Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийн дарангуйлал буюу шинэ цагийн эхэн
Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгууль орйтоод ч тэр үү, УИХ-ын сонгуулиас хойш бараг хагас жил өнгөрч байгаа болоод ч тэр үү сонин сайтуудаар МАН-ынхан хар амлаж “Монгол Улс мөхлөө”, “Ардчилал сөнөлөө”, “Дарангуйлал газар авлаа” хэмээн улиглан бичих боллоо. Ер нь л орон нутгийн сонгуульд МАН ялж, өөрсдийн гар хөл болсон хэд гурван хүнээ албан тушаалтай үлдээхгүй бол Монгол Улс газрын хөрснөөс устаж алга болох юм гэнэ.
МАН-ын эрх мэдэлтнүүдийн хувьд үнэндээ хэцүү л дээ. Төрийн толгой дээр сууж ямар ч хуульгүйгээр гарын үсэг зураад л ард түмний мөнгийг идэж байсан нь өнгөрсөн. Одоо сонгууль бүрээр гар хөлөө болгож гүйлгэж байдаг, шат шатнаас нь мөнгө сааж дээд хэдээ угждаг хэдийгээ орон нутгийн сонгуулиар ажилгүй болчихвол ард түмний мөнгө луйвардахгүйгээр цалингаараа амьдарч чаддаггүй МАН-ын удирдлагууд нээрээ яаж ч амьдрах билээ. Тэгээд л үхэн хатан улайраад байгаа нь энэ.

Угтаа энэ бол МАН-ынхны хэлээд байгаа шиг Ертөнцийн төгсгөл ирж байгаа биш харин ч Монгол Улсад нэгэн шинэ эрин цаг үе эхэлж байна.
Юун түрүүнээ хууль гэдэг цаасан дээр л байдаг, эсвэл эгэл ардад л хэрэгжиж байдаг, дарга даамлуудад бол хамаагүй байсан нэг зүйл хэрэгждэг болох нь. МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бүлэг байгуулах тухайгаа УИХ-ын даргад 24 цагийн дотор мэдэгдээгүйгээс болоод өнөө болтол бүлэггүй байгаагаа одоо хэр нь ойлгохгүй яваа. Өмнө нь бол МАН-ын тэр том эрхмүүд “За яахав, нөхөөд ч болсон биччих” гээд хуульгүй машинддаг байж л дээ. УИХ-ын дарга Ц.Нямдорж нь хүртэл хуулийг 76 гишүүний олонхиор үг үсэгчлэн баталдаг, түүнээс хойш хэнбугай ч засч өөрчилж болдоггүй гэдгийг л ойлгохгүй явсаар өнөө хүрсэн хүн шүү дээ. У.Хүрэлсүх гишүүн нь УИХ-ын гишүүнээр гурав дахиа сонгогдсон атлаа Төрийн ордонд УИХ-ын гишүүний биед халдаж болохгүй гэдгийг л бас мэддэггүй хүн.
Энэ хэд бол зүгээр л олны нүдэн дээр болсон илэрхий “хэрэг” болохоос биш бусдаас нууцалж үйлддэг өмч хөрөнгийн, залилан луйврын хэчнээн хэргийг энэ намынхан сэмхэн үйлдсэн бол. Ёстой хуулиас гадуур л “машинддаг” байж л дээ. Тэгээд түүндээ бүр дасчихсан, бидэнд, Манай намд, эргх мэдэлтнүүдэд хууль үйлчлэх ёсгүй гээд итгэчихсэн. Одоо тэгтэл цаг өөр болж, хууль хэрэгждэг, хүн бүр хуулиа сахьдаг болж эхэлж байгаа нь энэ хүмүүст таалагдахгүй байна. Тэгээд бүр итгэж өгөхгүй байна.

Тэгэхээр МАН-ынхны өнөөдөр үглэж дуулаад байгаа “Дарангуйлал” гээд байгаа нь хууль хэрэгжихийн эхлэл байх нь. Үнэхээр хууль гэдэг тэр чухал баримт бичиг дээрх нэг өгүүлбэр / үүнийг МАН-ын дарга Ө.Энхтүвшин нэг муу махан өгүүлбэр гэж нэрлэж байгаа юм /  бүү хэл нэг үг, цэг, таслал ямар чухал ач холбогдолтой байдаг гэдэг нь энэ зунаас хэрэгжээд ирэхээр хуулийн нэг өгүүлбэрийг бүү хэл, бүхэл бүтэн хуулийг тоохгүй, хэрэгжүүлэлгүй явж ирсэн хүмүүст үнэхээр дарангуйлал шиг санагдаж байгаа л даа. Өмнө нь ингэж “Та бүхэн хуулиа хэрэгжүүлээч ээ” гэж хэлдэг хүн эдний дэргэд байсангүй, хэлсэн ч тоодоггүй байж.
Одоо Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойргийн асуудал байна. МАН-ынхан мөн л ард түмний сонголт гэдэг нэг л зүйлийг улиглаад байдаг. Гэтэл Монгол Улс болохоор Үндсэн хуультай, Шүүх засаглалтай орон. Тэр МАН-ынхны хайрлаад тахин шүтээд байгаа Н.Төмөрхүү, С.Чинзориг  хоёрыг нь шүүх “Насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа оролцуулсан байна” гээд тогтоочихож. Н.Алтанхуяг биш, Г.Батхүү биш, З.Энхболд биш, “ШҮҮХ” ингээд тогтоол гаргачихаж. Гэтэл бас “Насанд хүрээгүй хүнийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулбал нэрсийн жагсаалтаас хасна” гээд УИХ-ын сонгуулийн тухай хуулинд байж байдаг.

Шүүх хараат бус гэдгийг МАН-ынханд яаж хэлмээр юм бэ дээ. Тэгээд л хууль зөрчсөн нь тогтоогдвол Н.Төмөрхүү, С.Чинзориг хоёр сонгуулийн насанд хүрсэн бүх хүнд тэрбум тэрбум төгрөг өгч байгаад 100 хувийн саналаар ялсан байсан ч УИХ-аар өнгөрсөн жил баталсан “УИХ-ын сонгуулийн тухай хууль” ёсоор нэрсийн жагсаалтаас хасагдах ёстой болох нь. Үүнийг яаж ч хэлээд МАН-ын удирдлагуудад ойлгуулж чадахгүй л байгаа юм даа. “Үгүй яагаад тэгэж байгаа юм, манай хүн хэдэн мянган саналаар илт давуу  ялсан шүү дээ” гээд л өөдөөс бүлтийгээд байгаа хүмүүсийг чинь яалтай билээ.

“Хуулин дээр ингээд биччихсэн, үүнийг л мөрдөх ёстой” гэхээр “Яагаад манай намд  хууль үйлчилж байгаа юм. Тэр чинь нэг муу өгүүлбэр шүү дээ” гээд байгаа улсыг чинь яалтай билээ. “Хууль нь хүн бүрд ижил тэгш үйлчилдэг, хуулийн нэг өгүүлбэр, цэг таслал ч мөрдөгдөх ёстой” гэхээр бүр гайхаад өөдөөс “Хүч түрэмгийлж байна, дарангуйллаа” гээд чичрээд дайрах.

Чухамдаа дарангуйлал гэдгээ ч ойлгохгүй байгаа улс юм уу даа.  Хуулийн дарангуйлал гэдэг нь ямар учиртай, хууль бусны дарангуйлал гэдэг нь ямар юм болохыг ялгахгүй. Өөрсдөө чухам хуулиас гадуур дарангуйлсаар 70-90 жил болчихсон болохоор яг л түүн шигээ ойлгоод байх бололтой. Хууль хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүсээр хуулийг дагуулахын тулд хүчний байгууллагууд байдаг, тэдний хэрэглэх аргыг хуулийн дарангуйлал гэдгийг ч ойлгоог юм уу үгүй юм уу бүү мэд. Гэтэл мань хүмүүс болохоор өөрсдөө ямар ч хуульгүйгээр дарангуйлсаар ирсэн, түүн шигээ бодоод байх бололтой.
Юутай ч хуучин юм ул болж, хуулийг МАН, албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй хүн сахьдаггүй явж ирсэн тэр цаг ард үлдэн,  шинэ юм зул болон хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг тэр цаг ирж байна.

Нусаа нийж суралгүй 70-90 жил болсон хүнийг нусны арчуур хэрэглэдэг болгох хэцүү  л дээ. Үүнтэй агаар нэгэн хуулиа мөрдөлгүйгээр 70-90 жил болсон МАН-ын эрх мэдэлтнүүдийг хуулийг дагаж мөрддөг болгох байтугай, хууль чинь Монгол Улсын хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой гэдгийг ойлгуулахад хүртэл хэцүү л дээ, цаг хугацаа их орно.  Их л эсэргүүцэлтэй тулгарна даа, одоо тэр нь үргэлжилж байгаа нь энэ.
За тэгээд коммунистууд ер нь хэзээ ч хуулийг сахиж байгаагүй байдаг юм даа, түүхээс үзэхэд....
0 Сэтгэгдэл
Наад коммунистууддаа ардчилсан төрийн үед хуулийн дарангуйлал гэж юу байдаг талаар хичээл заа.
Энэ ч харин голоор нь хэлж дээ. МАН-ынхан өөрсдөө хуулийг тоодоггүй байсных нь гор одоо гарч байхгүй юу. Юухныг болов өөр хоорондоо зохицоод аргалодаг байсан нь болиод одоо бүх зүйл хуулийн дагуу болоод ирэхээр "дарангуйллаа" гэж гоншигонож байгаа юм. Сурна даа, ардчилсан нийгэмд хуулийн дор тэгш амьдарч сурах л хэрэгтэй дээ.
Хамгийн их уншсан