Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ӨНӨӨДӨР Н.ЭНХБАЯРЫН ХЭРГИЙГ ХЯНАНА
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч асан До.Чулуунбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн, “Хэлон”, “Грийт интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг өнөөдөр 09:00 цагаас Улсын Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Тэдний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан учир хэргийг нь хянан хэлэлцэх гэж буй нь энэ.  
Анхан шатны шүүх хурлын үеэр улсын яллагч Н.Энхбаярыг таван үндэслэлээр буруутгасан юм. Тухайлбал,  түүнийг Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр 3333 кг ачаа буюу ном үнэгүй тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан.2002 онд УИХ дахь  цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа Японы “Агошү” шашны байгууллагаас өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг завшиж Гандантэгчинлэн хийдэд хохирол учруулсан. Хотын Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга байсан Н.Болормаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах нэрээр худалдаж авсан.  Мөн Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэр захирал байсан Х.Наранхүү, “Хэлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3,9 тэрбум төгрөг завшсан гэж буруутгаж байлаа. Шүүх бүрэлдэхүүн МИАТ компанийн онгоцоор ном тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгож, бусад дөрвөн хэрэгт гэм буруутай гэж үзсэн юм. 
Харин Ж.Мягмаржаргалыг “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлэх гэрээ хийж, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй тус үйлдвэрт хохирол учруулснаас гадна хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосон хэмээн буруутгасан байгаа. Д.Дуламсүрэн, До.Чулуунбаатар нарыг бусадтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутай байна гэж дүгнээд буй.
Ингээд анхан шатны шүүх Н.Энхбаярын төрийн албан тушаал хаших эрхийг нь гурван жилээр хасч, 25 сая төгрөгийн эд хөрөнгө хураах, долоон жил хорих ял оноосон. Д.Дуламсүрэнгийн төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасч, 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураах, зургаан жил хорих ял сонсгосон билээ.  До.Чулуунбаатарыг 10 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ялаар шийтгэсэн. Харин Ж.Мягмаржаргалаас  25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил хорих ял оноох шийдвэр гаргасан юм. 
Шүүгдэгч нарт оноосон ялын тодорхой хэсгийг 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулснаар Н.Энхбаярын биеэр эдлэх ял дөрвөн жил, До.Чулуунбаатарынх хоёр жил нэг сар, Ж.Мягмаржаргалынх гурван жил зургаан сар болж буурсан. Харин Д.Дуламсүрэнгийн бүх ялыг өршөөн хэлтрүүлсэн байгаа. Тэд эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдахад Нийслэлийн шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаагүй. 
Б.Алтан



 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан