Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэтгэлцээнд урих моод
“Халз мэтгэлцээнд дуудаж байна” гэсэн өгүүлбэр сүүлийн хэдэн сар моодонд оров. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн ажил, гаргасан шийдвэр гэх мэт нь таалагдахгүй бол түүнд энэ өгүүлбэрээр гарчигласан урилга илгээдэг болж.
Манайд Ерөнхийлөгчийн болоод УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигчид, хоёр том намын дарга нар халз мэтгэлцдэг жишиг бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, УИХ-ын сонгуулийн үеэр Ц.Элбэгдорж, С.Баяр нарын хооронд анхаарал татсан мэтгэлцээн өрнөж байлаа. Үүнийг нь МҮОНТ-ээр шууд дамжуулан иргэд, сонгогчдод үзүүлж, “мэлмий, сонор”-ыг нь мялаана. Энэ утгаараа улстөрчид олон нийтийн өмнө мэтгэлцэх нь шинэ зүйл биш юм. Гэтэл сүүлийн үед хэн нэгэн албан тушаалтны хэлсэн, хийсэн зүйл нь бусдад таалагдахгүй бол халз мэтгэлцээнд дуудагдах болов.  
Өнөөдрийн байдлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтаас, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж улс төр судлаач Л.Эрдэнэтуул, “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн А.Одончимэг нараас олон нийтийн өмнө халз мэтгэлцэх урилга хүлээн авчихаад байгаа. Гэхдээ одоогоор урилга хүлээн авагчид мэтгэлцэх эсэх тухай хариугаа өгөөгүй л яваа. Олон нийт ч тэднийг мэтгэлцэх болов уу, яах бол гэж чих тавин сууна.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарыг халз мэтгэлцээнд урих шалтгаан нь хийж буй ажил, хэлсэн үгтэй нь холбоотой. Тодруулбал, Монгол Улсад хууль эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь давалгааг эхлүүлж, энэ салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг өөрчлөхөөр хийж буй Хууль зүйн сайдын ажлыг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт шүүмжилж буй. Тэрээр хууль зүйн салбарын шинэчлэлийн ажлыг буруу зүйлээс эхэллээ гэж байгаа юм. Түүний хэлснээр бол эхлээд хууль хяналтын байгууллагын хүний эрхийг зөрчиж гаргасан шийдвэрүүдийг судлаж, тэрний дагуу шийдвэр гаргаж, хууль тогтоомжийг өөрчлөх ажлыг хийх ёстой гэнэ. Тиймээс Х.Тэмүүжин сайдыг хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар халз мэтгэлцээнд урьсан.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө “МАХН бол ширгэж буй шалбааг” гэж тодорхойлсон нь халз мэтгэлцээнд дуудах шалтгаан болов. Түүнтэй өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, шинэчлэл, хэлмэгдүүлэлт, Ж.Баатар генералын хэрэг зэрэг асуудлаар халз мэтгэлцэх саналтай байгаагаа урилга илгээгчид илэрхийлсэн юм. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид илгээсэн урилгадаа “Та ард түмний нэг хэсэг болох МАХН-ын олон мянган гишүүн, дэмжигчийг доромжлон эмзэглүүлсэн олон үгийг чулуудаж, өнөөгийн нийгэм, улс төрийн ээдрээт нөхцөл байдлын талаархи хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн гэж ойлгож байна. Бид ч өөрсдийн гэсэн үзэл санаатай байгаа учир олон нийтэд бодит дүгнэлт хийх боломж олгох, мэдээлэл хүргэх хамгийн шударга хэлбэр болох шууд мэтгэлцээнд урьж байна” гэжээ.
Онолоос үзвэл мэтгэлцээн бол дэвшүүлсэн тухайн сэдвийг нотлох тал дэмжих ба эсрэг тал нь няцаах тодорхой хязгаарлалт, загвар бүхий нотолгоо дэвшүүлэх тэмцээн. Суралцах, үнэнийг баримтлах, бусдыг хүндэтгэх гэсэн гурван зарчимтай аж.
Сарын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэтгэлцсэнийг уншигчид маань санаж буй байх. Энэ сэдвээр мэтгэлцэх санааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар гаргаж, дээрх гэрээнд гарын үсэг зурсан тухайн үеийн Сангийн сайд С.Баярцогтод урилга илгээсэн. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатай эсэх тухай маргаан нийгэмд өрнөж буй учраас олон түмэн ч тэдний мэтгэлцэх өдрийг хоног тоолон хүлээж, мэтгэлцээнийг нь анхааралтай ажиглалаа.
Гэвч мэтгэлцээн олон хүний санаанд нийцээгүй гэхэд болно. Дээрх гурван зарчмаар бол мэтгэлцэгчид Хөрөнгө оруулалтын гэрээний тухай үнэнийг олон нийтэд хүргэх байв. Гэвч тэдний мэтгэлцээн олон таавар үлдээн, эргэлзээ төрүүлж орхилоо. Жишээ нь, ард түмэн Монгол Улсынхаа хоёр дахь саалийн үнээ болсон Оюу толгойгоо хэдээр үнэлж буйг мэдэж чадсангүй. Хөрөнгө оруулалтын гэрээ монголчуудад хэрхэн ашигтай байж, ямар эрсдэл дагуулахын тухайд бүр ч эргэлзүүлэв. Мэтгэлцээний явцад эрхэм гишүүн С.Баярцогт олон нийтийн өмнө “довтлогч”-оо байн байн “мэдээлэлгүй”, “мэдлэггүй” гэж тодорхойлох нь бусдыг хүндлэх зарчимд нийцээгүй. Энэ мэтээр тэдний мэтгэлцээний үед дээрх гурван зарчим мөрдөгдсөнгүй. Ямар ч байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар ард түмний өмнөөс мэтгэлцэх мөрөөдлөө биелүүлээд өнгөрлөө. Дараа нь тэрээр мэтгэлцээний үеэр С.Баярцогтоос Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ард түмний мэдэхийг хүссэн 25 асуулт асууж амжсан боловч хариу авч чадаагүй гэж гомдоллонгуй ярьсан.
Үүний өмнөхөн буюу орон нутгийн сонгуулийн үеэр Баянгол дүүргийн АН-ын зарим нэр дэвшигчийг МАН-ынхан халз мэтгэлцээнд дуудав. Тэд тус дүүргийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдээс 12 нь УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн ар гэрийнхэн, ах дүү хамаатан садан байна хэмээн олон нийтэд зарлаж, дүүргээ хөгжүүлэхийн төлөө хийх гэж буй ажил, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцье хэмээн урилга илгээсэн юм. Гэвч товлосон өдрөө МАН-ын нэр дэвшигчдийг АН-ынхан болзсон газраа ирж удтал хүлээсэн. Гэвч тэд ирээгүй.
Энэ мэтээр халз мэтгэлцээнд дуудаж байна гэсэн үгийг улс төрийн хүрээнийхэн моод болгож, харин хэрэгжүүлэхдээ хойрго хандаж байх шиг ээ. Тэгээд ч хийсэн ажил, хэлсэн үгийнхээ төлөө халз мэтгэлцэх урилга авна гэдэг нэг л оновчгүй мэт.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан