Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ ҮЕИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮД

Парламент өчигдөрхөн гурван гишүүнээр бүл нэмж, 74-үүлээ болов. Гурван өөр онцлогтойгоор тэд УИХ-д орж ирсэн. Нэг нь удтал шүүхдэж, маргалдан байж эцэстээ тохиролцоонд хүрч тангараг өргөсөн нь энэ. Харин нөгөө нь дахин санал хураалтаар сонгогдсон буюу таван сарын хугацаанд хоёр удаа сонгуульд өрсөлдөн байж ялалт байгуулсан экс гишүүн байлаа. Үлдсэн нэг гишүүнийг онцлохоос аргагүй. Намын жагсаалтаар сонгогдсон У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ татгалзсан учир түүний орыг залган парламентад суухаар болсон нэгэн. Тангараг өргөсөн шинэхэн гишүүдээс гурван өөр өнгө төрх харагдаж байв. Нэгэнт энэ удаагийн парламентын гишүүдийн тухай дурдсаных онцлогийг заавал гаргах нь зөв болов уу.
Маш сонин, содон бүрэлдэхүүнтэй парламент бүрдлээ гэдгийг анхнаасаа л ярьж, бичиж байсан. Парламентад цус сэлбэх хэрэгтэй байсан уу гэвэл тийм л гэх байх. Гэхдээ л баруун зүүнээ мэдэхгүй нөхдүүд төрийн түшээ гэгдэж дураараа дургиж болдог мэтээр хол эндүүрнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Зүгээр л телевизээр олон удаа гарч, сонин хэвлэлээр ямар ч сэдвээр хамаагүй ярилцлага өгч байвал гишүүн болсны хэрэг бүтэж байгаа гэж ойлгох болж. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар тэдний гол төлөөлөгч гэмээр.  Хүний зовлонгоор улс төрийн шоу хийж байсан нь хүмүүст таатай санагдаагүй л байлтай. Нэг ийм онигоо гарчээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордныг өдөртөө заавал бүтэн хоёр удаа тойрдог гэнэ. Түүний “аяллын” замд таарсан сэтгүүлчдээс дор хаяж 2-3 нь эрхэм гишүүнээс ямар ч хамаагүй сэдвээр заавал ярилцлага авдаг аж. Сонин хэвлэлд ярилцлага өгч, телевизээр өдөр бүр гарах гэж УИХ-д суудаг гэж ташаа ойлгоод байх шиг, эрхэм гишүүн. Хэн нэгэн хэвлэлийн бага хурал зарлах бүрт тэр шовойж суудаг гэхэд болно.
Барилгын ослоор бяцхан хүүхэд амь насаа алдсан явдлаас санаа авч, барилгуудыг шалгаж байна гэх нэрээр О.Баасанхүү гишүүн ганцаараа хэвлэлийнхнийг цуглуулж, хаа хамаагүй нэг байшинг очиж үзээд л, өмнө нь очиж ярилцлага өгөөд л явсан. Үүнийгээ УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хийж байгаа ажил гэж тайлбарлах сайхан халхавчтай болж. Дараа нь Байнгын хорооны хуралдаанаар ярьж байгаа зүйлээ ч ойлгохгүй, заавал хуулийн төсөл болгоно гэж  зүтгэж байв. Барилгын осол болоод гурван сар гаруй болж байна. Харин ингэж Байнгын хорооны хуралдаанаар шоудаад нэг сар гаруйн хугацаа өнгөрлөө тэдний ажлын үр дүн хаана байна вэ. Уг нь, юу юугүй л шийдвэр гаргаад барилгуудын зөрчлийг арилгуулах юм болж яараад байсансан. Таг чиг.
Гэтэл долоон настай хүүг хойд эцэг нь зодсон гэх дуулианыг эрхмүүд бас л зүгээр өнгөрүүлсэнгүй. Эрхэм гишүүн Ж.Батзандан хүүгийн хэвтэж, эмчлүүлж байсан эмнэлэгт очиж, телевизийн ярилцлага өгөв. Харин ийм асуудалд анхаарал хандуулах ёстой УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралд санаа зовинон юун тэр долоон настай хүүхдийн эрх манатай явсан.  
УИХ-ын гишүүн болно гэдэг заримд нь хууль, шүүхийнхнээс өөрийгөө хамгаалах арга гэж ойлгодог бололтой. Тусла­хуудаа золиослон байж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг олж авах гэж улайрсан жишээг харсаар сууна. Хууль тогтоох дээд байгууллагад орсноор түмэн олны төлөө ажиллах бус өөр зорилго өвөртөлсөн мэт харагдаад байгааг яалтай ч билээ. Өнгөрсөн дөрвөн жилийн турш УИХ-д ажилласан мөртлөө тийм ажил хийж, ийм хуулийн төсөл санаачилсан шүү, тэгж дуу хоолойгоо хүргэдэг байсан даа гэж гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл хийсэн экс гишүүн энэ парламентад цөөхөн байгаа нь харамсалтай. Ганц ч үг ганхийхгүй чив чимээгүй суусаар дөрвөн жилийг үдсэн эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн тэдний жишээ болно.     
Улсын дээд шүүх, Сон­гуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэв­ших боломжгүй гэж МАХН-ын хэд хэдэн хүнийг хасах шийдвэр гаргасаар байтал заавал парламент руу зүтгэх. Өөрсдийнх нь хуралдаж баталсан намын жагсаалтаар Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүн болох ёстой байтал Н.Энхбаярын хүү Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөс илүүтэй Төрийн ордонд байнга суудаг болохыг хүсэмжлэн зөрүүдэлсээр. Хэрвээ эксийн зөрүүд хүү парламентын бүрэлдэхүүнд ороод ирвэл яанаа гэсэн айдас, түгшүүр хаа сайгүй бий. Тэгвэл ч есөн шид нь бүрдсэн бүрэлдэхүүнтэй УИХ гэж түүхэнд тэмдэглэн үлдэх бололтой.
Эсрэгээрээ зарим ги­шүүн нь хуралдаа суухгүй ор сураггүй алга болдог. Пар­ламентын гишүүн болсноос хойш маш цөөхөн удаа УИХ-ын чуулганд сууж харагдсан Н.Номтойбаярыг юуны төлөө сонгуульд тэгж их мөнгө хаяж өрсөлдсөн юм бол гэж гайхах. Мөнгө үрэх гэж арга ядсандаа сонгуульд өрсөлддөг нэг инээдмийн киног ч санагдуулах шиг. Монголын төрийг арай ч тэгж тоглоом мэтээр ойлгоогүй байлгүй гэж найдъя.  Чуулган, Байнгын хорооны хуралдаанаа таслаад аль нэг байгууллагын ойн баярт шагнал гардуулаад сууж байсан тохиолдол ч бий. Бүлэг байгуулж чадаагүй МАН-ынхан нэг хэсэгтээ л гадаад, дотоодоор зугаалж, өдөр хоногийг өнгөрүүлж аргацааж байсансан.
Нэг иймэрхүү л дүр төрх харуулах парламентын зарим гишүүн нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй нь. Төр түшилцэх түшээ гэхээсээ хэн нь телелвизээр олон удаа ярилцлага өгч, сонин хэвлэлийн хуудас эзэгнэх вэ, хүмүүст хэрхэн таалагдах вэ, яавал заавал чуулганы танхимд суудал эзэгнэх вэ гэдэг уралдаанд оролцож байгаа мэт санагдах болов. Энэ бүхэн л парламентын шинэ дүр төрх болоод байна. 
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан