Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сюрприз дүүрэн парламент бас улс төрийн хүчин

Сонгуулийн дараахь маргаан ээлж дараалан шүүхээр шийдэгдэж,  парламентын сонгуулийн сурталчилгааны үед хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцохоор боллоо гэсэн мэдээлэл гарсан. Гэтэл шүүхээс буруутай нь тогтоогдсон зарим эрхэм “АН-ынхан биш, би ялсан” гэж ярих нь хачирхал төрүүлэм. Үнэндээ аль нэг нам эвсэл ялж, парламент дахь ам бүлийн тоогоо өсгөх тийм ч чухал бус болов уу. Зөвхөн ард түмний сонголт мэргэн байсан уу гэдэг л хамгийн гол нь мэт. Мөн шүүх хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үүссэн маргааныг авч хэлэлцэн, баримт нотолгоонд үндэслэн эцсийн үнэн мөнийг тогтоох зарчимтай. Ийм болохоор УИХ-ын сонгуулийн дараа хоёр тойрогт гарсан маргааныг тухайн орон нутгийн шүүх байгууллага хянан хэлэлцсэн. Гэтэл шүүхээс гаргасан шийдвэрийг МАН-ынхан эсэргүүцсээр байна.

Яагаад ийнхүү үхэн хатан тэмцэлдээд буйг хэн ч үл ойлгоно. Өнгөц харахад, парламент дахь суудлынхаа тоог нэмж, хяналтаа сайжруулах гээд байгаа ч юм шиг. Цааш өнгийвөл, хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулж, шүүх засаглалын бүрэн эрхэд халдах санаа өвөрлөн, эсэргүүцэн тэмцэж, шийдвэр буруу гарсан хэмээн ухуулга хийх. Нэг иймэрхүү дүр зураг шинэ парламент байгуулагдсанаас хойш ажиг­лагдах болов.

Эхлээд Үндсэн хууль зөрчлөө хэмээн баахан орилов, дараа нь хурал чуулган тасалж хууль тогтоох ажлыг уях гэж оролдлоо. Удаагаар нь шүүх буруу дүгнэлт гаргасан, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх учир чуулганыг хуралдуулахгүй гэж бойкотлон бас л хууль зөрчив, МАН-ынхан. Тэдний энэхүү хууль зөрчих үйл ажиллагаа эцэс төгсгөлгүй үргэлжлэх бололтой. Учир нь, УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудалд дахин гацаа тавих тухай яриа Төрийн ордонд сонсогдох болов. Өнөөг хүртэл бүлэггүй яваа МАН-ынхан хууль тогтоох байгууллагын “Б” зааланд цуглан УИХ-аар хэлэлцэх асуудлын талаар ярилцдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Өнгөрөгч даваа гарагт тэд цуглан сууж, тангараг өргүүлэхгүй байх ямар гарц байгааг эрж хайсан. Үүнтэй зэрэгцэн Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг шүүх буруу ажилласан хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн өлсгөлөн зарлахаа мэдэгдэв. Ерөнхийдөө өлсгөлөн зарлаж шүүхийн шийдвэрийг өөрчлөх бодлого баримталж байгаа нь лавтай. Харин хотод байх намын төв байгууллагынх нь дарга нар Удирдах зөвлөлөө хуралдуулан энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ мэт улс төрийн драм өрнөсөөр. Маргааш  чуулганыг дахин тасалдуулж, буйдантай суултаа ч хийж магадгүй нь. Тус намынхны “сюрприз” ямар дуусах биш.

Ер нь, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх моод дэлгэрч байх шиг. Намар цагийн хамгийн хамгийнаар тодрох үзэгдэл нь энэ биз. Гэхдээ яагаад өлсч цанган байж түшээ хэмээх цолыг хүртэх гээд байгаа нь ч сонин. Юуны учир Төрийн ордон тийш ийнхүү амь биеэ хайрлахгүйгээр зүтгэн, өлсч зовохоор шийдэв. Эсвэл тэрхүү сэнтийд заларчихвал “мөнхийн хутгийг” олох хэрэг үү. Хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдийн өмнө гарч ирэхдээ ард түмний сонголтыг үгүйсгэлээ гэсэн утгатай зүйл ярих. Ардын намаас нэр дэвшигч С.Чинзориг нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөвөл ард түмэн босно. Би ч гэсэн өөрийнхөө зүгээс хийх зүгээс шалтгаалах бүх арга хэмжээг авна. Шүүхийг мөнгөөр хөдөлгөж байж болох” хэмээн хэлсэн байх юм.

Түүний ярианаас “Долдугаар сарын 1” дахин болоосой гэж хүсч байх шиг өнгө аяс мэдрэгдэв. Тэрээр өөрөө удирдан зохион байгуулж, бүх арга хэмжээг авах нь. Энд нэг зүйл хэлэхэд, тэднээс бусад нам өнгөрсөн 20 жилийн хугацаанд ялагдаж ирэхдээ хэзээ ч шүүхтэй тэмцэлдэж байгаагүй. Харин ч гаргасан шийдвэрийг нь хүндэлсээр ирсэн.

 
Ч.Хүрэлбаатар шүүхийн шийдвэрийг гуйвуулав уу

Гэтэл нөгөө талдаа Увсын тойрогт МАН-аас нэр дэвшсэн нөхдүүд ч асуудлыг өөр өнцгөөс тайлбарлах болж. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг тухайн тойрогт ялсан хэмээн үзсэн тойргийн хорооны тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Захиргааны хэргийн шүүх хурал УИХ-ын 15 дугаар тойрогт гаргасан гомдлын дагуу хуралдаж, нэрийн жагсаалтаас хасах, түр үнэмлэхийг нь эгүүлэн татах гомдлыг хүчингүй болгосон. Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг эгүүлэн татах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан” гэж тайлбарлаад байгаа. Энэ талаар Увс аймгийн Захиргааны хэргийн шүүгч н.Бадамсүрэнгээс тодруулахад “Тойргийн хорооны тогтоолын нэг дэх хэсгийг хүчингүй болгосон” гэсэн хариулт өгөв.

 Энэ хоёр тайлбарын аль нь үнэн юм бэ. Эрхэм Ч.Хүрэлбаатар худлаа яриад байна уу, шүүгч шийдвэрээ буруу тайлбарлачихав уу. Эргэлзээг тайлах ганц л гарц байна. Тодруулбал, Увс аймгийн тойргийн хорооны зургадугаар сарын 27-нд үйлдсэн тогтоолын нэг дэх хэсгийг эргэн харах шаардлагатай болов уу. Тогтоолын нэг дэх хэсэгт “УИХ-ын сонгуулийн 15 тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар нь Сонгуулийн тухай хуулийн 35.15.1, 35.18 дахь заалтыг зөрчөөгүй” гэсэн байна. Тэгвэл үүнийг шүүх хэрэгсэхгүй болгож. Өөрөөр хэлбэл, сонгогчдод мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, эсхүл насанд хүрээгүй иргэнд бэлэн мөнгө олгох гэсэн заалтыг зөрчөөгүй” гэж үзсэн тойргийн хороог буруу шийдвэр гаргасан хэмээн үзсэн хэрэг.

Гэтэл эрхэм Ч.Хүрэлбаатар шүүх бидний талд шийдвэр гаргасан хэмээн нийгэмд худал мессэж тарааж буй нь хачирхалтай. Түүний хэлснээр хэвлэлүүд ташаа мэдээлэл түгээсэн ч гэх шиг.  Ер нь, АН ялна уу, МАН дийлнэ үү сонгогчдод огт хамаагүй. Зөвхөн сонголт нь мэргэн байв уу гэдэг л анхаарал татна. Үүнээс гадна хуулийн дагуу нэр дэвшиж, сурталчилгаагаа хийсэн эсэх нь маш чухал. Тэгвэл дээрх хоёр эрхмийн хийсэн үйлдлийг тухайн тойргийн мянга мянган сонгогч эсэргүүцэн, тойргийн хороонд хандсан ч авч хэлэлцээгүй аж. Иймээс шүүхийн байгууллага, тагнуулынхан шалган тогтоож, шийдвэр гаргасан байна. Харин тангаргаа өргөчихсөн суугаа эрхэм, гишүүн Ч.Хүрэлбаатар шүүхийн шийдвэрийг санаатай юу, эсвэл ойлгоогүйгээсээ болж гуйвуулан тайлбарлачихав уу гэдэг нь сонин.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан