Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН & АВТОМАТ МАШИН

Гурван шатны сонгуульд анх удаа автомат машин ашигласан нь Монгол Улсын хувьд маш том дэвшил байв. Автомат машины ачаар сонгуулийн хэсгийн хорооны дарга нар аль нэг улс төрийн намд үйлчлэхийн тулд саналын хуудас хийсэн хайрцгийг авч зугтсангүй. Сонгогчийн өмнөөс саналын хуудас бөглөх оролдлого ч гаргасангүй. Энэ мэт сонгуулийг санаатайгаар будлиантуулдаг үйлдлийг таслан зогсооход автомат машин гол үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Автомат машин ашигласнаар саналын хуудас тоолж, боловсруулалт хийх мэтээр цаг хугацаа алдахгүй, сонгуулийн нэгдсэн дүнг цөөхөн хоногт багтаан нэгтгэж, олон нийтэд мэдээллэх гээд давуу тал олон.

УИХ болон НИТХ-ын сонгуулийн тухай болон Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өмнөх хууль тогтоох дээд байгууллагын түшээд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан нь мэдээж, автомат машинтай холбоотой. Мөн монголчууд ирэх онд төрийн тэргүүнээ сонгох учир УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  
Ингэж сонгогчийн санал авах, тоолох автомат машинаас болж өмнө нь хэрэгжүүлж байсан хуулиуддаа өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах мэтээр гарах хүрэх шаардлагагүй гэж үзэх улс төрийн хүчин ч бий. МАН-ынхан гэхэд УИХ, НИТХ-ын ээлжит сонгуулиас хойш л автомат машинд гомдож, эргэлзэж буйгаа илэрхийлсээр ирсэн. УИХ дахь тус намын гишүүд эргэлзээгээ тайлахын тулд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд автомат машин ашиглахгүй байя гэсэн санал ч гаргаж байлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хоёр хоногийн өмнө болсон хуралдааны үеэр тэдний гаргасан энэ санал багагүй маргаан өрнүүлсэн юм.

УИХ-ын Ж.Энхбаяр “Монгол хүн юмыг гараараа мэдэрч байж итгэдэг. Өмнөх хоёр сонгуулиар бий болсон эргэлзээгээ тайлахын тулд саналын хуудсыг гараар тоолсон нь дээр” гэсэн бол Н.Энхболд, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар ч түүний санааг давтсан үг хэлнэ билээ. 

Тэдний хэлсэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нар санаатайгаар сонгууль буд­лиантуулдаг үйлдлийг зогсоох гэж л автомат машин ашиглаж байгаагаа тайлбарлаад, “иргэд эргэлзэж байна” гэдэг үгийг өөрсдийнхөө эрх ашгийн өмнөөс хэлж болохгүй шүү гэж МАН-ын гишүүдэд анхааруулсан. Тодруулбал, Р.Гончигдорж “Та нар хувийн ашиг сонирхол шингэсэн эргэлзээгээ ингэж хамаагүй гаргаж болохгүй. Ард түмэн та бүхнийг харж, сонсч байгаа. Гэнэтхэн иргэд автомат машинд эргэлзэж эхэлбэл та бүхний буруу шүү. Яагаад гэвэл ийм эргэлзээ, ухралыг бий болгох шат болно. Та нар үүнийг тавьж байна” гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Тэгвэл иргэдийн дундах эргэлзээ, тээнэгэлзээг арилгахын тулд хяналтын тооллого явуулах хэсгийн хорооны тоог нэмэх шаардлагатай” гэсэн санал гаргаад, АН-ынхан бүх зүйлд мөлхөө маягаар түрэмгийлэл хийж, асуудалд хандахаа зогсоох хэрэгтэй гэж шүүмжлэв.
Ямартай ч, МАН-ынхан сонгуульд автомат машин ашиглах тун дургүй байгаа. Орон нутгийн сонгуулийг ч гараар тоолъё гэж, Монголын сонгуулийн системд бий болгосон дэвшлээс ухрахыг хүсч байлаа. Мэдээж, энэ нь сонгуулийн дүн, ялагдалтай нь холбоотой. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр өвдөг шороодсон шалтгаанаа автомат машинаас л боллоо гэж тайлбарлаж байгаа. Ер нь, техник, технологи хөгжсөөр байгаа өнөө үед тооны машинаар аливааг боддоггүй хүн цөөн. Автомат машин ч тооны машинаас ялгаа байхгүй. Тэгвэл ардын намтангууд тооны машинд ч бас итгэдэггүй бололтой. МАН-ынхан болдогсон бол үзэг, цаас өмнөө тавьчихаад УИХ, НИТХ, аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн бүх саналын хуудсыг гараар дахин тоолчих юмсан л гэж бодож яваа нь гарцаагүй. Тэгж монгол хүн гараараа мэдэрч байж л сонгуулийн дүнд итгэх юм гэсэн шүү. Гэхдээ энэ чинь хэдэн он, хэддүгээр зуун билээ гэдгийг ч тэдэнд сануулмаар. Автомат машиныг УИХ-ын дарга З.Энхболд хувийн компани Монголд оруулж ирсэн гэж хэлснээсээ болж НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ хүн гүтгэж, худал мэдээлэл түгээсэн гэмт хэргийн сэжигтнээр хүртэл татагдсан удаатай. Ингэж автомат машиныг үзэн ядсанаас болж намын залуу боловсон хүчин нь шорон руу ч ачигдах шахав. 

Тэдний хэлснээр автомат машин сонгуулийн дүнг үнэхээр худлаа гаргасан юм бол өдгөө парламентад сууж буй нэг эвсэл, хоёр нам, бие даагчдын төлөөлөл хууль бусаар, луйвраар сонгогдсон байх нь. Дээрх мэтээр МАН-ынхан өнгөрсөн зургаан сарын турш автомат машинд л дургүйгээ илэрхийлж, улс төр хийлээ. Энэ байдлаас харвал, МАН-ынхан ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялагдвал техникийн хөгжилд дэвшлийг үгүйсгэж, бас л автомат машиныг үзэн ядах нь бололтой.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан