Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Содномцэрэн: Ирц хүрэхгүй байхаас урьдчилж, цастай зудтай аймгуудад болзошгүй аюулын мөнгө хуваарилсан
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнтэй сонгуулийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх үү?
-У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-аас чөлөөлөгдсөн тогтоолыг СЕХ УИХ-ын тамгын газраас арваннэгдүгээр сарын 15-нд хүлээн авч маргааш нь хуралдсан. Ингээд Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх шийдвэрийг СЕХ гаргаж дөнгөж сая Ерөнхийлөгчид айлтгалаа. Одоо УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ. Тэгэхээр Д.Сарангэрэлийг тангараг өргүүлэх ажлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулах байх.
-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураах уу?
-Баянзүрх дүүрэгт 22, 26 дугаар хэсгийн хороо дахин санал хураах тогтоолоо гаргасан. Орон нутгийн сонгуультай хамт санал хураана. Саналын хуудсанд хамт тэмдэглэсэн байгаа. Дээр нь УИХ-ын дахин санал хураалт, доор нь орон нутгийн сонгуулийн санал хураалт байхаар саналын хуудсыг хэвлэсэн. Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явахгүй. Учир нь, тус дүүргийн сонгуулийн хорооноос арваннэгдүгээр сарын 21-нд санал хураалт явуулсугай гэсэн 53 дугаар тогтоол гаргаад тэр өдрөө 54 дүгээр тогтоол гаргаж эхний гаргасан тогтоолоо хүчингүй болгосугай гэсэн байна лээ. Ямар учиртайг нь асуухад, нийслэлийн шүүхийн шийдвэр гарсантай холбоотой гэж тайлбарласан.
-Орон нутгийн сонгуулийн санал хуудсыг дахин хэвлэх тохиолдол зарим газарт гарсан. Тухайлбал, Хөвсгөл аймагт дахин хэвлэхээр болсон гэсэн?
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэлээд зөрчил дутагдал гарч байна. Ялангуяа саналын хуудастай холбоотой зөрчил гарсан. Хуулиараа саналын хуудсыг хэвлэх, хүргүүлэх ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцах ёстой. Гэтэл аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцлагагүй хандсан. Дөрвөн мандаттай газар нь тав гэж бичсэн, долоон мандаттайг зургаа гэж бичсэн, эцгийнх нь нэрийг өөрийнх нь нэртэй хольж бичсэн, нэрийг нь дутуу бичсэн гэсэн гомдол гарсан. Түүнчлэн МАН-ыг МАХН гэж, бие даагчийг нам руу оруулж бичсэн, түүнийг нь сонгуулийн хороон дарга нь зөвшөөрөв гээд бичсэн байсан. Үүнийг СЕХ-ны шинжээчид илрүүлсэн. Ийм алдаа маш их гарсан. Ялангуяа аймаг, дүүргийн сонгуулийн хорооныхон хариуцлагагүй хандаж байна. Тухайлбал, Сүхбаатар, Налайх дүүрэг, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр аймгийн сонгуулийн хорооныхон хариуцлагагүй ажилласан. СЕХ-ныхон үүнд арга зүйн зөвлөгөө өгч, алдааг нь засуулсан. Нийтдээ 74 мянган саналын хуудас дахин хэвлүүлсэн. Үүний зардлыг буруу шийдвэр гаргасан аймаг, дүүргийн сонгуулийн хороо хариуцна.
-Өвөлжилт хүндэрсэн аймаг олон байгаа. Тэгэхээр тухайлбал, ямар аймагт зам даваа хаагдаж, сонгогчид санал өгөхөд хүндрэл үүсээд байгаа бол. Үүнийг нарийн тодруулсан уу?

-Цаг агаарын мэдээнээс харахад 20, 21-ний өдрүүд цастай гэсэн. Энэ дагуу сонгуулийн хороод, Засаг дарга нарт сонгогчдын саналыг өгүүлэхэд анхаарч ажиллах зөвлөмж өгсөн. Цасанд хаагдсан зам давааг нээх зэргээр шуурхай ажиллахыг зөвлөсөн. УИХ-ын сонгуулийн үеэр зарим сонгогч үерт боогдож байсан. Тэр үед ОБЕГ-аас тусгай тээврийн хэрэгсэл ашиглаж, сонгогчдыг зөөж байсан. Үүнтэй адил цасанд боогдсон тохиолдолд тээврийн хэрэгсэл гаргах ажилд төлөвлөгөө гаргаж ажилахыг сонгуулийн хороодод зөвлөөд байна. Одоо цас ихтэй байгаа Хөвсгөл, Булган, Увс, Ховд, Завхан зэрэг аймгаас бидэнд хүсэлт тавьж болзошгүй ажлын зардал болох бензин шатахууны зардал нэмж өгөөч гэж хүссэн. Үүний дагуу нийт 180 сая төгрөгийг цас, зудтай байгаа аймгуудад хүргүүлсэн. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс бусад бүх аймагт энэ мөнгийг хуваарилсан. Аймгууд цаашаагаа хэрхэн хуваарилахаа шийднэ.

-Сонгуулийн тойргийн хороодын зүгээс сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэдэггүй, өлсгөлөн зарласан хойно нь бүртгэх гэхээр нэр нь байхгүй байна гэх зэрэг алдаа гарсан. Үүнд яагаад анхаарал хандуулж, СЕХ-ноос арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Хэн хариуцлага тооцох ёстой юм бэ?

-СЕХ-ны бүрэн эрх гэж бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулга, УИХ-ын сонгуулийг СЕХ удирдан зохион байгуулах эрхтэй. Мөн дээрх сонгуулиар доод шатны сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг СЕХ хүчингүй болгох эрхтэй. Аймаг сум, дүүргийн сонгуулийн хуульд ийм бүрэн эрх СЕХ-нд олгогдоогүй. Зөвхөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэхээр заасан байгаа. Зөрчил дутагдал гарсан тохиолдолд арга хэмжээ авах эрх нь аймаг, дүүргийн сонгуулийн хороонд байдаг. Ер нь Багануур, Налайх, Сүхбаатар дүүрэг болон Хөвсгөл, Говь-Алтай аймагт зөрчил дутагдал гарсан. Эдгээр газрын сонгуулийн хороод бүртгэхээс татгалзаж, дараа нь шүүхээр заргалдахаар нь бүртгэхээр болсон. Энэ бүхэн сонгууль зохион байгуулахад ихээхэн бэрхшээл учруулж байна. Тэгэхээр буруу шийдвэр гаргасан тухайн аймаг, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр буруу гарсныг шүүхээс тогтоовол төрийн албаны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-Битүүмжилсэн хайрцагаар санал өгч болох уу?
-Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг хуулийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр авна. Урьдчилсан санал хураалт гэж байхгүй. Зөөврийн битүүмжилсэн хайрцагаар эрүүл мэндийн шалтгаанаас санал хураах байранд очих боломжгүй, баривчлагдсан, саатуулагдсан хүний саналыг авах юм.
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Сонгуулийн төсөв нэмэгдсэн. УИХ-аас орон нутгийн сонгуульд зориулж 5.4 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ төсөв хэд хэдэн зүйлээс болж нэмэгдээд байгаа юм. Тухайлбал, автоматжуулалт, тээвэр, шатахууны зардал, саналын хуудас хэвлүүлэх, хүргүүлэх, санал авах тоолох, сонгогчийг хурууны хээгээр таних техникийг орон нутагт хүргэх, эргүүлэн татах гээд хэд хэдэн зүйлийн зардал нэмэгдсэн.
-Хэрэв ирц хүрэхгүй бол яах вэ. 2008 оны сонгуульд ирц хүрч байгаагүй шүү дээ.
-2008 оны сонгуульд нийслэлд ирц хүрээгүй, дахин санал хураалт явагдаж байсан. Энэ удаад ирц хүрэхгүй бол тухайн хэсгийн хороонд дахин санал хураалт явагдана. Түүнээс дүүргээрээ, аймгаараа дахин санал хураахгүй.
-Санал тоолох машины туршилт алдаатай болсон гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ ямар учиртай юм бэ?
-Ийм мэдээлэл хэвлэлээр гарсан байна. Энэ маш энгийн ойлголт юм. Мандатын тооноос илүү тэмдэглэвэл саналын тоо илүү гарна, дутуу тэмдэглэвэл саналын тоо дутуу гарна. Үүгээр улс төр хийх шаардлагагүй. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар тойргийн 60 дугаар хэсэгт нэг хүн хэрүүл маргаан хийсэн байсан. Бид тус дүүргийн сонгуулийн хорооны даргатай ярьсан. Сонгуулийн хорооноос тайлбарласны дараа ойлгоод явсан гэсэн. Туршилт хийхдээ нэг мандаттай байсан ч бүх нэр дэвшигчийг бөглөх замаар туршсан юм. Ер нь, нэг мандаттай газар хоёр дугуйллаа гэхэд тэр саналын хуудсыг машин уншина. Гэхдээ тэр саналын хуудас хүчингүйд тооцогдоно.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан