Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон газар ирц хүрээгүй нь Шинэчлэлийн Засгийн газар иргэдэд тааламжтай бус байгаагийн хэлбэр гэв
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Э.Энхболд нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 21 аймгаас есөд нь ялалт байгуулжээ. Тухайлбал, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт МАН-аас дэвшсэн нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Харин нийслэлийн тухайд Багахангай, Багануур дүүрэгт МАН олонх болоод байгаа аж.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, “АН-ын дарга мэдээлэл хийхдээ 14 аймагт АН ялалт байгуулсан гэж мэдээллэсэн. Ямар тоонд үндэслэж ингэж ярьж байгааг бүү мэд. Ямартай ч Монгол Улсын 21 аймгийн 9-т нь манай намаас нэр дэвшсэн хүмүүс ялалт байгуулсан байна гэдгийг баттай хэлэх байна. Гэхдээ СЕХ одоо болтол эцсийн дүнг олон нийтэд зарлахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Автомат машинаар санал тоолоход тэр даруйдаа гардаг гэж байсан хэрнээ одоо болтол хариу гараагүй байна. Хэрэ гараар тоолсон бол өдийд эцсийн дүн нэгтгэгдээд гарчих байсан” гэв.
Нийслэлийн хэмжээнд 357 хэсгийн хороонд санал авснаас 186 буюу 52.2 хувьд нь сонгуулийн ирц хүрээгүй учир хүчингүй болжээ. Тиймээс дахин санал хураалт явагдах нь тодорхой болжээ. Дахин санал хураалтыг хуулиараа СЕХ эцсийн дүнгээ гаргасны дараа долоо хоногийн дотор зарлах ёстой байдаг аж. Гэтэл одоо болтол эцсийн дүнг нэгтгээгүй байгаа нь МАН-ын удирдлагуудад хар төрүүлж байгаа аж.
АН-ынхан мэдээлэл хийхдээ олон газар АН ялсан нь Шинэчлэлийн Засгийн газрын хийж байгаа ажлыг иргэд дэмжиж байна гэсэн үг хэмээн тайлбарлаж байсан бол олон хэсгийн хороонд ирц хүрээгүй нь энэ Засгийн газрыг үнэлэх иргэдийн үнэлэмж муу байгааг харуулж байна гэж МАН-ынхан үзэж байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар СЕХ-нд 2441 санал авах машинаас 78-ынх нь мэдээ ирээгүй байгаа юм байна.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан