
"Сүүлийн үед нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж буй гүтгэлгийн талаар та бүхэнд мэдээлэх шаардлагатай гэж үзлээ. Ажил, албан үүрэгтэй холбоотой гүтгэлэг, дайралтыг ойлгож болно. Харин удам судар төдийгүй амьдралд хөлж тавьж буй охиныг минь хүртэл хүний ёсонд байж боломгүйгээр гүтгэсэн. Үүнийг эртнээс төлөвлөгдсөн, захиалгатай үйл ажиллагаа гэж үзэж байна.
Сайд, даргын хувьд бус иргэн хүний хувьд, үр хүүхдээ гүтгүүлсэн эцэг хүний хувьд гомдол гаргасан. Гэтэл энэ асуудал улам даамжирч байгаа тул өнөөдөр мэдээлэл хийж байна. Улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд, хууль хүчний байгууллагуудын оролцоотой мафын шинжтэй сүлжээ урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн байна. Энэхүү хууль бус бүлэглэл улс төр, хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагуудыг татан оролцуулж байгаа нь ноцтой асуудал.
Төрийн албаны тухай хууль, цэргийн болон төрийн тусгай байгууллагын тухай хуулиудад хатуу хориглосон олон заалтыг зөрчиж, төрийн нэрээр хулгай, дээрмээ нуух гэсэн оролдлого явагдаж байна. Хулгай, дээрэм, хар тамхи, цахим залилан зэрэг гэмт хэргийг таслан зогсоох үүрэгтэй байгууллагууд байсаар байтал төрийн эрхийг хууль бусаар авах, өөрсдийн хууль бус үйл ажиллагааг халхлах зорилгоор бүлэглэн ажиллаж байна" гэв.
ШШГЕГ-ын дарга А.Намсаманд С.Амарсайхан сайдыг томилгоо, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлдөг, хууль бус шахалт үзүүлдэг талаар мэдэгдэж, албаны нууц задруулсан асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн. Харин энэ асуудлаар сайд С.Амарсайхан, "Надад тийм жолооч байхгүй. Миний жолооч өнөөдөр хүртэл надтай хамт ажиллаж байна. Мэргэжлийн бус хүнийг албан тушаалд томилсон асуудал байхгүй" хэмээн хариуллаа.
Мөн "Булнай" гэх иргэнтэй уулзах эсэх талаар асуухад "Өөрөө эх хүн байж ийм гүтгэлэг тараачхаад өнөөдөр гомдоллож явааг ойлгохгүй байна. Хэрэв би буруутай байсан бол уулзаж болох байсан. Гэвч үндэслэлгүйгээр доромжлуулчхаад уулзахгүй" гэв.
























