Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТӨХ-г булшилсан Сү.Батболдын 167 дугаар тогтоолыг эргэн харах уу

2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулсан Засгийн газар өөрийгөө “Шинэчлэлийн Засгийн газар гэж нэрлэсэн. Үүнээс ч болоод тэр үү, ард түмэн “Энэ засгийн газар тэр шинэчлэлээ хэзээ яаж хийх бол хэмээн ёстой л ший жүжиг үзэж байгаа юм шиг сэтгэл догдлон хүлээж байна. Чухамдаа энэ засгийн газар шинэчлэлийн засгийн газар байж чадах уу, үгүй юу гэдэг нь цоо шинэ шинэ зүйл хийгээдп эхлэхээсээ,  өмнө нь гарч байсан алдаатай, буруу ташаа, улс орон, ард түмний эрх ашгийг зөрчсөн шийдвэрүүдийг хэрхэн засч зөв голдиролд нь оруулж байна гэдгээр харагдах ёстой болов уу. 


Үнэхээр шинэчлэгдэж чадах уу.   2012 оны 06-р сард санхүүжилт нь дуусч данс нь улайснаар “Хүний хөгжлийн сангийн тухай” хуулийн үйлчлэл төгсгөл болсон. Хэрэв хууль үйлчилж байгаа  гэж үзвэл иргэн бүрт 21,0 мянган төгрөгөө өнөө хүртэл сар бүр олгосоор байх байлаа. Сү.Батболдын Засгийн газар уг сангийн хуульд нэмэлт найруулга оруулан УИХ-аар батлуулж, сонгуулийн өмнөхөн 2012 оны 05-р сарын 16-ны өдөр 167-р "хар” тогтоол гаргасан юм. Энэ өдөр Төрийн өмчийн хороог мөн оршуулсан гэж ойлгож болно. Учир нь Төрийн өмчийн хороо нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК -н ТУЗ-ийг байгуулж даргыг нь сонгосон. Энэ ТУЗ нь гүйцэтгэх захирлаа томилж байлаа. Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар ийнхүү ТӨХ-г булшилчихаад түүний хийж байсан аж ахуйн ажлыг шууд өөрсдийн мэдэлд авч ТУЗ, Гүйцэтгэх захирлыг томилох бүрэн эрхтэй болсон юм. Ийнхүү Засгийн газар 167-р “хар” тогтоолоороо аж ахуйн ажил болон мөнгөтэй зууралдах болсон юм. Ийнхүү Засгийн газар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж эхэлснээр  төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн тухай хууль, засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль зэрэг олон хуулийг уландаа гишгэж эхэлсэндээ. Мөн түүнчлэн ардчилал, зах зээлийн замаасаа өөрсдөө ухарч байгаа юм биш биз. Учир нь олон жилийн турш төр бол муу менежер, засгийн газар бол аж ахуйн үйл ажиллагаанд хутгалдан оролцох учиргүй гэж улсын олон мянган үйлдвэрийг хувьчилж төргийн өмчөөс гаргаж байсан цаг саяхан биш билүү. Гэтэл засгийн газар уул уурхайн том том компаниудыг мэдэлдээ авч эхэлсэн юм. Сү.Батболдын олигархижсан төр засгийн үед  гарсан энэ бүх хачин тогтоолыг шинэчлэлийн Засгийн газар шууд хүчингүй болгохын оронд хэвээр үргэлжлүүлж байгаа нь ноцтой үйлдэл.  “Эрдэнэс-Таван толгой” компани ТӨХ-ны тогтоолоор хуулийн дагуу гурван жилийн өмнө байгуулагдаж “Таван-толгойн" Зүүн Цанхийн орд газар үйл ажиллагаагаа явуулж байв. Засгийн газар саад хийгээгүйсэн бол зөв годирлоороо явж байсан юм. Тус компани нь нүүрс гаргаагүй байж БНХАУ-ын төрийн өмчит,  дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт ордог “Чалко” компаниас урьдчилгаа болгон 250 сая ам доллар 2011 онд авсан. Үүний  330 тэрбум төгрөгийг нь Засгийн газар хүний хөгжлийн санд авсан гэдэг нь 2012 оны 01-р сарын 06-ны өдөр Ерөнхий сайд Сү.Батболд, сангийн сайд С.Баярцогт нарын өгсөн тусгай батламжаар нотлогдож байна. Дээр өгүүлснээр 2012 оны 05-р сарын 16-ны өдөр “Хүний хөгжлийн сангийн тухай” хуулинд шинэчлэн найруулсан гэдгээр засвар оруулж, засгийн газар 167-р тогтоолоороо тус компанийг өөрийн мэдэлд авч, аман дээрээ тунхаглан ярьдаг ардчилал, зах зээлээс эрс ухарч ард түмнээ басамжлан доромжилж, ихээхэн хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн хүн захиран зарцуулах боломж олгосон юм.

Шинэчлэлийн засгийн газар нь үнэхээр шинэчлэх л юм бол энэ 167-р “хар" тогтоолыг хүчингүй болгох ёстой байтал, уламжлуулан үргэлжлүүлж байгаа нь гайхал төрүүлснээр зогсохгүй, шинэчлэлийн засгийн газар нь шинэчлэгдэхгүй, мөн шинэчлэлт өөрчлөлт хийж шударга ажиллахгүй нь ээ.. гэсэн хардлага төрүүлж байна. Уг тогтоол нь ард түмэн, улс орны эрх ашгийн хувьд хохиролтой боловч, цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд нэн чухал тогтоол гэдгийг Сү.Батболодын Засгийн газрынхан маш нарийн тооцож гаргасан нь ойлгомжтой юм. Өөрөөр хэлбэл хэдхэн хүний мэдэлд асар их хэмжээний хөрөнгө мөнгө төвлөрч, дураараа дургих боломжийг нээж байгаа. Энэ байдлаас харвал шинэчлэлийн Засгийн газар шинэчлэл хийх нь байтугай ард түмний хяналтаас гарч, учир нь төрийн өмчит уул уурхайн том компаниудын удирдлагыг засгийн газар, түүний хэрэг эрхлэх газар томилж, зөвхөн өөрсдийнхөө хүрээний хүмүүсээр ТУЗ болон түүний дарга гүйцэтгэх захирлыг бүрдүүлж байна. Наад захын жишээ хэлэхэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэл сонинд бичигдээд байгаа өөрийн хүргэн Дэнзэнг “Эрдэнэс- Таван толгой" компанийн ТУЗ- ийн даргаар томилсон байна. Ийнхүү ТӨХ бэлгэ тэмдэг төдий болж, Ерөнхий сайд Төрийн өмчит том уул уурхайн компаниудыг мэдэлдээ авч, зөвхөн өөрсдийнхөө хүрээний хүнийг томилох болсон нь хэдхэн хүний гарт эрх мэдэл, далай шиг их мөнгө төвлөрөх нь тодорхой болж байна. Шинэ Засгийн газар “Эрдэнэс Таван Толгой ” гэх мэтийн уул уурхайн том компаниудыг эрх мэдлээ ашиглан өөрийн мэдэлдээ авснаар наад зах нь шахааны хулхи. хуурамч бизнес цэцэглэх үүд хаалгыг нээж байгаа юм. Үүний нэг тод жишээ бол “ЭрдэнэсТаванТолгой" ХК-д 10 ширхэг “Тас" машин шахсан явдал юм. БНХАУ-ын цэргийн зэвсэглэлд байсан энэ техник маролын элэгдэлд орсны дараа зориулалтыг нь өөрчилж , уул уурхайн өөрөө буулгагч машин болгон өөрчилж шахсан юм. Зэвсэгт хүчний зориулалтаас хасч, газар шорооны шидэт машин болгосон боловч, гуравхан сар яваад бүгд жагсаалаас гарч , тус компаний уурхайн хашаанд төмрийн хаягдалд ачигдах өдөр сараа хүлээж байна. Нэг машин нь 165 сая төгрөгийн үнэтэй гээдз бодохоор хоёр тэрбум төгрөгийн техник хоромхон зуур үнэгүйдэх нь энэ. Гэтэл ийм машины зах зээлийн бодит үнэ нь 40-50 сая төгрөг гэж  ажиглагчид үзэж байна. Тэгэхээр том дарга нарын хань хамсаатнууд нэг машинаас 100 гаруй сая төгрөгийн ашиг унагаасан болж таарч байна. Мөн энд “Мон Сан”компаниас хүнд даацын 92 ширхэг дугуй шахсан байна. Нэг дугуй нь 20 сая төгрөгийн үнэтэй. Ингэхээр  мөн л “Тас"-ууд хоёр тэрбум төгрөг залгиад нас барсан шиг, энэ дугуйнууд мөн л хоёр тэрбумыг чимээгүйхэн залгиж байна.


Дарга нарын бизнес бол говь цөлийн диназавор шиг хүч чадалтай. Шахааны шинэ дугуйнуудыг хийлж байх үед дэлбэрч, хоёр инженер залуу гэмтэж БНСУ -д эмчлүүлсэн хэдий ч дүлийрсэн гэсэн оноштойгоор тахир дутуугийн группт орсон байна. Одоо уг дугуйнуудыг албан хүчээр том машины урд дугуйнд тавьж байгаа ч хэдийд дэлбэрч машин онхолдох бол гэж жолооч нар нь айдастай явна. “Эрдэнэс Таван Толгой" нь БНХАУ-ын “Чалко" компаниас урьдчилаад зээл авчихсан болохоор  нүүрсээ 56 долларт өгдөг бололтой. Төрийн Өмчит энэ компани нь үнэн хэрэг дээрээ оршин суух тохилог байр сав муутай, ажилчид нь цалин багатай ядруухан байна. Хүний хөгжлийн сан үхмэл хуулийн дагуу үүрд оршуулагдаж, агуу их мөнгө Ерөнхий сайдын эрх мэдэлд шилжинэ. Саяхан “Үнэн" сонинд Монголын нэрт дипломатч Д.Моононцагаан “Монгол дэлхийн хөлсний алуурчид-олзны ангуучдын гарт орсон байна” гэж бичсэн.  Мөн “Оюу Толгой” төслийн ажилтан эмэггэй Гантуяа Хэвлэлийн бага хурал хийж “Оюу Толгойд ажиллаж буй Монгол хүн 1.5 сая төгрөг авдаг бол, гадаадын мэргэжилтэн 30-40 мянган доллар буюу сард 50 гаруй сая төгрөг авч байгаа”-г мэдэгдсэн. Зүүн Цанхийн шороо ухаж, нүүрс гаргах ажилд доод тал нь   30 мянган долларын цалинтай  гадаадын мэргэжилтэн зөвлөх ямар хэрэг байна вэ. Саяхан тус компанийн ТУЗ -ийн даргаар Ерөнхий сайд Алтанхуяг хүргэн Дэнзэнгээ тавьсан бол тэр нь тус компанийн гүйцэтгэх захирлаар өөрийн дотны хүн УИХ- ын гишүүн асан Я.Батсуурийг томилсон байна. Сүүлийн үед олон түмний анхаарал татаж буй нэгэн зүйл бол “Эрдэнэс Таван Толгой” компанийн шинэ хуучин хоёр даргын албан ёсны мэдэгдлүүд юм. Учир нь тус компанийн хуучин захирал Б.Энэбиш нэг биш удаа мэдэгдэхдээ: "418 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд албан ёсоор хүлээлгэн өгсөн” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл шинэ захирал Я.Батсуурь 2012 оны 11-р сарын 02 -ны “Өдрийн шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа: "Тус компани 300 тэрбум төгрөгийг хүний хөгжлийн санд өгсөн" гэж мэдэгдсэн . Энэ хоёр даргын мэдэгдлээс харвал 118 тэрбум төгрөг дундаас нь алга болсон байна. Аль даргынх нь хэлж байгаа  зөв бэ. Энэ их мөнгө хаачсан бэ. БНХАУ- ын “Чалко" компаниас МАН сонгуулийн санхүүжилтээ авсан гэж шуугиад байсан нь энэ биш биз дээ. Хуучин Засгийн газрын 167-р тогтоолыг хэвээр үргэлжлүүлж байгаа нь Засгийн газар нь хуулийн дагуу гурван жилийн өмнө гаргасан шийдвэрээ өөрчилж төрийн өмчит уул уурхайн компаниудыг шууд удирдаж аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа нь засгийн газар хуулинд заагаагүй ажил үүргийг гүйцэтгэж байна. Ингэснээрээ ТӨХ нь хувьцаат компаниудын үйл ажиллагааг зохистой хэлбэрээр удирдан зохион байгуулах, төрийн өмчийн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашгийг оновчтой хувиарлах, зарцуулах үйл ажиллагааг нь удирдаж хянах зэрэг үндсэн үүрэгт ажлаа хийхгүй байгаа нь төрийн өмчит хороог “хаачив” гэж хайхад хүргэж байна. Шинэчлэлийн засгийн газар нь ард түмнийхээ эрх ашгийн төлөө шинэчлэлт өөрчлөлт хийх эсэх нь эргэлзээ төрүүлсээр байна.


Шинэчлэлийн Засгийн газар үнэхээр л шинэчлэл хийх юм бол өмнөх Засгийн үед гарсан хууль бус, монголын ард түмний эрх ашгийн төлөө бус олон шийдвэрийг эргэн харж, засч залруулахаас л ажлаа эхлэх ёстой баймаар. Энэ ажлын нь эхлэл бол Сү.Батболдын Засгийн газрын үед гарсан Төрийн өмчийн хороог булшилж, “Эрдэнэс тавантолгой” компанийг төрийн мэдэлд авсан 167 дугаар тогтоолыг эргэн харж хүчингүй болгох явдал юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан