Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОРОН НУТАГТ СОНГУУЛИЙН 26 ХЭСГИЙН ХОРООНД ДАХИН САНАЛ ХУРААНА
ОРОН НУТАГТ СОНГУУЛИЙН 26 ХЭСГИЙН ХОРООНД ДАХИН САНАЛ ХУРААНА

21 аймгийн Сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн даргаас авсан урьдчилсан мэдээллээ уншигчдадаа хүргэе.

Архангай аймгийн Сонгуулийн хорооны дарга А.БЯМБАЖАВ:

-Сонгогчдын нэрийн жагсаалтад 58400 хүн бичигд­сэнээс урьдчилсан дүнгээр 63.2 хувь нь саналаа өгсөн. 103 хэсгийн хороонд саналын ирц 50-иас дээш хувьтай гарлаа. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Одоогоор /өчигдөр 11:00 цагийн байдлаар/ сумдаас мэдээлэл эхнээсээ ирж л байна. Хашаат, Хотонт, Төвшрүүлэх суманд цаг агаар хүндхэн байсан сонгогчдын ирц хүрсэн. Эхнээсээ сумдаас авсан мэдээллээ нэгтгэж байна.

Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.ЮНДЭНБАЗАР:
-Сумдын хэсгийн хорооноос мэдээлэл ирээгүй байна. Өчигдөр /уржигдар/ 22:00 цагийн урьдчилсан мэдээгээр сонгогчдын нэрийн жагсаалтад 52108 хүн бүртгэснээс 33302 нь саналаа өгсөн. Ирц 63.9 хувьтай байгаа. Хоёр сумын хэсгийн хороонд ирц хүрээгүй. Баянлиг сумын нэгдүгээр баг болон Богд сумын гуравдугаар багт. Таван суманд нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн байна.  Аймгийн хэмжээнд АН олонхи болсон юм шиг байна. Гэхдээ энэ бүхэн урьдчилсан мэдээ шүү. Сумдаас мэдээллээ авч нэгтээгүй байгаа.

Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ц.ОТГОНБАЯР:
эдээлэл ирээгүй байна. Урьдчилсан мэдээгээр ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Сумдын хэсгийн хорооны ирц 59 хувиас дээш байгаа.
Өчигдрийн /уржигдар/ 22:00 цагийн байдлаар сонгогчийн нэрсийн жагсаал­тад бичигдсэн 39291 иргэнээс 24803 нь саналаа өгч, ирц 63.13 хувьтай гарсан байгаа. Сумдаас өнөө өглөө /өчигдөр/ 10:00 цагт мэдээллээ ирүүлнэ гэсэн. Гэвч 11:30 цагийн байдлаар мэдээлэл ирээгүй байна. 
 
Дундговь аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.ЭРДЭНЭБОЛД:
-Сонгогчдын нэрийн жагсаалтад 28927 хүн бүртгэснээс урьдчилсан мэдээгээр 17104 нь саналаа өгсөн. Ирц 59.12 хувьтай байна. Хоёр хэсгийн хороонд ирц хүрээгүй.  Өлзийт сумын Буянт баг, Эрдэнэ сумын Рашаант багт ирц хүрээгүй гэсэн мэдээлэл авсан. Ямар ч байсан энэ хоёр хэсэгт дахин санал хураах нь.
Одоогоор сумдаас ирсэн мэдээллээ нэгтгэж байгаа болохоор аль нам ялалт байгуулж буйг хэлэх  боломжгүй байна. Ерөнхийдөө АН, МАН л дийлэнх саналыг  авсан гэсэн тойм төдий мэдээ байна. 

Завхан аймгийн Сонгуулийн хорооны дарга П.НЯМЖАВ:
-Сумдаас эхнээсээ мэдээлэл ирж байна. Нийт 44567 сонгогч жагсаалтад бүртгэгдсэний 51,5 хувь нь саналаа өгсөн. Урьдчилсан мэдээгээр Алдархаан суманд нэг хэсэгт ирц хүрээгүй байна. Бусад сумаас мэдээлэл хараахан авч амжаагүй. Аймгийн ИТХ-ын 29 тойргийн 21-т нь МАН, наймд нь АН ялсан байгаа.

Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.АДЪЯА:
-36755 сонгогчоос 24823 нь саналаа өгсөн. Ирц 67,5 хувьтай байна. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 650 хүн саналаа өгөхөөр хүсэлт ирүүлснээс 630 нь саналаа өгсөн. Бусад нь иргэний цахим үнэмлэхээ аваагүй учир саналаа өгч чадаагүй. Урьдчилсан мэдээгээр бүх хэсгийн хорооны ирц 50-иас дээш хувьтай гарсан. АН үнэмлэхүй ялалт байгууллаа. Аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгчийн 18 нь АН-аас сонгогдсон. Сумдаас дөрвөөс бусдад нь ялсан гэсэн мэдээ байна.

Төв аймгийн Сонгуу­лийн хорооны нарийн бичгийн дарга Ш.БАТСҮХ:

-Сумдаас мэдээллээ авч амжаагүй байна. Ямартай ч, урьдчилсан дүнгээр нийт сонгогчийн 58.7 хувь нь саналаа өгсөн. Ирц хүрээгүй хэсгийн хороо одоогоор алга. Өнөөдөртөө /өчигдөр/ дүнгээ нэгтгэж амжихгүй л байх.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны дарга Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ:
-Сонгуулийн хороо, хэсгүүдээс ирсэн дүнгээ нэгтгээд тун завгүй байна. Аймгийн ИТХ-д МАН 13, АН зургаа, бие даагч нэг суудал авсан. Хоёр хэсгийн хорооны ирц хүрээгүй. Аймгийн төвийн Дархан баг, Хонгор суманд нэг хэсгийн хороонд ирц хүрээгүй.  Аль нам ялсан нь тодорхойгүй байгаа.

Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзийтэй холбогдож, дараахь зүйлийг тодрууллаа.
-Танай аймагт сонгуулийн ирц хүрсэн үү?
-Сумдаас мэдээлэл авч амжаагүй байна. Санал хураах ажиллагаа хаах үед урьдчилсан мэдээ гаргасан. Сонгогчийн нэрсийн жагсаалтад 49249 хүн бүртгэснээс 28593 нь саналаа өгсөн байна. Ирц 58 хувьтай. Бүх хэсгийн хороонд санал хураах ажил амжилттай болж, ирц хүрсэн.
-Баян-Уул суманд саналын хуудаст нэр дэвшигчээ дутуу бүртгэсэн учир дахин санал хураана гэсэн мэдээлэл авсан?
-Тийм ээ. Сумын нэг л хэсгийн хороонд нэр дэвшигч дутуу бүртгэснээс дахин санал хураахаар болоод байна. Сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн саналын хуудсыг аймгийн сонгуулийн хороо баталж хэвлүүлсэн.
-Дахин санал хураалтаа хэзээ явуулах вэ?
-Хуулиар бол долоо хоногийн дотор дахин санал хураалтаа явуулах ёстой.
-Танай аймагт аль нам ялсан бэ?
-Албан ёсны нэгдсэн дүн гараагүй болохоор энэ талаар мэдээлэл өгч чадахгүй нь.

Орхон аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.ОТГОНБААТАР:

-Сонгогчийн нэрийн жагсаалтад 66560 хүн бүртгэснээс 33248 нь саналаа өгсөн. 53.65 хувийн ирцтэй. Баян-Өндөр сумын гурван багийн таван хэсгийн хороонд ирц хүрээгүй. Аймгийн ИТХ-ын сонгуулийн урдчилсан дүнгээр АН олонхи болсон. Сумдаас ирсэн мэдээллээ ид нэгтгэх ажил хийж байна. Маргааш /өнөөдөр/ үдээс хойшдоо нэгдсэн дүнгээ гаргаад, улсууддаа үнэмлэхийг нь олгочих байх.    
Говьсүмбэр аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г.ГАНБОЛД:

-Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Доод тал нь 56.75 хувийн ирцтэй бол дээд тал 76 хувийн ирцтэй байна. Сонгогчийн жагсаалтад 9450 хүн бүртгэснээс 5946 нь саналаа өгсөн. 62.92 хувийн ирцтэй. Одоогоор тодорхой болсон мэдээллээр бол гурван сумын хоёрт нь МАН, нэгд нь АН ялсан байна. Болж өгвөл өнөөдөртөө багтааж дүнгээ гаргана.

Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Д.БЯМБАА:

-Санал хураалт хаах үеийн урьдчилсан мэдээгээр нийт сонгогчийн 60.15 хувь нь саналаа өгсөн. Бүх хэсгийн хороо 50-иас дээш хувийн ирцтэй байна. Сумдаас эхнээсээ мэдээлэл нь ирж байгаа. Өнөө, маргаашдаа сонгуулийн дүн нэгтгэх ажил үргэлжилнэ. Зарим суманд цас ихтэй байгаагаас жаахан саатах байх. Сонгуулийн нэгдсэн дүн гараагүй учир тэр, энэ нам ялсан гэж хэлж чадахгүй нь.
Увс аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Б.ОЮУНБАТ:
-Иргэд 66.88 хувийн ирцтэй сонгуульд оролцлоо. Цаг агаарын байдлаас шалтгаалаад Наранбулаг сумын Хужирт багт ирц хүрээгүй. Бусад хэсгийн хорооны санал хураалт хүчинтэй болсон. Урьдчилсан мэдээгээр АН үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 2/3 нь АН-ынх болох төлөвтэй байна. Жагсаалтаар орж ирэх хүмүүсээ тооцохгүйгээр шүү. Бас 12 суманд АН олонхи болсон байна.

Хэнтий аймгийн Сонгуулийн хорооны дарга А.ГАНТӨМӨР:
-Сонгуулийн нэгдсэн дүнгээ гаргаж амжаагүй байна. Нийт сонгогчийн 60.7 хувь нь саналаа өгсөн. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. 18 салбар хороо дүнгээ нэгтгэж, Сонгуулийн хороо хуралдсаны дараа л  тодорхой болно. Ирэх даваа гарагаас наашгүй л болов уу. Нэгтгэсэн дүнгээ аймгийн ИТХ-д өргөн барина. Аль нам нь ялсан тухай баттай мэдээлэл одоогоор алга.

Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Ч.БАГДАЛ:

-Нийт сонгогчийн 65.7 хувь нь саналаа өглөө. Сумдаас эхний мэдээлэл ирж л байна. Одоогоор ирц хүрээгүй хэсгийн хороо алга. Урьдчилсан мэдээгээр Булган сумын нэг хэсгийн хороонд ирц таван хүнээр дутаж магадгүй юм шиг байна. Цаг агаар хүндэрснээс Дарви, зам даваа хаагдсанаас Ховд сумын сонгогчид саналаа өгч чадахгүйд хүрсэн. Гэхдээ энэ хоёр суманд шаардлагатай арга хэмжээ авч, сонгогчдын саналыг өгүүллээ. Ингэснээр Дарви суманд ирц 70 хувьтай гарсан бол Ховд суманд иргэдийн 63 хувь нь саналаа өгсөн. Аймгийн ИТХ-д АН-ынхан олон санал авсан. Гэхдээ албан ёсны мэдээлэл гараагүй байгаа шүү.
 
Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.ТӨМӨРБААТАР:
-Санал авах ажил дуусах үеийн урьдчилсан мэдээгээр нийт сонгогчийн 60.08 хувь нь саналаа өгсөн. СЕХ-ны төв сервер рүү явуулсан мэдээлэл чухам яаж гарсныг мэдэхгүй. 128 хэсгийн хорооны мэдээлэл очсон байгаа. Урьдчилсан мэдээгээр хоёр хэсэгт ирц хүрээгүй. Цэцэрлэг болон Ренчинлхүмбэ сумын нэг, нэг хэсгийн хороонд. Сумдынхаа сонгуулийн хорооны дарга нарыг дуудсан. Тэд албан ёсны мэдээллээ авч ирэх байх. Өнөөдөртөө /өчигдөр/ багтааж, дүнгээ гаргаж чадахгүй л болов уу. Алсын сум л гэхэд аймгийн төвөөс 200 км. Мэдээж, тэднийг ирсний дараа албан ёсны мэдээгээ нэгтгэж өгнө.
Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ц.НЭРГҮЙ:
-Нэр дэвшигчдийн тухай мэдээлэл албан ёсоор гараагүй. Сонгогчийн нэрсийн жагсаалтад 72076 хүн бичигдсэнээс 42797 нь саналаа өглөө. Ирц 59.37 хувьтай гарсан. Урьдчилсан мэдээгээр таван хэсгийн хороонд дахин санал хураалт явуулахаар байна. Богд суманд нэг хэсгийн хороонд санал тэнцсэн. Бүрд, Зүүнбаян-Улаан суманд тус бүр нэг, Есөнзүйл суманд хоёр хэсгийн хороонд ирц хүрээгүй. Хуулиар бол долоо хоногийн дотор дахин санал хураах ёстой. Энэ хугацаанд багтааж дахин санал хураах ажил зохион байгуулна. Одоогоор сумдаасаа дүнгээ авч нэгтгэж байгаа. Дүнгээ нэгтгэж дуусаад аймгийн Сонгуулийн хорооноос тогтоол гаргах юм. Тэгж байж СЕХ-нд нэгдсэн мэдээгээ өгнө.  

Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Х.БЕКЕН:
-Аймгийн хэмжээнд 72.3 хувийн ирцтэй сонгуульд оролцлоо. Ирц хүрээгүй хэсгийн хороо гараагүй. Сумдаас ирсэн дүнгээ нэгтгэсэн. СЕХ-нд өгөхөд бэлэн болчихоод байна. Аймгийн ИТХ-д 33 төлөөлөгчтэй байх ёстой. Үүний 21-ийг нь мажоритараар сонгосон. Тодруулбал, АН 14 суудал авсан бол МАН долоон суудал авсан байгаа.

Өмнөговь айм­гийн Сонгуу­лийн хо­роо­ны дарга Б.ТҮВ­ШИНБАЯР:
-Аймгийн хэм­жээнд иргэд 63.5 хувийн ирцтэй сон­гуульд саналаа өглөө. Ирц хүрээгүй хэсгийн хороо гараагүй. Сонгуулийн үеэр тоног төхөөрөмж хэвийн ажилласан. Цас ихтэй байсан ч санал авах ажлаа амжилттай зохион байгууллаа. Аймгийн ИТХ 33 суудалтай. Үүний 22 төлөөлөгчийг тойргоор, 11-ийг нь жагсаалтаар тодруулна.  Тойрогт АН 15 суудал авсан бол МАН долоон суудал авлаа. Сумдаас мэдээллээ ирүүлж, тушааж байна. Үүнийг нэгтгээд аль нам хэдэн хувийн санал авснаар ИТХ-д суух 11 нь хүн тодорхой болно.  

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга С.ГАНТУЛГА:
-Сумдаас ирүүлсэн мэдээгээ нэгтгэж байна. 18 сумын сонгуулийн хорооноос дүнгээ ирүүлэх ёстой. Одоогоор долоон сумын дүн мэдээ ирсэн байна. Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд нэг хэсгийн хороонд ирц хүрээгүй. Халиун сумын Чацаргана багт цастай, зудтай байгаа учраас сонгогчийн ирц хүрсэнгүй. Ямар ч байсан өнөө, маргаашдаа багтааж, сумдаас ирсэн мэдээллээ нэгтгэнэ.

Булган аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.ХИШИГДАВАА:
-Сумдын сонгуулийн хорооноос ирүүлсэн тогтоолоор дүн мэдээгээ нэгтгэж байна. Ирц хүрээгүй хэсгийн хороо байхгүй. Аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Тэдний 21-ийг нь мандатаар тодруулсан. Мандатаар 81 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдлөө. Урдчилсан дүнгээр аймгийн ИТХ-ын сонгуульд АН 12, МАН есөн суудал авсан. Жагсаалтаар орж ирэх хүмүүс нь одоогоор тодроогүй. Сумдаас ирсэн мэдээгээ нэгтгээд өнөө оройдоо /өчигдөр/ урьдчилсан дүн гарчих байх.
0 Сэтгэгдэл
НИЙСЛИЙН ДҮҮРГҮҮД ЯАСАН БЭ?
Хамгийн их уншсан