Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРДЫН НАМЫНХАН “ХУВЬСГАЛТ” НЭРЭЭ САНАГАЛЗСААР

Социнтерний гишүүн 145 нам байдгаас ердөө тавынх нь нэрэнд “Хувьсгалт” гэдэг үг багтдаг байж. Энэ тав дотор мэдээж МАХН /одоогийн МАН/ багтаж байж. Цагтаа цалгиж явсан үедээ. Гэхдээ сонирхолтой нь, таван ч удаагийн намынхаа Их хурлаар нэрээ солих тухай хөндөж байсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө эргэлзээгээ нэг тийш болгож, нэрээ өөрчилсөн. Ингэж нэрнээсээ “Хувьсгалт” гэдэг үгийг ор тас авч хаян Социнтернийхээ бусад намуудтай адил зиндаанд очиж чадав. Сүр дуулиантайгаар Төрийн ордонд хоёр өдөр дамнаж, өдөр шөнөгүй гишүүд нь үүрэглэж, зүүрмэглэн байж хуралдсанаар МАХН хэмээх товчлолоосоо “Х” үсгийг авч хаян “Хувьсгалт” гэдгийг баллуурдаж орхисон. Гэвч үүнээс хойш нэрээ сольдог нь зөв, буруу юу гэсэн шүүмжлэл тэднийг амраасангүй. Нэрээ МАН болгож сольсон даруйд хэсэг нөхөд нь салан тусгаарлан МАХН гэдгийг өмчлөн авч чадсан.

Энэ л явдлаас хойш багагүй шуугиан тарьж, дэмжигчдээ хоёр хуваагаад байсан МАН-д нэрний тухай шүүмжлэл үргэлж мөнхийн сэдэв байсаар ирэв.  Одоо ч үргэлжилсээр.

“МАХН гэдгийг МАН болгон  өөрчилснөөр сонгуульд ялагдал хүлээвэл хар толгойгоороо хариуцлага хүлээнэ” гэж зоригтой мэдэгдсэн экс генсек У.Хүрэлсүх хэлсэндээ хүрэв. Гэхдээ нам нь ялагдсан ч тэр парламентын гишүүний суудалд тухалсан нь үнэн. Харин одоо түүнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгааг буруугаа бүрэн ухамсарлаж, хариуцлагаа хүлээж байна гэх нэгэн ч бий. Сонгуульд нэрнээс болж ялагдаагүй гэж ам бардам хэлдэг Ардын намын удирдлагууд хариуцлагаа хүлээж байна гэж үүрэгт ажлаа өгсөн нь уг чанартаа буруутан гэдгээ баталсан үйлдэл. 

МАН сонгуульд ялагдаж, МАХН АН-ын Засгийн газрын гол хамтрагч болж байр суурь 180 хэм эргээд буй. Хэрэггүй гээд хаяж орхисон “Хувьсгалт” гэдэг үгийг өөд нь татсан хэд УИХ-ын сонгуулиар овоо хэдэн суудалтай болж чадсанд Ардын намынхан бухимдаж сууна. Ямартай л, дахин дахин нэр сольсон нь зөв байсан, буруу ч биш гэсэн утга агуулгаар хурал, цуглаан, эрдэм шинжилгээний хурал хийж, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээс өмнө тэд нэрэндээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж “Алдраараа овоглосон Ардын нам” гэдэг уулзалт, хэлэлцүүлэг хүртэл хийв. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, цөөн хэдэн УИХ-ын гишүүн, эрдэмтэн судаалчид уулзаж ярилцав. Экс дэд сайд, УИХ-ын гишүүд, дарга асан нар ч цөөнгүй байлаа.

МАХН нэрийг нь хууль бусаар авсан гэж үзэж байгаагаа МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Сүхбаатар “Увайгүй нөхдүүд МАХН гэдэг нэрийг хууль бусаар аваад сонгуульд санал авчихлаа. Хууль завхруулагчид хэзээд илэрч, улс төрөөс шахагддаг тавилантай” гэлээ. Гэхдээ бас намынхандаа хатуухан үг хэлээд авсан юм. Тэрээр “90 жил дангаараа байж бяртай байлаа. Тэгвэл МАН яахаараа бусад намтай хамтарч болдоггүй юм. Жишээлбэл, МАХН, бусад намтай” гэв. Эндээс тэдний МАХН-тай нэгдэх хүсэл нь цухалзах шиг. Ардын намаас Хувьсгалт нам руу гишүүдээ хэдэн зуугаар нь “илгээх” болсон гол шалтгаан нэгдэж нийлэх нь хэмээх мессэж хаа сайгүй тэнүүчилсэн хэвээр. Хэн хэн нь үгүйсгэж байгаа боловч юм хаашаа ч эргэж мэдэхээр байдгийг МАН, МАХН-ынхан л жинхэнэ сонгодог утгаар нь харуулж чаддаг.   

Нэр сольсон тухай үе үе ярилцаж, тунгаан бодох болсон Ардын намынхан дунд “Хувьсгалт” нэрээ санагалзагчид цөөнгүй. Жирийн гишүүд нь ч гэсэн байнга үүнийгээ илэрхийлсээр. 90 гаруй жил өөр замналаар явсан тэдний өгсөхөө больж, уруудах болсон шалтгааныг нэрээ сольсонтой нь холбон тайлбарлаж байгаа. Сонгууль ч үндэслэлтэйг нь харууллаа. МАН болсноос нь хойш 70 мянган гишүүн шинээр элссэн гэдэг час улаан бат илэрхийлэхийн тоогоор өөрсдийгөө хуурсаар тэд юу юугүй бөхөх гээд байх шиг дүр зураг үзэгдэнэ. Намын удирдлагуудаа өөрчилж, шинэчлэл үнэртүүллээ хэмээн өөрсдөө л ярих болсон ч сахил хүртээд шал дордов гэгчээр олон нийтэд үнэлэмжээ алдсаар л. Тэр хэмжээгээр Ардын намынхан “Хувьсгалт” хэмээх олон арван жилийн түүхт нэрээр дуудуулдаг байсан цаг үеэ санагалзаж сууна. Цаг цагаараа байдаггүй ээ гэж...

0 Сэтгэгдэл
Ямар сонин юм бэ?МАН нэрнээсээ "Хувьсгалт" гэдэг үгийг авч хаяад сонгуульд ялагдлаа гээд байх юм даа.МАН хувьсгалт гэдэг үгнээс биш зүүн үзлээсээ татгалзан хууль бус уул уурхай, хууль зөрчсөн барилга байшин гээд улс орон, ард түмнэндээ хор болох юу л байна бүгдийг хийж сүүлдээ мөнгө л олж байвал яахаас ч буцахаа больсон буудуулмаруудаар дүүрч,тэднийхээ эрх ашгийг ил далд хамгаалах бодлого явуулснаас, ард түмнийхээ эсрэг үзэл баримтлалыг гаргаж тунхагласан учраас ялагдсан даа.Хуучны хар дэвтэрт Нямдорж, Дэмбэрэл, Лүндаажанцан гээд олны олон хонуунчууд хөрөнгөтөн болж наанаа ард түмэн гэж яриад цаанаа алуурчин хөрөнгөтнийхөө ажлыг хийж байсан учраас ялагдсан юм. Тэд өнөөдөр ч улс, үндэстнийхээ эсрэг санаа бодолтой байгаа нь ив илхэн харагдаж л байна.Ингэж Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын байгуулж удирдсан МАХН-ы зорилго үйл хэргийг устгасан этгээдүүд МАН-ыг удирдаж одоо сөнөж байна. сөнөвөл ч таарна
Хамгийн их уншсан