Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НАМУУДЫН САНХҮҮЖИЛТ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРВАЛ...

Улс төрийн намуудын санхүүжилтийн талаар хөндөж эхэлжээ. Ингэхдээ улс төрийн намууд тусгай сангаас санхүүжилт авдаг байх юм гэнэ.
Товчхондоо намууд улсын төсвөөс санхүүжих нь.
Гэхдээ энэ одоо дөнгөж төсөл хэлбэртэй яваа. Намууд ч гэсэн үүнийг дэмжиж байгаа аж. Тэд ч хоёр гараа өргөөд дэмжих нь гарцаагүй.

Тэгэхээр юү гэж тусгасан болоод тэд дэмжээд байгааг дурдах хэрэгтэй болов уу.
Төсөлд тусгаж байгаагаар улс төрийн намууд ямар нэг нэр хаяггүй хандив авахгүй байх, хуульд зааснаас өөрөөр санхүүжих эрхгүй. Төрийн байгууллагаас, гадаадын байгууллага, иргэдээс хандив авахгүй байх, бэлэн мөнгө хэлбэрээр санхүүжилтийн эх үүсвэртэй болохгүй. Хамгийн чухал нь нам ганцхан данстай байх ёстой гэж үзэж байгаа аж. Яагаад гэвэл дүүрэг, аймгийн намын хороод нь зөрчилдөөнтэй байж ойлголцохгүйгээр хоёр дарга, тамгатай болчихдог учир үүнийг дотооддоо цэгцэлж  эсвэл шүүхээр шийдүүлэх ёстой болох нь.

Улс төрийн намуудын санхүүжилтийг тусгай сангаар дамжуулан олгож, иргэд, сонгогчдод улс төрийн боловсрол олгох, улстөрчдийг бэлтгэх, намуудыг төлөвшүүлэх ёстойг төсөлд оруулжээ. Намуудыг санхүүжүүлэх санг хэрхэн байгуулах тухай Герман, Дани улсаас туршлага судалж. Парламентад суудалгүй жижиг намуудыг олон нийтийн хэлэлцүүлэг зохиоход сангаас хөрөнгө гаргаж дэмждэг тогтолцоо байдаг гэв. Зургаан жил ямар нэг сонгуульд оролцоогүй намыг улсын төсвийн хөрөнгөөр дэмжихгүй байх, төрийн бус байгууллага болгон хариуцлага хүлээлгэх боломж бий гэлээ. Хууль бус зүйл хийсэн намыг бүртгэлээс хасах тухай төсөлд тусгажээ. Гэвч энд нэг асуудал байна. Манайхан ямар ч хуулийг гажуудуулж, цоорхойг нь чадамгай олж чаддаг хойно үүнийг буруугаар ашиглаж, ямар нэг нүх олж харж ч мэднэ. Ингэхээр төслийг дахин нягталж хэлэлцэн, усыг нь шахаж байж хууль болгон гаргахад  тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Төслийн анхны хувилбарыг танилцуулахад улс төрийн намын төлөөлөл болон, судлаачид “Намын санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэхээс өмнө улс төрийн намын тухай хуулийг тодорхой болгох нь чухал. Гадаадын туршлагыг үндэслэн хуулбарлан сан байгуулах нь зохимжгүй. Санхүүжилт, үйл ажиллагааны талаар тайлагнах, аудит хийлгэх асуудал манайд их дутагдаж байна. Сан байгуулах нь намуудыг төлөвшүүлэх, улс төрийн үйл ажиллагаагаа парламентад суудалтай нь ч, суудалгүй нь ч тэгш явуулахад нийцэнэ. Хэлэлцүүлгийг олон удаа хийж байж нухацтай шийдэх хэрэгтэй” гэж байв.

Одоогийн байдлаар парламентад суудал авсан гишүүдийн тоогоороо намууд улсын төсвөөс нэг удаагийн санхүүжилт авдаг. Суудал бүрийн тоогоор сая төгрөг авч байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн нам хэдэн суудалтай байна тэр тоолонгоор намдаа мөнгө авчирдаг гэсэн үг. Мэдээж энэ мөнгө нь намын дансанд орох ёстой. Дээрээс нь шинээр яригдаж байгаа Улс төрийн нам болон улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн хуулийн төсөлд тодорхой хэмжээний мөнгө өгдөг болохыг иргэд нааштайгаар хүлээж авах болов уу. Авлигагүй байх, бизнесийн бүлэглэлийг их хэмжээний мөнгө, хөндлөнгийн нөлөөнөөс улс төрийн намыг холдуулах гэж санхүүжилтийг төрөөс шийдэхээр төлөвлөж. Жижиг намуудын хувьд боломжийн хувилбар мэт боловч улсаас мөнгө авах сонирхолтой хэсэг бүлэг нь нам байгуулж тоглох вий. Улсын төсвөө бүх улс төрийн нам санхүүжилт авна гэдэг хэр зохимжтой хувилбар юм бол. Өдгөө Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нам 22 байгаа ч тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нь тоотойхон. Гэхдээ бас сонгуулийн ганц нэг тойрогт гишүүнээ нэр дэвшүүлсэн болоод өнгөрүүлдэг нь цөөнгүй. Тэгэхээр тэд ч гэсэн нам гэсэн нэрийн дор төсвөөр тэжээлэгдэг болчих юм биш байгаа. Төсөл санаачилсан Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Сосормаа “Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны нэг чухал хэсэг авлигаас ангид төр, авлигаас ангид төрийн байгууллага, авлигаас ангид хууль хяналтын байгууллагыг хөгжүүлж, төлөвшүүлэх. Энэ хүрээнд улс төрийн намын шинэчлэл ч өөрөө хариуцлагатай төрийн эх сурвалж болдог. Өнөөдөр бидэнд улс төрийн намын эрх зүйн орчинг иж бүрнээр өөрчилж шинэчлэх хэрэгцээ тулгамдсан зорилт болоод байна” гэв.  

Нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгөөр улстөрчдийг тэтгэнэ гэдэг ойлголт иргэдэд төрнө. Угаасаа л хандив, тусламжаар өндийж ирсэн улс төрийн намуудыг иргэд санхүүжүүлэхээс татгалзаж, эсэргүүцэж мэдэх юм. Жил ирэх тусам улс төр сонирхох залуусын тоо цөөрч байгаа гэдэг судалгаа бий. Энэ нь, улс төрийн тогтолцоог өөрчлөх болсныг сануулж буй хэрэг. Гэхдээ улсын төсвөөс мөнгө гаргаж, дэмжсэнээр өөрчлөлт болж чадах уу, эсвэл гэсэн асуултын тэмдэг үлдэж байна.
0 Сэтгэгдэл
ЛАЙТАЙ ИДЭХ АРГАЧЛАЛ НЬ НАРИЙСААД Л
Хамгийн их уншсан