Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛЫН ТАЛААС ШАТАХУУНЫ ҮНЭЭ БУУРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит 16 дугаар хуралдаан хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийлээ. Хуралдааныг Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва, Оросын талын тэргүүн, ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской нар даргалсан юм. Дэд комиссууд ч салбар тус бүрээр хуралдсан байна. Энэ удаагийн хуралдаанаар хоёр талын хамтын ажиллагааны асуудал болон хамтарсан үйлдвэрүүд, түлш эрчим хүч, эрдэс баялаг, газар тариалан,  тээвэр барилга, байгаль орчин, боловсрол шинжлэх ухаан, хилийн шалган нэвтрүүлэх  боомтын  үйл ажиллагаа болон  манай улсын нутаг  дэвсгэр дэх  Оросын үл хөдлөн хөрөнгийн тухай хэлэлцжээ. 

Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс онцгой үүрэгтэй гэдгийг хуралдааны үеэр талууд онцолж байв. Хойд хөршийнхөн төмөр замын төсөлд хамтран оролцох хүсэлтээ илэрхийлж, цаашид ч хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа дуулгасан юм. Харин манай тал газрын тосны хэрэглээгээ 100 хувь ОХУ-а0ас хангадаг. “Роснефть” компани манай улсад бүтээгдэхүүнээ бусад улстай нийлүүлж буй нэгж үнээс 200-300 ам.доллараар илүү үнээр өгч байгаа гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс энэ үнээ бусад улс оронтой нийлүүлдэг үнэтэй дүйцүүлж, цаашид бууруулна гэдэгт найдаж буйгаа Шадар сайд Д.Тэрбишдагва илэрхийллээ. Мөн Монгол Улс газрын тосны үйлдвэр барина. Оросын талыг үүнд туслаж, хамтарч ажиллахыг хүсч буйгаа ч хэлэв. Усан цахилгаан станц барих, дэд бүтэц барилгын салбар “100 мянган орон сууц” төслийн хүрээнд хамтран ажиллах санал ч тавьсан юм.   

Хуралдааны төгсгөлд хоёр талын комиссын дарга нар протоколд гарын үсэг зурж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Засгийн газар хоорондын комиссын Монголын талын тэргүүн Д.Тэрбишдагва ”Хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хооронд бүх талын хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа. Хэлэлцээрийн үеэр хөндөөгүй сэдэв байхгүй. Сүүлийн жилүүдэд хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгаа боловч санасан хэмжээнд хүрэхгүй байна. Хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх  чиглэлээр хамтран ажиллахаар онцгойлон санал солилцлоо. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаанд ялгаа байна.

ОХУ, Монгол Улс  Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд харилцан бараа солилцоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хамтарсан үйлдвэрүүдийн талаар санал солилцож гэрээнд тусгалаа. Монгол дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар тодорхой дэвшил гарлаа. ОХУ-аас Монгол Улс жил бүр нэг сая орчим тонн нефть бүтээгдэхүүн авдаг. Үүнийгээ 2-3 сая тонн болгох чиглэлээр санал солилцож, үнийн асуудлыг ч хөндсөн. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа. Оюутны тоог нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, байгаль орчин, эрчим хүч, уул уурхай, төмөр замын салбар гээд олон чиглэлээр санал бодлоо солилцсон. Уулзалт, хэлэлцээр амжилттай боллоо. Протоколд зурсан бүх асуудлыг ажил хэрэг болгохын төлөө холбогдох бүх байгууллага онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байна” гэв.

Харин Оросын талын комиссын тэргүүн С.Е.Донской “Энэ жил ОХУ-д ч, Монголд ч Засгийн газар шинэчлэгдлээ. Монголын талын нөхөдтэй танилцаж, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцахад таатай байлаа. Хоёр талын хамтын ажиллагааны хэтийн төлөв ирээдүйтэй байна. Энэ 2012 онд Орос-Монголын эдийн засгийн харилцаа ахицтай байж оны төгсгөл гэхэд хоёр орны худалдааны эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрнэ гэсэн төлөвтэй байгаа. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгаснаар бараа эргэлтийг 3 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүллээ. Уул уурхай, тээвэр, хамтарсан тусгай хамгаалалттай байгалийн нөөц газрууд байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ” гэв.

Хуралдааны үеэр Монголын талын тэргүүн Д.Тэрбишдагва хоёр улсын худалдааны эргэлт нэг тэрбум 768 сая ам.доллар болж өссөн ч тэнцвэргүй байдал бий болсныг онцолж байв. Үүнийг Оросын тал ч хүлээн зөвшөөрч сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ 2012 онд Монголоос ОХУ-д нийлүүлж байгаа жоншны үнийн уналт худалдааны тэнцвэргүй байдалд нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Оросын төмөр зам компанийг Таван толгойн орд газрыг ашиглах, Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөтгөх төслүүдэд оролцуулах, ураны хүдэр хайх, олборлох, боловсруулах, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр зэрэг төслийг эхлүүлэх саналыг Оросын талаас тавьжээ. Мөн хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, ОХУ-ын “Ренова” компаниас Улаанбаатарын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлд зориулж турбин нийлүүлэх гэрээ байгуулах зэрэг асуудлыг ч хөндсөн юм. 

Улаанбаатар дахь Ленин клубийн барилга Оросын мэдлийнх. Гэтэл энэ нь Монголын талын өмчлөлд шилжсэн нь Оросын талынхны сэтгэлийг эмзэглүүлжээ. Тиймээс ч тэд өмчлөлдөө эргүүлж авах хүсэлтэйгээ хуралдааны үеэр илэрхийлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан