Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАН ТУШААЛТНЫ ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ

Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүн, нэг эвсэл, улс төрийн хоёр нам хамтран байгуулсан Засгийн газрын Шадар сайд, МАХН-ын дэд дарга. Монгол ардын намыг МАХН байхад  УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан. Хуучны МАХН-д байхдаа Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд, сайдаар ажиллаж байв. Товчхондоо 2000 оноос хойш улс төрд гэнэт орж ирж, түүнээсээ хойш идэвхтэй амьдарсан нэгэн. Ид оргил үе нь мэдээж өнгөрсөн жил. Яагаад гэвэл улс төрийн талбарт гол дүрийн жүжигчдийн нэг яах аргагүй Д.Тэрбишдагва байсан. Олон жил зүтгэсэн намаа орхиж, Н.Энхбаярыг сонгосон учир гол дүр байхаас ч яахав. Гэхдээ тэр хүмүүсийн ойлгож байсан шиг шударга нэгэн биш бололтой. Өнөөдөр улс төрд үүсгэсэн ээдрээг түүнтэй холбоотой гэдэгт эргэлзэж байсан нь олон. Даанч өчигдөр хийсэн мэдэгдэл нь Д.Тэрбишдагва гэдэг хүн чухам хэн бэ гэдэг үнэн төрхийг харуулав. 

14 цагт Төрийн ордонд Шадар сайд хэвлэлийн бага хурал зарласан тухай мэдээ тэр дороо түглээ. Сэтгүүлчид ч техник хэрэгслээ бэлтгэж, хэвлэлийн бага хурал зарласан өрөөнд багталцаж ядан хэдэн минут хүлээсний эцэст Д.Тэрбишдагва сайд орж ирэв. Хэлэх зүйлээ бэлтгэж хэсэг хором чимээгүй суулаа. Нэлээд сандарсан хоолойгоор оршил маягаар хэдэн өгүүлбэр хэлсэн юм.
Эхлээд Засгийн газарт анх орохдоо ардчилал шударга ёсыг бэхжүүлэхээр ажиллах гэрээ байгуулснаа эргэн сануулав. Орон нутгийн сонгуулиар МАХН-ынхныг гадуурхаж, эрх ашгийг нь хохироосон тухай яриагаа үргэлжлүүллээ. Хэлмэгдүүлэлтийг зогсоо, Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхийг зөрчлөө гэдгийг голлон ярьсан юм. Орон нутгийн сонгуульд амжилт муутай оролцсондоо бухимдсан мэт өнгө аяс түүний ярианаас сонсогдоно. 8000 хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр мандат авах эрхтэй байтал ердөө 2000 нь өрсөлдсөн гэв. Ямар ч шалтгаангүйгээр нэр дэвших эрхийг нь хасч, шүүхийн шийдвэр гарсаар байтал гуравхан хоног сурталчилгаа хийх хугацаа өгсөн тохиолдол гарсан гэнэ. Сонгинохайрхан дүүрэгт хүчингүй 9000 саналын хуудас гарсан тухай мэдээлэл авчээ тэрээр. Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод аймагт МАХН-ын нэр дэвшигчдийг бүртгэж аваагүй, нийт 187  хүнд нэр дэвших эрх олгоогүй, автомашиныг урьдчилан кодлосон байж хэмээн намынхныхаа гомдлыг Шадар сайд өчинө билээ. Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан нь намынхныхаа гомдлыг дамжуулж мэдэгдэл хийж суув. Угтаа бол орон нутгийн сонгууль болоод мэдээлэл, мэдэгдэл гаргаж, гомдлоо дуулгах чамгүй хугацаа өнгөрчихөж. Тэгээд ч болоогүй энэ мэт гомдлыг Шадар сайд бус МАХН-ын гал тогооны ахлах тогооч нарийн бичгийн дарга нар хэлэх учиртайсан.   
Тэрээр яриагаа цааш нь   Н.Энхбаяр, З.Ойдов, С.Авирмэд, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын туршлагатай, шударга хүмүүсийн нэр дэвших эрхийг хасч, хэлмэгдүүллээ гэж үргэлжлүүллээ. Ер нь, маш олон асуудал бөөгнөрсөн байсан учраас МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан гэх. Гэхдээ асуудлын гол нь зөвхөн орон нутгийн сонгуульдаа ч биш гэдгийг хэн хүнгүй мэднэ. Намынх нь дарга Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой урьдчилсан хамгаалалтын нэг хэлбэр энэ удаад Засгаас гарах тухай сэдэв болов. Сонирхолтой нь, Шадар сайд Засгийн газраас гарна, сайдынхаа суудлыг өгнө гэсэн зоригтой мэдэгдэл хийсэнгүй. Зүгээр л манай намынхан гомдож байгаа шүү хэмээх үгс ар араас нь урсгасан хэрэг. Уг нь, түүнийг би лав Шадар сайдаар цаашдаа ажиллахгүй хэмээх нь гэсэн битүүхэн таамаг байсныг тэрээр энэ бөөрөнхийлсөн үгээр үгүйсгэсэн гэхэд болно. Сэтгүүлчид  зөвхөн түүнийг Шадар сайдын албаа өгөх үү, үгүй юү гэдгийг л сонирхож байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн дарга Н.Батцэрэгтэй хэлэлцээрийн ширээний ард суусан гэдэг цор ганц шинэ мэдээ л дуулгав. Тэд өчигдөр хэд хэдэн удаа уулзаж ярилцаад өнөөдөр дахин хэвлэлийнхэнд мэдээлэл өгнө гэж амласан.

Шадар сайд Д.Тэрбишдагва хамгийн хариуцлагагүй мэдэгдэл  хийлээ гэдгийг үүнээс харж болно. Хэрэв, ямар нэг улс төрийн тогтворгүй байдал үүсвэл МАХН хариуцлага хүлээхгүй гэх нь тэр. Хууль, хяналтын байгууллагыг өөрийн хараат болгосон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуцлага хүлээх ёстой гэж хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болохоос шүүх, хуулийн байгууллагад нөлөө үзүүлдэг онцгой эрх дархтай нэгэн биш. Тэгтэл эрхэм сайдтан болоод түүний удирдан чиглүүлж байгаа МАХН улс төрийн тогтворгүй байдал үүсгэх нөхцөлийг хангалттай бүрдүүлээд буй нь тэдний засгаас гарна хэмээх мэдэгдэл. Нөгөөтэйгүүр шүүх бол бие даасан засаглал. Яагаад энгийн иргэд шүүгдэгчийн ширээний ард суудаг байхад Монгол Улсын Ерөнхийлөгч байсан гээд хийсэн хэргийг хараагүй мэт нүдээ аниад өнгөрүүлэх гэж. Зэрэг дэв, албан тушаал, хөрөнгө мөнгөөрөө илүү байлаа гээд шүүх яллахгүй орхих нь зөв, хуулиа хэрэгжүүлж, хариуцлага үүрүүлэхээр хэлмэгдүүлэлт болчихдог нь хачирхалтай.

МАХН-ынхан хамгийн эхлээд Үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг гэлээ. Тэр нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх гэж тайлбарлав. Хувь хүн, намын эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг гэж булзааруулав. Орон нутгийн сонгуулийг  шалтаг болгосон намын дарга Н.Энхбаярын шахаа маягтай Засгийн газраас гарна гэдэг сүрдүүлэг мэт үгийг улаан цайм хэлж буйг хэлцгээнэ. Засгийн газарт тэднийг урьсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнөөдөр Киргиз улсаас ирэхээр ярилцана хэмээв. Ярилцана гэдэг үг нь шахаанд оруулж, шантааж үзүүлнэ гэж байгаа мэт сонсогдох. Нэг  танхимд зэрэгцэн ажиллаж байгаа ИЗНН-ын дарга С.Оюунтай ярилцах юм байх. Бүр болохгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана гэж мэдэгдлээ дуусгаж, ямар ч асуултад хариулахгүйгээр гарч одлоо. Ийм л хариуцлагагүй мэдэгдэл Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайд хэмээх хариуцлагатай албан тушаалтны амнаас гарсан юм. 
0 Сэтгэгдэл
Монгол улс түүхэндээ 4 ерөнхийлөгчтэй. Тэд хаана явааг хэлье Очирбат гадаад дотоодын шуналтангуудтай нийлж, Монгол улсын минь бүх алтыг аваад талийсан, Багабанди Оюутолгойг тэврээд хэвтсэн хамгийн өндөр цалинтай сард 40 мянган доллар өвөртлөөд сууж байгаа, Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Оюутолгой, Тавантолгойг ард түмэндээ өгнө гэсэн Энхбаяр өргөст торны цаана байна. Бодмоор юм байна, сэрмээр юм байна
Хамгийн их уншсан