Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

200 тэрбум төгрөгийн бонд гаргаснаар 25 мянган ажлын байр бий болгоно
Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход 140.4 тэрбум төгрөг, арьс ширэн түүхий эдээ боловсруулах үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчны урамшуулалд 59.6 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргаж арилжаалах тухай тогтоолын төсөл юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, ноос, ноолуур үйлдвэрлэгчдийг дэмжихээр гаргасан 300 тэрбум төгрөгийн бондын үр дүн хэр зэрэг байгаа, одоо гаргах гэж байгаа бондын үр дүн хэдийд гарахыг тодруулсан юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, “Өмнө нь гаргасан 300 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан 300 тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд, 100 тэрбум төгрөгийг ноолуурын үйлдвэрлэлийг дэмжихэд, 40 тэрбум төгрөгийг ноосны үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан байна. Жилдээ ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид 700 тн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 20 хувийг л ашигладаг байсан бол 2012 онд өмнөх жилийнхээс гурав дахин их буюу 2168 тн ноолуур бэлтгэн, хүчин чадлынхаа 50 хувийг ашиглах болжээ. Түүнчлэн 1540 ажлын байр бий болсон юм байна.
Ноосны салбарт ч маш том ахиц гарсан” гэв. Жилд үйлдвэрлэл эрхлэгчид 4000 тн ноос худалдан авдаг байсан бол ноосны урамшуулал, зээлийг олгож эхэлснээс хойш 16.400 тн ноос бэлтгэжээ. 2012 онд 103 малчинд 29.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Мөн хөдөө орон нутагт ноос угаах зургаан үйлдвэр баригдаж эхэлжээ. Бондыг яаралтай гаргах гэж буй шалтгаан нь мах бэлтгэл эхэлж буй 11, 12, 1 дүгээр сард арьс, ширний 70 хувийг бэлтгэдэг юм байна. Тиймээс арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэн гадагшаа гараад явчихдаг түүхий эдийг тогтоох зорилготой гэдгийг салбарын сайд онцолсон юм.
Харин энэ удаагийн гаргаж байгаа бондын үр дүнд 25 мянган ажлын байр бий болно гэсэн судалгааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас гаргаад байгаа ажээ.  Гэхдээ эцсийн үр дүн 2016 онд гарна гэв. Ийнхүү бондын талаар хэлэлцээд ажлын хэсэг байгуулж дахин хэлэлцүүлэхээр түр хойшлуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан