Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЦОЛМОН: ОЛОН ХҮН ИНТЕРПОЛД ЗАХИДАЛ ИЛГЭЭГЭЭД ШИЙДЧИХ АСУУДАЛ БИШ
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулган өнөөдөр /өчигдөр/ болох байсан ч хой­шил­лоо. Ямар шалтгаанаар хойшлов. Чуул­ганаар гурван гишүүн тангараг өр­гөх ёстой гэж байсан?

-Гишүүдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд МАН-ын гишүүн Сарангэрэл тангараг өргөх байсан. Өвөрхангай аймгаас сонгогдох УИХ-ын гишүүдийн маргаан шийдэгдээгүй байгаа. Тиймээс тэдний асуудал нэг тийш болсны дараа энэ талаар ярих байх.
-Өвөрхангайн тойргийн маргааны талаар та ямар бодолтой байгаа вэ?
-МАН, АН-аас нэр дэвшсэн гишүүд бие биеэ шүүхэд өгөөд байгаа юм билээ. Хэрэв шүүхээр хоёр тал хоёулаа буруутай нь тогтоогдвол энэ дөрвөн хүнийг нэрсийн жагсаалтаас хасч, дараагийн хүмүүсийн хооронд дахин сонгууль болох байх. Гэхдээ шүүх шийдэх байлгүй дээ.
-Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа хэзээ өргөх вэ. Уг нь өнөөдөр /өчигдөр/ өргөнө гэсэн яриа байсан?
-МАХН-аас Батлан хам­гаа­лах яамны бичгийг үн­дэслээд Э.Батшугарын асууд­лыг  дахин хэлэлцэн авч үзээч гэсэн саналыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа. Бид СЕХ-ноос ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Үүний дараа хэн тангараг өргөх нь тодорхой болох байх.
-Э.Батшугар МАХН-аас түдгэлзсэн шүү дээ. Хэ­рэв СЕХ танай хүсэлтийг нааш­тайгаар шийдвэл Э.Бат­шугар УИХ-ын гишүүн болно гэсэн үг үү?
-Одоо хашиж буй албан тушаалтайгаа холбогдуулан намын гишүүнчлэлээс түр хугацаагаар түдгэлзээд байгаа.
-Орон нутгийн сонгуу­лийг анх удаа цахим үнэм­лэхээр өгч, автомат ма­шинаар тооллого явуу­лан цаг хугацаа хэмнэлээ. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо өдий болтол урьдчилсан дүн танилцуулаагүй байна. Үүнд, та ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо аймгуудын сонгуулийн дүн гарсны дараа нэгтгэнэ гэсэн. Гэтэл орон нутагт дүн гарлаа ч тухайн аймаг ИТХ-аараа оруулж, тав хоногийн дотор эцсийн байдлаар дүнгээ гаргадаг юм байна. Тэгэхээр ойрын хэд хоногт албан ёсны дүн гарахгүй нь. Зарим хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрээгүй гэсэн. Ер нь, өвлийн улиралд сонгууль явуулахад маш төвөгтэй юм байна. Бид МАХН-ыг дэмжиж буй олон хүн сонгуульд оролцоогүй гэж харж байгаа. МАН, АН мөнгөтэй учраас сонгогчдыг тээврийн хэрэгслээр зөөж санал өгүүлсэн. Харин манай нам хөрөнгө мөнгөний боломжгүйгээсээ болоод ийм ажил зохион байгуулж чадсангүй. Санал унших машин зарим газар будлиантай байсан. Үүнийг тухайн хэсгийн хорооноос тодруулах хэрэгтэй.
-Тодруулбал, хаана тийм тохиолдол гарсан юм бол?
-Баянзүрх дүүргийн нэг хэсгийн хороон дээр байсан санал унших хоёр машиныг харьцуулахад хоёулан дээр нь ИЗНН 46, МАН 116 гэж гарч байсан. Тохиолдлоор ийм адилхан тоо гарсан гэж бид бодохгүй байгаа. Сонгууль болохоос өмнө хоёр намд квот олгоод түүнийг нь машинд суулгаад өгчихсөн юм биш үү гэх хардлага төрсөн. Бусад тойрогт ямар байсныг шалгах хэрэгтэй. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар ч ийм маргаан гарч байсан. Зэрэгцээ байгаа хоёр машин дээр саналын дүн нь ижилхэн гарахад бид  тухайн үед асуудал болгож тавиагүй. Сая АНУ-д болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар ийм машиныг зарим мужид ашигласан байна билээ. Барак Обамагийн эсрэг зарим газарт энэ машиныг ашигласан тохиолдол гарсан шүү дээ. Энэ бүхнээс харахад машин тийм ч найдвартай зүйл биш юм. Санал унших машиныг нэг хүн удирдаж байгаа. Монголд хоорондоо маргаан будлианаа ярьдаг байсан бол одоо бүр алсаас Монголын сонгуулийг будлиантуулж байгаа юм биш биз гэж хардаж эхэлж байна.
-СЕХ зарим хэсэгт хяналтын тооллого хийсэн гэсэн. Энэ үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс төлөөлөл байгаагүй гэсэн үү?
-Энэ талаар тодорхой мэдээлэл надад алга. Сон­гуулиас өмнө санал унших машиныг туршиж үзэн 20 саналын хуудас хийхэд 26 гэж уншсан зэрэг машинаа ашиглаж чадахгүй байгаа тохиолдол гарсан. Тиймээс манайх шиг цөөхөн хүн амтай улс санал хураалтын дүнгээ гараар тоолсон нь хамаагүй дээр.
-Сонгууль болгоны да­раа МАН, АН хурал хийж, манайх олонхи боллоо хэмээн тус бүртээ мэдээлдэг. Энэ ёс зүйтэй үйлдэл мөн үү?
-Тухайн мэдээлэл нь үнэн бол болно шүү дээ. Харин худал байвал ёс зүйгүй үйлдэл юм. Нэгэнт сонгуулиа иргэд өгчихсөн юм чинь “Манайх яллаа” гэснээр асуудал шийдэгдэхгүй. Сонгууль зохион байгуулж буй намууд ийм зүйлд автчихдаг байх.
-Орон нутгийн сонгуульд бусад намууд танайхыг “бөөрөлхсөн” гэсэн?
-Зарим газар нийлж талцсан гэсэн яриа бий. Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой болж байна. Зарим газар МАХН дангаараа орсон. Гэхдээ УИХ-ын өнгөрсөн сонгуулийн дүнгээс бид орон нутгийн сонгуульд хамаагүй бага суудал авсан харагдаж байгаа. Тиймээс дүгнэлт хийж, ажлаа сайжруулах хэрэгтэй.
-Говь-Алтай аймагт та­най намынхан сонгуулийн сурталчилгаа хийх гэсэн ч санхүүжилтгүйгээс чадаагүй гэж байсан?
-Зарим газарт тийм асуудал гарсан. Сонгуулийн ирц орон нутагт бага байсан. МАН, АН өөрийнхөө сонгогчдыг сонгуульд өргөнөөр орол­цуулсан байхад манай дэмжигчид оролцож чадаагүй. Жилийн жилд сонгуульд орон нутгийн залуусын идэвх муу байдаг. Цас, зудтай учраас мал хуйгаа орхичихоод сонгууль өгөх гээд явахгүй нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Дараагийн орон нутгийн сонгуулийг хөдөөд долоо хоног явуулбал зүгээр юм болов уу гэж бодож байна. Тэгвэл хүн бүл багатай айлын иргэд ямар нэг байдлаар сумын төв дээрээ ирж саналаа өгөх боломжтой. Харин төв суурин газарт нэг л өдөр санал хураалт явуулах нь зөв. Ингэвэл малчид 100 хувь саналаа өгөх бүрэн эрхтэй болно. Гэхдээ энэ миний хувийн бодол шүү.
-МАН-ын бүлэг байгуу­лах асуудал яахаар болж байх шиг байна?

-Яг нарийндаа тэд на­мынхаа хурлыг хийж бай­гаад хуульд заасан бүлэг байгуулах хугацаанаас хоцорчихсон. УИХ бүрдсэнээс хойш 24 цагийн дотор бүлэг байгуулах ёстой гэсэн заалттай. Цаашид 24 цагаар бие биеэ шахаад байх хэрэггүй юм байна гэж үзэж, үүнийг хүчингүй болгох  хуулийн төслийг С.Дэмбэрэл гишүүн бид хоёр өргөн бариад байгаа. Мөн намуудын завсарлага авах талаархи асуудлаар төсөл боловсруулсан.
-Танай эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүд нэг нэгээрээ Интерпол руу захидал бичсэн гэсэн яриа гадуур гарсан. Энэ үнэн үү?
-Одоогоор надад мэдсэн зүйл алга. Хувь хүнийхээ хувьд захидал бичсэн байхыг үгүйсгэхгүй. Олон хүн Интерпол руу захидал бичлээ гээд шийдэгдчих асуудал биш. Тэгээд ч Интерпол улс, үндэстэн дамнасан гэмт хэрэгт анхаарал хандуулдаг гэсэн.
-Н.Энхтуяа, Б.Хуяг на­рыг Интерполоор эрэн сур­валжилж байхад Хууль зүйн дэд сайдын үйлдэлд та ямар байх суурьтай байгаа вэ?
-Өмч хувьчлал, аж ахуйн маргаантай асуудал, улс төрийн хэлмэгдүүлэлт зэрэг тухайн улсын дотоод асуудал учраас Интерпол оролцдоггүй юм билээ. Мөн илэрхий улс төрийн тухай маргаанд оролцохгүй. Тиймээс аль талаас нь харсан ч Н.Энхбаяртай холбоотой хэрэгт оролцохгүй. Тэднийг Монголд авчирлаа ч тус байгууллага энэ асуудлыг сонирхохгүй. Оролцох ч эрхгүй. Үүнийг сануулах үүргийг Хууль зүйн дэд сайд Эрдэнэжамъян гүйцэтгэсэн. Гэтэл Авлигатай тэмцэх газар мөрдөн байцаалтад саад учрууллаа гээд байгаа. Үүнд, дэд сайд биш Интерпол саад учруулж буй юм. Энэ бол Интерпол, манай АТГ хоёрын хоорондын асуудал болохоос биш бичиг илгээсэн Эрдэнэжамъян ямар ч холбоогүй юм. 

С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан