Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ 140 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДООР ДЭМЖИХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа уг төсөлд арьс шир боловсруулж буй үндэсний үйлдвэрүүдээ хөл дээр нь босгохын тулд 140 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай зээл хэлбэрээр олгохоор, үлдсэн 60 тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрт малынхаа арьс ширийг тушаасан малчдад олгохоор төлөвлөсөн аж. Өөрөөр хэлбэл, бод малын шир 15000, бог малын арьс тушаавал 3000 төгрөгөөр урамшуулах юм.

Малчдад олгох урамшууллын мөнгийг 2013 оны төсөвт тодотгол хийж, дараагийн жилүүдэд нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг шууд тусгаад явах юм байна. Түүнчлэн бондын хүү долоон хувиас хэтрэхгүй байхаар зааж өгчээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга бог, бод малын урамшуулалд олгох мөнгийг ямар тооцоо үндэслэлтэйгээр гаргаж буйг асуухад ҮХАА-н сайд Х.Баттулга “Одоогийн байдлаар бод малын ширний үнэ нь дунджаар 30000-38000 төгрөг байгаа. Үүнийг худалдаж авдаг ченжүүдийн ажил зогсоход үнэ унаж мэднэ.Тиймээс одоогийн ханшнаас 50 хувиар унана гэж тооцоолоод уг үнийг гаргасан” хэмээн хариулав. Гэтэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Тэмээ ховор байгаа учраас үүнд оруулалгүй адуу, үхрийн ширийг авъя” гэв. Гишүүд багагүй хугацаанд маргалдсаны эцэст энэ асуудлаар санал хурааж, тэмээг хасахаар болов.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Арваннэгдүгээр сард ихэнх малчид идшээ бэлдээд, арьс ширээ ченжүүдэд тушаачихдаг. Энэ нөхцөлд малчид урамшуулал авах бололцоо муу байна. Мөн “Хүний хөгжил сан”-г санхүүжүүлэх хүрээнд саяхан Засгийн газарт бонд гаргах эрхийг УИХ-аас өгсөн боловч өнөөдрийг хүртэл худалдаж авах газар олдохгүй байна. Ийм төвөгтэй нөхцөлд бондын хүү долоон хувиас хэтрэхгүй байна гэж заасан нь бодит байдалтай нийцэхгүй байна” гэлээ.  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Бондын хүүгийн төвшинг тогтоох шаардлагатай байгаа. Тиймээс долоон хувь гэж тогтоосон” гэсэн юм.
Харин энэ асуултад Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Арванхоёр, нэг, хоёрдугаар сард мал нядалгаа хийдэг. Тиймээс арьс, шир малчдын гарт байх боломжтой” гэлээ. Малын арьс шир боловсруулдаг үндэсний үйлдвэрийн жагсаалтыг гаргачихсан. Түүнд ганцхан Италийн хөрөнгө оруулалттай үйлдвэр багтсан. Энэ үйлдвэр техник технологийн бүрэн шинэчлэл хийсэн. Дээр нь, Монголын Италид төлөх ёстой өрийг бүрэн цайруулсан байдаг учраас энэ бүхнийг бодолцож багтаасан. Үн­дэс­ний үйлдвэрүүддээ хөн­гөлөлттэй зээл олгосноор техник технологио шинэчлэх боломжтой болно. Мөн малчдын үндэсний үйлдвэртээ тушаасан арьс, ширэнд урамшуулал олгосноор түү­хий эдээр гачигдахгүй. Одоо­гийн тогтолцоогоор чен­жүүд малчдаас үнэ цохиж арьс шир цуглуулж аваад, үн­дэсний үйлдвэрүүд түүхий эддээ тааруулаад 2-3 сарын хугацаанд л ажиллаж байна. Харин эдгээр дэмжлэгийг үзүүлснээр эргээд үндэсний үйлдвэрүүд жилийн турш ажиллах бололцоо бүрдэнэ. “Дархан нэхий”, “Дархан минж” зэрэг компанийн хувьд 4-6 сая нэхий боловсруулах хүчин чадалтай байгаа” гэлээ.

Арьс ширний үйлд­вэр­лэлийн урамшуулал ноос­ных­той адил тухайн малчны нэрийн дансанд орох аж. Цаашид сум бүрт хоршоо бай­гуулахаар төлөвлөөд бай­гаа юм байна. Арьс шир боловсруулдаг үндэсний үйлдвэрүүдэд өгч буй 140 тэрбум төгрөгийн 13-ыг нь байгальд ээлтэй технологид, 110-ыг нь эргэлтийн үндсэн хөрөнгөд, хоёрыг нь хаягдал боловсруулахад, үлдсэн 15 тэрбум нь эцсийн үлдэгдэл юм байна. Түүнчлэн арьс ширний үйлдвэрүүдэд шинэ суурьшлын бүс тогтоож, хотоос гаргахаар болжээ.

Эцэст нь, энэхүү Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөв­шөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг дэм­жиж, анхны хэлэлцүүлэгт бэлт­гүүлэхээр УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан