Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давхар татвар авах гэрээнүүдийг цуцлахаар боллоо
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас зарим улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг хэлэлцлээ. 

Манай улс Кувейт, Люсембургийн Вант улс, Нидерландын Вант улс болон Арабын нэгдсэн Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээнд Монголын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтууд орсон байж. Гэхдээ хэлэлцээрийн “Дуусгавар болгох” гэсэн хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй аж.

Харин “Айвенхоу Майнз” компани “Саус гоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан гүйлгээ, үүнтэй адилтгах бусад гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулснаар Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан. Гэвч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа. Мөн “Оюу толгой” компани Нидерландын Вант улсад бүртгэлтэйгээс болж манай улс татвараа авч чадахгүйд хүрчээ.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембургт толгой компаниа бүртгүүлж, давхар татварын сул талуудыг ашиглаж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зугатах нь түгээмэл. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерландад   бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар  “Нидерландын Вант Улстай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй “Оюу толгой” компанийн татвар төлөх асуудал хэрхэн шийдэгдэх вэ” гэж асуув. Сангийн сайд Ч.Улаан  “Гэрээг зохих журмын дагуу цуцалснаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй болно. Тухайн компани татвараа давхар төлөөд явах уу, эсвэл Монголд бүртгүүлээд татвараа төлөх үү гэдгээ өөрсдөө шийдэх байх. Ер нь, Оюу толгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдан ажиллаж байгаа” гэлээ. Гэрээнүүд цуцлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч магадгүй гэсэн мэдээлэл байгааг Б.Гарамгайбаатар гишүүн тодруулахад  Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд гадаад хөрөнгө оруулалтад төдийлэн нөлөөлөхгүй гэж хариулав.

УИХ-ын дарга З.Энхболд “Ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлахгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерланд татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Тэгэхээр татвараас зугатаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гэлээ. УИХ-ын гишүүн С.Оюун гэрээнүүдийг цуцлахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан