Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бие биенээ муулдаг өдөр өнөөдрөөр төгсөнө

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох сонгууль хаяанд ирлээ. Маргааш сонгуулийн өмнөх өдөр буюу сурталчигаа хийхгүй “чимээгүй өдөр”.
Чухамдаа өнгөрсөн хаврын УИХ-ын сонгуулиар байгуулагдсан АН-ын УИХ, шинэ Засгийн газар дороо хөлтэй болохын төлөө үзэж байгаа бол МАН-ынхан алдагдсан нэр төрөө авч үлдэх, хахаж цацсан боловсон хүчнүүдээ хагасыг нь ч болов ажилтай байлгах, ингэснээрээ “намаа санхүүжүүлэх” мөнгөө төсвөөс саах сүүлийн боломжоо хадгалж үлдэх гэсэн том өрсөлдөөн явж байна.

Урьд урьд нь орон нутгийн сонгуулиар сурталчилгаа ийм сүртэй болж, намууд, нэр дэвшигчид ингэж бие биенээ элдвээр хэлж байсан нь арай ч гайгүй байж уу.
МАН-ынхан хэлж байна аа. Бидний эрх барьж байхдаа эхлүүлсэн, хамаг гайгүй бүтээлч ажлыг АН-ынхан өөрсдөө хийсэн болж хулгайлан сурталчилж байна. Түүнээс биш энэ хэдхэн сарын дотор АН-ынхан юу ч хийгээгүй, харин ч дарангуйлал бий болгосон, бүхнийг хууль зөрчиж хүчээр шийдэж байгаа гэнэ.
АН-ынхан бас дуугүй суусангүй “МАН-ынхан нээрээ эхлүүлсэн юм бол шийдчихгүй яасан юм бол оо. Энэ замны түгжрэлийг бууруулчих нь яасан юм. Нүүрсний үнийг хямдруулчих нь яагаа вэ” гэнэ.
МАН-ынхан хамаг айл өвөлжөө бууцандаа буудаг, идэш хоолоо хийдэг үеэр сонгууль хийнэ гэж хаашаа харсан юм байдаг юм, энэ сонгуулийн ирц хүрэхгүй ээ гэж муу эвэр амлана.

Гэтэл АН-ынхан “Харин тийм ээ, бид энэ бүхнийг тооцоод өнгөрсөн хавар УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулъя гэж өчнөөн санал тавиад байсан. Даанч МАН-ынхан эрх барьж, олонхи байхдаа ёстой бүтэхгүй зүйл” гэсээр байгаад олонхиороо хүч түрээд хоёр тусад нь явуулахаар болсон. МАН-аас болоод л одоо 7-8 тэрбум төгрөг улсаас хий урсаад гарчихлаа. Сонгуулийн ирц хүрэхгүй бол хариуцлагыг нь МАН хүлээнэ” гэх юм.
Шинэчлэлийн Засгийн газар, АН-ынхан УИХ-ын сонгууль, Засгийн газар, нийслэлийн удирдлагууд томилогдсоноос хойш эхлүүлсэн ажил, хийж байгаагаа өмнөө барьж байгаа бол МАН-ынхан “Бид үүнээс илүүг хийнэ” гэж сурталдаж байна.

АН-ын сурталчилгаа ерөнхийдөө “Шинэчилье. Гэхдээ бүх шатанд нэг нам байж төрийн ажлын тасралтгүй байх залгамж халааг хадгалсан цагт бүх зүйл сайхан болно” гэж байгаа бол МАН-ынхан “АН гарч ирээд ардчиллыг устгалаа. Орон нутагт нь өөр нам гарч хяналт тавьж хазаарлахгүй бол Монгол Улсад дарангуйлал тогтох нь” гэнэ.

АН-ынхан “Орон нутагт МАН ялах юм бол энэ эхлүүлж байгаа бүхий л ажлыг хэрэгжүүлэхгүй чагталчихаад ажил хийлгэхгүй” гэж байгаа бол МАН болохоор “МАН орон нутагт ялж байж л Монгол орныг Каддафи маягийн дарангуйллаас аварна. Тэр дээрээ АН юугаа хийнэ хамаагүй, бид орон нутгийг Сингапур шиг хөгжүүлнэ” гэх юм.

За нэр дэвшигчдийн тухайд бол ярих юм байхгүй. УИХ-ын сонгуулийн үеэр гардаг хар PR, худал үнэн гүтгэлэг савнаасаа хэдийнээ хальчихаж. Урьд өмнө идэж уусан өмч хөрөнгөөс авхуулаад нэр овог, ажил мэргэжлээр нь хүртэл оролдож үндсэндээ эрээгээ алдсан гэхэд хилсдэхгүй.

Чухамдаа өнгөн дээрээ монгол эх орноо хөгжүүлэх гээд, хэн нь хэнээсээ илүү ихийг хийж чадахаа гайхуулаад байгаа мэт боловч үнэн хэрэгтээ нэг нь олж авсан эрх мэдэл, хүчээ улам бэхжүүлэх гэж, нөгөө нь алдагдсан нэр хүнд, эрх мэдлээсээ хагасыг нь ч болтугай авч үлдэхийн төлөөх “цусгүй дайн” болж байна.
Хамгийн гол нь аль ч шатны сонгуулийг хариуцан явуулдаг анхан шатны талбар орон нутагт өөрийн нөлөөллөө бэхжүүлнэ гэдэг дөрвөн жилийн дараах УИХ-ын сонгуульд амжилттай оролцох баталгаа болох учраас үүнд маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаад байна. Сонгуулийг одоо төрийн албан хаагчид явуулдаг болсон.

Өнгөрсөн 20 жилд МАН орон нутгийн сонгууль бүрт ялж, тиэнд өөрийн хүмүүс нь  байсандаа л УИХ-ын сонгуульд “ялж” байснаа мартахгүй байгаа. Гэхдээ одоо саналыг автомат машинаар тоолж байгаа болохоор МАН-ынхны хувьд өмнө хэрэглэж байсан санал луйвардах “сонгодог арга”-уудаа хэрэглэж чадахгүй жаахан гомдолтой байгаагаа өнөө ч хэлсээр л байна.

Юутай ч дээрээсээ гарсан бодлого шийдвэрийг анхан шат, бүр айл өрх хүнд нь хүргэх нэг намын сүлжээ тогтолцоо бий болгож шинэчлэлийг тасралтгүй үргэлжлүүлэх гэсэн АН-ын сонирхол, нөгөө талд нь үүнийг нь замаас нь чагталж саармагжуулан унагах, ингэснээрээ дөрвөн жилийн дараа “Харж байна уу, АН-ын яриад байсан зүйл бүтээгүй л байна шүү дээ” гэж хэлэх  гэсэн МАН-ын шунал хоёр тэрсэлдсэн Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусах нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан