Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШИНЭ ЦАГИЙН СЭТГҮҮЛЗҮЙ УХРАХ УУ, УРАГШЛАХ УУ...

Миний өмнө Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байна. Монголд орчин цагийн шинэ сэтгүүлзүй үүсч хөгжсөний 100 жилийн босгон дээр энэ хуулийг шинэчлэн найруулж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хоёр дахь удаагаа оруулж ирлээ. Манай улс ардчилал гарснаас хойш дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд хамааралтай хуулийг анх 1998 онд баталж байсан. Тухайн үед энэ хуулийг хоёр жил гаруй ярьж, хэлэлцсний дүнд гаргаж байсан аж. Түүнээс хойш өнөөг хүртэл энэ хуулиар явж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгдэж, тэр хэрээр өрсөлдөөн бий болж, зах зээл нь ч хамаагүй өөр болоод буй. Тиймээс цаг үеэ олж мэндлэх гэж буй эл хуулийг өлгийдөн авах гэж байгаадаа сэтгүүлч бид баяртай байгаа ч сэтгэл гойнсойлгосон заалт бас байна. Дөрөв дэх засаглалынхан бид бусдын эрх ашиг, сайн сайхны төлөө цаг үргэлж явдаг хэр нь өөрсдийнхөө төлөө дуугардаггүй сонин зуршилтай улс.

Гэвч энэ удаа үзгээ авахаас өөр арга байсангүй. Учир юу гэвэл, дээрх хуулийн төслийн наймдугаар зүйл заалтууд өрөөсгөл болжээ. Өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд цаанаа эзэнтэй, эзэд нь бүгдээрээ улстөрчид. Улс төрийн ашиг сонирхолдоо ашиглах зорилгоор телевиз, сонин, цахим хуудастай байдаг гэсэн ойлголт олны дунд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй ч сэтгүүлч эзэнтэй байгууллагууд олон байгааг мартаж болохгүй юм.  Хэрэв энэ хуулийн дээрх зүйл заалтаар явбал эдгээр эзэн сэтгүүлчид өдөр тутмын үйл ажиллагаанаасаа холдож,  редакциа удирдлагаар хангаж чадахаас болих нь байна. Хэдийгээр энэ хууль нэг талдаа улстөрчдийн шууд оролцоог хэвлэл мэдээллээс тусгаарлаж өгөх ач холбогдолтой ч нөгөө талдаа мэргэжилдээ дуртай, хайртай, хэдэн сэтгүүлчид хохирч мэдэх хор нөлөө дагуулах нь.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн уг хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгчийг олон нийтэд зарлана.  Хэрэв өмчийн эзэн солигдвол түүнийгээ тухай бүрт нь мэдээллийн хэрэгслээр дамжуулан ил мэдээлнэ гэх зэрэг сайшаалтай заалт байгаа. Угаасаа дөрөв дэх засаглал улс төрөөс ангид байх ётой. Тийм ч учраас энэ хуулийн анхны хэлэлцүүлгийг дээрх байнгын хороогоор хийх үед төсөл санаачлагчдын нэг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн бие даасан байдлыг хангах үүднээс энэ хуулийн төсөл дэх наймдугаар зүйлийн 1-3 хүртэлх заалтыг бүхэлд нь татан авах санал гаргаж байна” гэхэд хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нэлээд маргаан шүүжлэл үүслээ.  Уг хассан гээд байгаа заалтад редакцын эздээс хараат байх зарчим туссан байж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат “Энэ хуулийн төсөл дэх наймдугаар зүйлийг бүхэлд нь татан авснаар цаашид төслийг хэлэлцэх боломжгүй болголоо.

Уг хууль өөрөө дотоод зөрчилтэй болчихлоо. Ийм зөрчилдөөнтэй байдлаар шийдэж болохгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл эздээс хараат байх ёстой гэсэн заалтыг яагаад татаж авч байгаа юм бэ. Уг хуулийн гол амин сүнс нь энэ шүү дээ” гэхэд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа “Хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийн мэдээллийн хэрэгсэл. Түүний удирдлага нь сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс олон байна. Тэд өөрөө сэтгүүлчийн хөдөлмөрөө хийгээд явж байхад нь ийм зүйл заалт оруулж өгөх нь хатуудаж байгаа учир хассан. Энэ зүйл заалтыг хаслаа гээд уг хуулийн төслийн гол утга санаа алдагдаагүй. Мэдээллийн эх сурвалжаас эхлүүлээд одоогийн байгаа хуульд байхгүй цоо шинэ эерэг заалт олон бий” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Сүүлийн өдрүүдэд миний нэрийг дурьдсан ил захидал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа явсан. Сэтгүүлч хэр нь редакцаа удирдаад явж байгаа хүн гэнэт редакц  руугаа орж болохгүй гээд хуульчилчихвал хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс ажлын хэсэг дахин хянаж үзэх хэрэгтэй учир хойшлуулах саналтай байна. Бид дэлхий нийт ямар зарчмаар явж байна, тэрүүгээр л явах ёстой. Энэ хуулийн төсөлд заасан зарим зүйл заалт хаана ч байдаггүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогт “1998 онд батлагдсан хуулиас одоогийн энэ төсөл нэлээн сайжирсан байна. Ажлын хэсэг долоо хоног хуралдаж, алдаагаа засч сайжруулаад дахиж оруулж ирэх хэрэгтэй” гэв.

Ингээд гишүүдийн олонхийн саналаар уг хуулийг хойшлуулсан юм. Эл хуулийн төслийн санаачлах ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг “Ажлын хэсгийн буруугаас болж энэ хууль унаж байгаа мэтээр ярьж байгаад маш их харамсч байна. Гэхдээ хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүлзүй хөгжихийн гол үндэс нь редакц байдаг юм билээ.Тиймээс зарим зүйл заалтын талаар ажлын хэсэг дахин ярилцана” гэсэн юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан