Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төр түвшин, түмэн олноо амгалан байлгахад улс төрийн намууд ажиллах хэрэгтэй гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа  хийлээ.  Энэ өдрийн хурал   энэ оны хамгийн сүүлийн хурал гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцолсон юм. Тэр утгаараа бүлгийн гишүүд энэ оны ажлаа дүгнэхийн зэрэгцээ  ирэх онд  ямар ажлуудыг хийх талаараа санал бодлоо солилцжээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 2013 оны амин чухал асуудлыг шийдвэрлэх гол хуулийн төслийг санаачилж, ирэх оны эдийн засгийг өөд нь татах, иргэдийнхээ амьжиргааг зөв чиглүүлэх, ажлын байртай байлгах бүтээн байгуулалтын хууль тогтоомжийг баталж чадсанаараа онцлог байлаа гэв. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 186 хууль, тогтоолыг баталсан гэнэ. 2013 он бидний хувьд их ажлын жил байх болно хэмээн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат өгүүлсэн. Түүнчлэн Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд ирэх онд  хоосон улстөржихөөс илүүтэй бодлого, оюунаараа өрсөлддөг тийм талбар луу явах ёстой хэмээв.  
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулийг баталсан явдал нь хамгийн чухал алхмын нэг болсон. УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсны бүлэгтэй болсонд баяр хүргэх ёстой гэдгээ ч АН-ын гишүүд бүлгийнхээ хурлаар ярилцжээ.
АН-ын бүлгийн гишүүд хамгийн гол нь төрөө түвшин, ард олноо амгалан байлгахад улс төрийн намууд бодлогоороо уралддаг энэ чиглэл рүү маш түлхүү явах хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Тэрчлэн ирэх оноос эхлэн  Төрийн эрхзүйн шинэчлэлийг  хийхэд анхаарлаа хандуулж ажиллана гэлээ.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэтгэлийн тухай, Шүүгчдийн орон тоог батлах тухай багц хуулийн төсөл байж. Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталтал цаг хугацаа шаардана. Тиймээс Ерөнхийлөгчөөс санаачлан УИХ-аас баталсан лиценз олголтыг түр зогсоох тухай хуулийн хэрэгжих хугацааг дахин сунгах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаагаа бүлгийн гишүүд онцолжээ. Эл хуулийн хэрэгжих хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох юм байна. Тиймээс шинэ оноос өмнө энэ хуулийн хэрэгжих хугацааг сунгах нь зөв гэж үзсэн байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан