Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Содномцэрэн: Дахин санал хураалтаар гадаадад байгаа монголчуудын саналыг авч магадгүй
СЕХ-ноос өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн дахин санал хураалтын дүнг танилцууллаа. Дахин санал хураалтын дүнг СЕХ хэлэлцэж энэ тойрогт нэр дэвшсэн Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

-Дахин санал хураалтаар нэр дэвшигчид хэдэн хувийн санал авсан бэ?
-УИХ-ын сонгуулийн хуульд дахин санал хураалт явуулах хоёр заалт бий. Нэгдүгээрт, сонгогчдын 28 хувь ба түүнээс дээс хувийн санал аваагүй бол, хоёрдугаарт, хоёр нэр дэвшигч тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулдаг. Дахин санал хураалтаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэсэн хуулийн заалттай. Үүний дагуу Д.Арвинг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Д.Арвингийн хувьд 43,1 хувийн санал авсан бол Б.Батзориг 40 хувийн санал авсан.
-Ирцийн хувьд ямар байв?
-УИХ-ын тухай хуульд дахин саналт хууралтад ирцийн босго байхгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэсэн заалттай.
-Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын саналын хуудсыг тусад нь хэвлэх ёстой байсан. Тэгэхгүй бол өмнө нь Ардчилсан намд саналаа өгсөн хүмүүсийн санал үнэгүйдэж байна гэж үзэж байгаа юм билээ?
-УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтын хуудсыг тусад нь хэвлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Харин саналын хуудсын загварыг СЕХ батална гэж хуульд заасан байгаа. Үүний дагуу дахин санал хураалтын саналын хуудсыг орон нутгийн сонгуулийн саналын хуудастай хамт хэвлүүлсэн.
-Орон нутгийн сонгуулийн ирцийн дүнг яагаад СЕХ мэдээллэхгүй байгаа юм бэ. Үүнээс болоод СЕХ ямар нэгэн будлиан тарих нь гэсэн хардлага явж байна?
-Аймаг, сум, дүүргийн Сонгуулийн тухай хуульд аймаг сум, дүүргийн сонгуулийн хороо сонгууль дууссанаас хойш тав хоногийн дотор дүнгээ нэгтгэж, хуралдаанаар хэлэлцээд тухайн сум, дүүргийнхээ ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсэн заалттай. Сумын сонгуулийн хороо сумынхаа ИТХ-д өргөн мэдүүлнэ гэсэн үг. Мөн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэхийг тухайн газрын сонгуулийн хороо олгоно гэж заасан байгаа. Түүнчлэн тухайн сум, орон нутгийн ИТХ төлөөлөгчийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Үүнээс долоо хоногийн дараа СЕХ нийтэд мэдээллэнэ.
-Тэгвэл ирц хүрээгүй хэчнээн хэсгийн хороо байгаа вэ?
-Манайд сум, аймгийн сонгуулийн хорооноос мэдээ ирүүлж байна. Аймаг суманд сонгуулийн ирц хүрсэн бол дүүргүүдэд ирц хүрээгүй хэсгийн хороо олон байгаа. Хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа болохоор мэдээ нэгтгэгдэж байна.
-Дахин санал хураалтыг хуулийн хугацаанд тав хоногийн дотор зарлах ёстой гэсэн. Хэзээ зарлах вэ?
-Дахин санал хураалт явуулах шийдвэрийг аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо гаргана. Энэ шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалтыг явуулна.
-Одоогоор сонгуулийн төв байгууллагын УИХ-д өргөн мэдүүлснээр хэдэн гишүүн тангараг өргөх боломжтой болоод байгаа вэ?
-Таван гишүүнийг өргөн мэдүүлээд байна. Оюунбаатар, Батхүү, Зоригт, Сарангэрэл, Арван нарыг өргөн мэдүүлсэн.
-Ц.Оюунбаатарын хувьд маргаантай зүйл байгаа гэсэн. Э.Батшугарын цэргийн алба хаасан гэсэн бичгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа?
-Оюунбаатартай холбоотой гомдол СЕХ-нд ирсэн. Үүнийг хэлэлцээд өмнө гаргасан шийдвэрээ хэвээр баталсан.
-Урьдчилсан байдлаар хэдэн хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах вэ?
-Өнөөдөртөө нэгтгэгдэнэ. Аймгуудын мэдээ ерөнхийдөө цэгцрэх гэж байна. Дүүргүүдийнх ирээгүй байгаа.
-Ирц бүрдээгүйтэй холбоотойгоор гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авна гэсэн яриа гарсан байсан. Энэ хэр бодит мэдээлэл вэ?
-Хэвлэлээр ийм мэдээлэл гарсан байна билээ. Тухайн орон нутагт 180 хоног амьдарсан иргэнийг сонгогч гэж нэрлэдэг. Тэгэхээр хэвлэлээр гараад байгаа мэдээлэл үнэний ортой.
-Дахин санал хураалт явуулахад мэдээж саналын хуудас хэвлүүлж таарна. Нэг саналын хуудсыг хэдэн төгрөгөөр хэвлүүлдэг юм бэ?
-Хэсгүүдээс мэдээгээ авч дуусаагүй байна. Мэдээ гүйцэт ирсний дараа хэдэн саналын хуудас хэвлэхээ шийднэ. Саналын хуудасны зардлын хувьд зай багтаамж, хэмжээнээсээ шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан