Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өргөдөл, гомдлын байнгын хороо анхны хурлаа хийлээ
УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо анхны хурлаа хийж, энэ байнгын хорооны чиг үүрэг ямар байх талаар ярилцлаа. Эл байнгын хороонд ирж байгаа өргөдлийн дийлэнх нь иргэд хувийн хүсэлтээ илгээсэн байна. Тухайлбал, газрын маргаан, орон байр, гэр хүссэн өргөдөл ирүүлсэн аж. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар байнгын хорооны гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хувьд иргэдэд гэр олгох нь татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгөөр иргэдийг хувийн өмчтэй болгох нь нийтийн эд хөрөнгийг тонон дээрэмдсэн үйлдэл болно хэмээсэн. Мөн Өргөдөл гомдлын байнгын хороо нь бусад байнгын хорооноос чиг үүргийн хувьд өөрч байх ёстой. Асуудлыг шийддэг бус, олон нийтээр хэлэлцүүлж гарсан шийдвэрийг мэргэжлийн байнгын хороодод шилжүүлж хэлэлцүүлдэг байх учиртай. Мөн асуудлыг дан ганц парламентад хэлэлцэх бус, асуудал үүссэн газарт нь очиж дүн шинжилгээ хийж, сонсгол зохион байгуулах нь энэ байнгын хорооны үндсэн чиг үүрэг. Түүнчлэн хэн нэгэн даргын буруутай үйл ажиллагааны талаар мэдээллэсэн иргэн парламентад ирж мэдээлэл өгснийхөө төлөө өөрийнхөө халааснаас “торгууль” төлдөг байх ёсгүй. Тиймээс иргэдийг урамшуулдаг байх системийг зөв олох хэрэгтэй гэв.
Шинэчлэлийн Засгийн газрыг шинэчилж байгаа нэг зүйл нь Өргөдөл гомдлын байнгын хорооны чиг үүрэг байх болно гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан онцолсон. Тэрээр, иргэдээс ирсэн өргөдлийн ачаар төр өөрөө өөртөө хяналт тавих боломжтой боллоо. Засгийн газар, УИХ-ыг шахаж шаардахад энэ байнгын хорооны гол чиглэл байна. Энэ бол шударга үнэнд нэг алхам ойртож байгаа хэлбэр. Гэхдээ өргөдлийг хуучны цаасан хэлбэрээр авч, цаасан хэлбэрээр хариу өгдөг байх нь учир дутагдалтай. Нэгдүгээр цаг хугацаа алддаг. Тиймээс өргөдлийг цахим хэлбэрээр авч, тухайн иргэд өргөдөл нь ямар шатанд явж байгааг эргэж мэдээллэдэг байх нь чирэгдэлгүй үйлчилгээ болно гэлээ.
Энэ мэт саналыг гишүүд гаргаж байв. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэж байгаа асуудлын 60 хувь нь газрын маргаантай асуудал байгаа аж. Түүнчлэн энэ байнгын хороо байгуулагдсан цагаас хойш Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдээс өргөдөл олон ирэх болсон байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор газрын маргааныг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилов.
Харин Хонгор сумын иргэдийн өргөдлийн дагуу тус газарт ажиллах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг сонгосон юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан