Г.Жаргалсайхан нь 1952 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1977-1981 онд Ленинград хотын Иргэний агаарын тээврийн Академийг инженер-нисгэгч мэргэжлээр төгссөн. Инженер нисгэгч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.
Г.Жаргалсайхан 1972-1974 онд Архангай аймаг дахь Нисэх онгоцны буудалд АН-2 онгоцны хоёрдугаа нисгэгч, 1974-1977 онд ИАТУЕГ-ын харьяа нисэх отрядад АН-2 онгоцны хоёрдугаар нисгэгч, 1981-1982 онд Нисэх отрядын харьяа Тээврийн Экскадрилийн дарга, 1986-1990 онд Нисэх техникийн улсын байцаан шалгах газрын дарга, 1990-1993 онд Нисэх албаны ТУ-154 онгоцны дарга, багш нисгэгч, 1993-1995 онд “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн нислэг эрхэлсэн орлогч захирал, 1995-1996 онд В-727 онгоцны дарга, багш нисгэгч, 1996-2001 онд компанийн Москва хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2001-2002 онд компанийн тэргүүн дэд захирал, 2002-2005 онд В-737 онгоцны дарга, 2005-2007 онд Нисэх албаны дарга Ерөнхий нисгэгч, 2007-2010 онд В-737 онгоцны дарга, 2010-2011 онд Нислэг үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, 2011 оноос Токио хот дахь компанийн Ерөнхий төлөөлөгчөөр ажиллаж байна. ОХУ болон АНУ-ын удирдлага, нислэгийн зөрчил шалгах болон В-737 онгоцны даргын курс зэрэг сургалтад хамрагдсан байна.
МИАТ ХК-д олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан түүнийг төр засаг өндрөөр үнэлж Монгол улсын “Гавьяат Нисэгч” цолоор шагнасан юм. Гавьяат нисэгч Г.Жаргалсайхан нь удам дамжсан нисэгч бөгөөд түүний аав Дугарын Гунгаа нь Монгол улсын баатар, Монгол Улсын анхны Гавьяат нисгэгчдийн нэг байсан юм.
Т.Хонгор
























