-Бид хууль зөрчөөгүй. Хууль зөрчсөн талаар албан ёсоор манайд гомдол гаргаагүй байна. Прокурорын байгууллагад ч гомдол гаргаагүй байх. Гаргасан бол манайхаас хэргийг татаж аваад хянаж байх ёстой.
АТГ аливаа үйл ажиллагааг хуулийн дагуу явуулж ирсэн. Тиймээс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэгт хууль зөрчихгүй. Хууль зөрчих шаардлага ч байхгүй.
-Интерпол руу захидал, и-мэйл илгээх нь хүн бүхэнд нээлттэй байдаг юм уу.
-Интерполын үндсэн хууль гэж байдаг. Үүний дагуу зохицуулагддаг. Интерполд хэн нэгэн хандах бус төрийн өндөр албан тушаалтан хандсандаа л учир байгаа юм. Үнэхээр хандах ёстой бол Интерполын үндэсний товчоотой, Ерөнхий нарийн бичгийн даргад ханддаг албан ёсны субьект нь Монголын Интерполын товчоо.
-МАХН-ынхан дахиад ч ийм захидал илгээх болно гэсэн байна билээ. Үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Би үүнд тайлбар өгөх шаардлагагүй.
-Дэд сайд Э.Эрдэнэжамъянд ямар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм бэ?
-Энэ хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, мөрдөн байцаалтын ажилд саад учруулсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа.
-Энэ захидлыг хүлээж авсан Интерполын газраас ямар хариу ирүүлсэн бэ?
-Олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан тэр зүйлд анхаарал тавьлаа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийг цаашид эрэн сурвалжлах эсэхээ эргэж харж үзнэ гэсэн. Энэ нь өөрөө ямар хэмжээний үр дагавартай вэ гэдгийг харуулж байгаа юм.
-Н.Энхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт хэр ахицтай байгаа юм бол?
-Үүнийг мэдээлэх боломжгүй. Бид хийх ажлаа хийгээд л явж байгаа.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Зоригтой бай ! Монголын толоо юм чинь ! Бурхан ивээг ?
Хамгийн их уншсан