Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгуулийн дараа сонгууль болоосой
Нохойн дуу ч ойртож дээ. Дүүргийн “парламент”-д сонгогдох нэр дэвшигчдийн сурталчилгаа ид өрнөж байна. Хороонд ажил хийсэн болж харагдах гэж зарим нэг нь байдгаараа жүжиглэж байхад, хорооныхоо гэр хороололд амьдардаггүй хэрнээ амьдардаг мэтээр харагдах гэж өдөржин гудамж метрлэж, гутлаа ээтийтэл алхдаг болж нэр дэвшигчид. Хогны мөнгийг цахилгааны мөнгөтэй хамт авдаг болсноос хойш хог ачаагүй, хогондоо дарагдсан гэр хорооллын гудамж нэг л өдөр нүүрээ угаасан хүүхэд шиг харагдах болов. Энэ бол сонгуулийн хүч гээд хэлчихтэй нь билээ.
Гэр хороололд битгий хэл хотын төвөөрөө ч алхаж харагддаггүй эрхмүүд УИХ-ын сонгуулийн үеэр ч гэр хорооллын шавар шавхайтай гудамжаар алхаж, автобусны буудал дээр өглөө болгон зогсож хүнтэй мэндэлж, нэг л их таньдаг хүн шиг аашилдаг байв. Бүр болоогүй ээ, автобусаар зорчиж, хөгшин залуу хэнд ч хамаагүй суудал тавьж өгч доль үсэрдэг байв.
Тэднийг гэртээ ус аваад өг, түлээ хагалаад, хоол хийгээд, шал угаагаад өг гэхэд ч бэлэн байсан гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тэдний арга тактикийг хэрэгжүүлж эхлэв үү, эсвэл сонгууль ийм шидтэй хэрэг үү. Дөрвөн жил болоход тухайн хороонд амьдардаг нь үнэн гэсэн тодорхойлолт авах гэж өрөөний хаалгаар нь шагайж, “өө манай хорооны Засаг дарга гэж ийм хүн байдаг юм уу” гэж харж байсан болохоос дөрвөн жилийн хугацаанд манай гэрт орж ирэх нь битгий хэл, тэр хавьд дүрээ ч харуулаагүй хүн гэнэт манай гэрт ороод ирэх нь тэр.
“Би танай хорооны Засаг дарга.... гэдэг хүн байна. Намайг таньж байгаа биз дээ. Би энэ замыг бариулсан юм. Өмнө нь ямар байлаа даа. Та нар мэдэх байлгүй. Би дүүргийн ИТХ-д ... намаас дэвшиж байгаа юм. Намайг болон надтай хамт дэвшиж байгаа хүнийг хамтад нь сонговол энэ хорооны гарын алга эргүүлэхтэй адил өөрчлөгдөнө” гэхчлэн ярьж, манай гэр бүлийнхнийг болоод хөдөөнөөс ирээд удаагүй байгаа ээж, аавыг маань хүртэл танимхайрах нь тэр.
Сонгуулийн хуулиараа бол нэр дэвшигч хүн намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд л байх ёстой  байх. Гэтэл хэрэв намайг сонговол гэж ирээд л амлаад байгаа юм уу, мөрөөдлөө хэлээд байгаа юм уу,  учир нь олдохгүй баахан зүйл ярих. Даранчгүй төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн хайс, хашлага, явган хүний гүүр зэргийг “Би дөрвөн жил хороон Засаг дарга байх хугацаандаа хийлгэсэн мэтээр ярьж, сурталчилгааныхаа материал жирийтэл нь жагсаагаад биччихэж. Энэ мэтээр дөрвөн жил үзэгдэж харагдаагүй Засаг дарга ах, эгч нар гэр хороололд үүсээд байсан хогийн цэгийг урьд өмнө хог байгаагүй юм шиг цэвэрлэж орхив. Асдаггүй байсан шонгийн гэрэл өдөр мэт гэрэлтүүлдэг болов. Сонгуулийн хүч ээ гэж...
Сонгуулийн дараа сонгууль болоосой.

Д.Намнан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан